Сибирийн түймрийн утаа Монголыг бүрхэж буйг NASA мэдээллээ
Сибирийн ойн түймрийн утаа Улаанбаатарыг бүрхээд байна. Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртэл шатаж байгаа уг түймрийн хамрах хүрээ гурван сая гектар талбайд хүрсэн нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг мэдээлж байна. Түймрийн хүрээ хойд талдаа Якут, Ханты Мансийск хүрч байгаа гэнэ.
ОХУ-ын онцгой байдлын яам Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Краснодарын хязгаар болон Буриад улсын нутгийн зарим хэсэгт онц байдал зарлажээ.
Түймрийн утаа Новосибирск, Екатеринбург, Томск, Кемерово хотуудыг бүрхэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн байна.
Долдугаар сарын 13-наас хойш утаан дунд байгаа Красноярск хотод нөхцөл байдал хүндэрч, цусны даралт нэмэгдэж, толгой өвдсөн хүмүүс эмнэлэгт ирэх нь нэмэгдэж байгааг мэдээлжээ.
Оросын хотуудын оршин суугчид хэд хоногийн өмнөөс Сибирьт онц байдал зарлаж, гал түймрийг унтраахыг эрх баригчдаас шаардаж change.org сайтад хөдөлгөөн өрнүүлсэн нь одоо 700 гаруй мянган хүнийг нэгтгээд байгаа аж.
ОХУ-ын Сибирьт шатаж буй түймрийн утааны тархалтыг АНУ-ын сансрын агентлаг NASA хиймэл дагуулаас авсан зургаар үзүүлжээ. Хиймэл дагуулын үзүүлснээр түймрийн утаа Сибирь, Алс Дорнодыг бүрхэж, цаашлаад АНУ, Канадын чигт нүүжээ. Мөн Монгол Улсын хойд хэсэг Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт хүрснийг харуулсан байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL: