Х.Нямбаатарын сонгуулийн шоу хүний амийг авч одлоо
-Хүний нутагт амиа алдсан талийгаачийн цогцсыг эх нутагт нь авчирч сэлэнгэд нутаглуулжээ-
УИХ-ын ээлжит сонгууль ирэх жил болно. Түүнээс урьтаж гишүүд мартсан тойргоо гэнэт санаж, иргэдийг элдэв зугаа цэнгэл, уралдаан, тэмцээн, эмч, эмнэлгээр даллаж эхэлжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд бусад гишүүдээ манлайлж тойргийнхоо ард иргэдэд хайр зарлаад эхэлжээ.
Тухайлбал, тус дүүргээс сонгогдсон Н.Учрал гишүүн сар гаруйн өмнө Тэрэлжид байрлах жуулчны бааздаа тойргийнхноо буюу тус дүүргийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг аваачиж амраасан. Харин саяхан буюу өнгөрсөн сарын 23-нд Х.Нямбаатар, Ц.Гарамжав нар мөн л тойргийнхоо хороодоос тус бүртээ 120 хүнийг 4 автобусаар Улан-Удэ, байгаль далайд амраахаар үджээ. Автобустай аялалд нь дандаа л өөрийнх нь ойр тойрны, дараагийн сонгуулийн ажилд нь тус дэм болох хүмүүс, тэдний шадрууд багтжээ.
Харамсалтай нь амарч, зугаалж явахдаа “зам хурдлуулж”, “ам халаадаг” зарчмаар архидалт өрнөж, бас ч үгүй Байгаль далайн эрэгт үнэ, төлбөргүйгээр зугаацаж байгаа хүмүүс сархадыг сайтар зооглосон тухайг эх сурвалж бардам гэгч өгүүлж байв.
Арга ч үгүй биз. Эрхэм гишүүд чамгүй их хөрөнгө мөнгө гаргасан учраас ингэж олноор нь аялуулж, зугаалуулж, тансаглуулсан юм чинь бардамнахаас яахав. Ямартай ч мөнгөөр зодож ирэх жилийн сонгуульд санал авахаар зэхэж буй тэд энэ их мөнгийг хаанаас гаргав, ямар санхүүжилтээр ийм олон хүнийг нэг дор амраах болов гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна.
2016 оны сонгуулиас хойш аниргүй байсан хүмүүс гэнэт ингэж иргэдээ санасан нь ирэх сонгуулийн л чимээ юмдагуудаа гэж харагдана. Өөрсдийг нь төрдөө төлөөлөл болгон илгээж байхад эхний 3 жилдээ мартаж, сүүлийн хэдэн сард нь сүрхий сайн санаж, ахуйд нь нэмэртэй хууль батлаагүй хэрнээ амралт, зугаалгаар “хахуульдаж” байгаа нь хэтэрхий эмгэнэлтэй.
Тэдний сонгогчидоо хахуульдах гэсэн энэхүү зугаа цэнгэл нь эцэстээ нэг гэрийн бүлийн амьдралыг үгүй хийсэн харамсалтай мэдээлэл чих дэлсэж сэтгэл гонсойлгов. Тодруулбал, хоёр гишүүний урилгаар Улан-Удэ, Байгаль далайг зорьсон хүмүүс өнгөрсөн сарын 23-ны өдөр нийслэлээс хөдөлж 24-нд зорьсон газраа иржээ. Ингээд маргааш нь буюу 25-ны өдөр тэд Байгаль далайн эргээр зугаалж усанд орох нь орж зарим нэг нь эргийн гадна талд зугаалж байх зуур 50 гаруй насны эрэгтэй хүн усанд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайн үед талийгаачийг усанд живж хоёр хөлөө гозолзуулж тусламж хүсэх үеэр түүнийг хэн ч анзаараагүй улмаас ийнхүү амиа алдсан аж. Харин тухайн үед талийгаачийг орос хүн харж уснаас гаргасан ч амьсгал хураасан байж. Ингээд энэ үйл явдлын дараа талийгаачийг жижиг тэргээр тусад нь Сэлэнгэ рүү авчирч холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгч нутаглуулсан байна.
Талийгаачийн хувьд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын тойргийн 3 дугаар хорооны хэсгийн ахлагчийн нөхөр байсан гэнэ. Хэрвээ эрхэм гишүүн гэнэт ингэж сонгогчиддоо хайр зарлаж, ийм олноор нь гадаад далай үзүүлэхээр явуулаагүй, өөрөө бүх зардлыг нь даагаагүй байсан бол тухайн гэр бүл элэг бүтэн, инээд хөөртэй амьдрах байсан.
Гэтэл дахин эрх мэдэлд хүрэхийн тулд амралт зугаалга нэрээр сонгогчдын саналыг авах гэсэн увайгүй энэ арга нь нэг айлын амьдралыг орвонгоор нь эргүүлж нялх үрсийг амьдын хагацалд унагасан нь харамсалтай. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгогчдын ингэж “хахуульдахыг” хориглосон учраас гишүүд ийн жилийн өмнөөс амралт, зугаалга, аливаа арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн хэрэг.
Аливаад учир, жанцан гэж бий. Хайраа ч гэсэн хэмжээ, хязгаартай түгээх хэрэгтэйг сануулсан явдал Х.Нямбаатар гишүүний зохион байгуулж, ивээн тэтгэсэн аялал харууллаа. Угтаа бол хүний амьнаас үнэтэй сурталчилгаа гэж байх уу даа.
Erennews.mn
URL: