Жуулчдын хөлд дарагдсан ч хөгжил нь хөсөр хаягдсан ХАТГАЛ

712-15645308007-31-2Монголын аялал жуулчлалын оргил цэг бол Хөвсгөл нуур. Тэр ч утгаараа хоймор нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь Хөвсгөл далай өөрөө гэгддэг. Зуны гуравхан сард л гадаад, дотоодын 140 гаруй мянган аялагч Далай ээжийг зорин очдог гэхээр яах аргагүй Монголын Швейцарь гэхээс яалтай. Тэгвэл өдөрт 80-90 мянган жуулчин хүлээн авдаг аялал жуулчлалын гол бүсэд оршиж, Далай ээжийн нөмөр нөөлөгт хөлбөрч буй Хатгал тосгон өдгөө хөгжил нь хөсөр хаягдсантай маргах хүн үгүй биз. Уг нь аялал жуулчлалын гол бүс нутагт оршиж буй гэдгээрээ үзэсгэлэнт байгаль, худалдаа арилжаанаас гадна боомтын хөгжлөөрөө ч улсдаа жишиг байж болохуйц гол зангилаа болох үүд хаалга нээлттэй байгаа нь хэн ч харсан тодорхой. Гэтэл бүтэн сумтай дүйцэхүйц хэмжээний 3000 гаруй хүн амтай. Нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдож, дэд бүтэц хөгжсөн, аялал жуулчлалыг хөгжүүлэх их  ирээдүйтэй.

Зөв менежмент хийж чадвал зөвхөн жуулчдын орлогоор өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой Хатгал тосгон өдгөө орхигдсон суурин  болжээ. Хэдийгээр 1910 онд сууриа тавьж, 1980-аад оны дундуур үйлдвэр үйлчилгээ, усан замын тээвэр гээд хөгжлийн зангилаа болж байсан бүхэн нь бүдгэрч үгүй болсон ч Хатгал өнөөдөр зах зээлийн томоохон багтаамж нөөц бүхий гол цэг дээр оршиж байна.
Гэтэл Хөвсгөл нуурыг түшиглэснээрээ бол хот, тосгодоос хөгжлөөрөө цойлчих цаг хугацааг элээсэн Хатгал тосгон ямар нөхцөл байдалтайг очсон хүн бүр хэлээд өгнө дөө. Урин орохоос эхлээд бараг нуур хөлдөх хүртэл жуулчдын жим тасардаггүй тосгон нэг л буйдхан, эл хуль угтана. Эл хуль гэсний учир нь аялагчид Далай ээжийн эрэг хавьцаа шахцалдахаас биш нуурыг түшиглэсэн Хатгал тосгонд төдийлөн буудаллахгүй. Жуулчны бааз, худалдаа үйлчилгээнээс эхлээд зах зээлээ хөөсөн багахан хар зах зөвхөн Хөвсгөл нуурын эрэг хавьцаа төвхнөжээ. Түүнээс биш Хатгалын төв рүү орвол нүд булаачихаар тохитой байшин, үзвэр үйлчилгээний цэг, томоохон сүлжээ дэлгүүр, зориод очих зоогийн газар цөөн. Замын ойролцоогоос аялагчдыг тосох  “Орон нутгийн брэнд” бүтээгдэхүүн гэсэн багахан асарт жимс, цагаан идээ, загас, эмийн ургамал гээд гарын таван хуруунд багтахаар бичил бизнес эрхлэгчид бий. Мөн жуулчид ирэх дөхөхөөр л улиг болтлоо давтагддаг нийтийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг тун ховор.  Харин саяхнаас Азийн хөгжлийн банкны тусламжаар нийтийн ариун цэврийн байгууламж тавьж өгсөн нь хаа нэгтээ харагдана. Гэхдээ санасан хэмжээнд хүрэхээр элбэг биш. Тэнд  Хөвсгөлийн эрэг, Хүслийн хаданд 1000 төгрөг төлж нойл орсон иргэд бухимдангуй дугаарлаж зогсох.
Саяхнаас Азийн хөгжлийн банкны тусламжаар нийтийн ариун цэврийн байгууламж тавьж өгсөн нь хаа нэгтээ харагдана. Гэхдээ санасан хэмжээнд хүрэхээр элбэг биш.
Мөн нуурын эргээс эхлээд хүний хөл хүрч болох газар бүхэнд хогоо ил задгай хаясан хэвээр. Ангилж ялгах талаар бол ярилтгүй. Үүнийгээ амрагчдын ихэнх нь хогийн савгүй гэж тайлбарлаж байна лээ.
Хатгал тосгоны энд тэндгүй “царай” муутай жижиг модон байшингууд эмх замбараагүй шидэлчихсэн тоглоом шиг харагдана. Сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд төрийн байгууллагууд ч хүний хараа булаах нь битгий хэл эртний хэв шинжээрээ. Тэр дундаа орон нутагт хамгийн хөл хөдөлгөөнтэй газар нь сумын захиргаа байдаг. Холоос очсон нэгэн ч ямар нэг байдлаар төрийн үйлчилгээний төвлөрсөн байрыг зорих нь олонтаа. Үүний нэгэн адил төвөөс очсон бид ч гэсэн аймаг орон нутгийн сонин сонсохоор нутгийн удирдлагын байрыг сураглалаа. Орой дээрээ улаан тугтай байр гэж зааснаар очвол гадна талдаа ямар нэг хаяггүй 2-3 өрөө болов уу гэмээр нэг давхар бэсрэгхэн байшин угтав. Дотогш орвол ямар нэг тасалгаагүй, том төмөр сейфээр тусгаарлагдсан жижиг өрөөнд захиргааны арваад ажилтан бичиг цаас эмхэлж байлаа. Бидний уулзахыг хүссэн Тосгоны захирагч, орлогч, Тамгын газрын дарга, байгаль орчны мэргэжилтнүүд эзгүй байв. Ээлжийн амралттай, гадуур ажилтай, байгаль орчны мэргэжилтэн аймгийн төв рүү шилжсэн гэхээс өөр мэдээлэл өгөх хүн олдсонгүй.
Нутгийн удирдлагын байр гэж орой дээрээ улаан тугтай, гадна талдаа ямар ч хаяггүй 2-3 өрөө болов уу гэмээр нэг давхар бэсрэгхэн байшин угтав.
Харин нутгийн уугуул иргэний ярьснаар Хатгал тосгон хөгжил буурай байгаагийн нэг шалтгаан нь засаг захиргааны статустай холбоотой аж. Хатгал тосгон  91144 га эдэлбэр газартай, баруун талаараа Алаг-Эрдэнэ, зүүнээрээ Чандмань-Өндөр, хойд талаараа Ринчин­лхүмбэ сумтай хиллэдэг. Алаг-Эрдэнэ суманд харьяалагддаг учраас бие даан хөгжих нь бүү хэл байнгын зөрчилдөөнтэй, дээр нь төрийн үйлчилгээ авах, сонгууль өгөхөд иргэдийн эрх багагүй зөрчигддөг гэнэ. Алаг-Эрдэнэ сумын 27 төлөөлөгчийн долоо нь Хатгалынх учраас сумын статустай болохоос эхлээд орон нутгийг хөгжүүлэх санал дэмжигддэггүй. Уг нь одоо харьяалагдаж буй Алаг-Эрдэнэ сумтай тэнцүү тооны хүн амтай. Ийм суурин газар цөөн. Сонгуулийн үеэр Хатгалын иргэд саналаа өгч чадахгүй байдалд хүрдэг гэж бидэнтэй уулзсан  зочин ярьсан юм.
Жуулчны бааз гэр буудал нийлээд 3000 гаруй хүн хүлээж авах хүчин чадалтай ч баяр наадмаар өдөрт 90 мянган жуулчин ирдэг. Тэд байрлах газаргүйгээс ил задгай бие засч, хогоо хаях нь энүүхэнд. Түүнчлэн Хөвсгөлд хөл тавьсан бүхний заавал саатдаг Сүхбаатар хөлөг онгоцны зогсоол хуучирч элэгдсэн. Хэзээ мөдгүй цөмөрч мэдэх аюултайг эргийн харуулууд ч хэлж байв.
Уг нь байгалийн онгон төрхөөрөө үлдсэн Хөвсгөл нуурыг түшиглэсэн Хатгал тосгон олон арга хэлбэрээр хөгжих боломжтой гэдэг. Тухайлбал, хил залгаа ОХУ-тай харилцаа холбоо, аялал жуулчлалыг хөгжүүлж Ханх-Мондын хилийг олон улсын гарц болгох. Орон нутгийн онцлогт тохирсон байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд өргөн зах зээлтэй. Усан болон агаарын тээврийн үйлчилгээ, үүрэн телефон, интернэт харьцангуй сайн гээд давуу тал их бий. Ядаж л Хатгал тосгоныг тойрсон халх, дархад, буриад, урианхай, хотгойд, сартуул, цаатны онцлогийг харуулж, аялагчдын сонирхлыг татах томоохон музей байгуулаад л эдийн засгаа тэлэх жишээтэй. Энэ мэтчилэн орон нутгийн хөгжлийн гол зангилаа дээр “суучихаад” байгаа хэрнээ өнөөг хүртэл хөгжлийн ямар ч чиг баримжаагүй, орхигдсон тосгон хэвээр байгаа нь тун тоогүй.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих