Х.Баттулга: Энэ айлчлал Монгол-АНУ-ын харилцааг шинэ түвшинд гаргана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.07.30/ АНУ-ын Вашингтон хотод хүрэлцэн ирж, тус улсын Стратеги, олон улсын судалгааны төвд зочиллоо.
Энэ төв нь 1962 онд Вашингтон хотноо байгуулагдсан бөгөөд батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутгийн интеграцчлал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар судалгаа шинжилгээний ажил хийдэг дэлхийн тэргүүлэх олон улсын судалгааны хүрээлэнгүүдийн нэг юм.
Мөн төв нь дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын талаар судалж, АНУ-ын Конгресс болон Засгийн газарт судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодлогын шинжтэй зөвлөмжүүд хүргүүлж мэдээллээр хангадаг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Стратеги, олон улсын судалгааны төвийн Ерөнхийлөгч Жон Хамри угтаж, хоёр улсын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байгаад талархал илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгчийн хэлэх үг бүр нь чухал тул энэ удаагийн ярилцлагаас хоёр улсын харилцааны ирээдүйн чиг хандлага болоод АНУ дахь айлчлалын талаар тодорхой ойлголттой болно гэсэн өндөр хүлээлттэй байгаа гэсэн юм.
“Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр өрнөсөн уулзалт ярилцлагад олон улсын сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид зэрэг 250 хүн оролцлоо.
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГЫН ЭХЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Эрхэм хүндэт
Ноён Жон Хамри,
Ноён Майкл Грийн,
Хүндэт зочид, судлаачид аа,
Хатагтай, ноёд оо,
Монголын анд нөхөд өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг дэлхийн тэргүүлэх судалгааны төвд зочилж, Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэнд шинэ баяртай мэдээ дуулгая. Миний АНУ-д хийж буй энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын харилцааг “шинэ түвшин”-д гаргаж, бид улам ойр, нягт ажиллахаа маргааш зарлах гэж буйдаа баяртай байна. Энэ мэдээ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсийг хуваалцаж маш ойр байдаг манай хоёр орны хувьд зүй ёсны ахиц гэж үзэж байна
Өнөөдрийн энэ уулзалтаар, хоёр улсын харилцааны түүх, өнөө ба ирээдүйн талаар санал бодлоо солилцохоор ирлээ.
Эхлээд, Та бүхэнд манай хоёр улсын харилцааны өнөөг хүртэл зарим сонирхолтой түүхээс хуваалцъя.
Нэг. Хоёр улсын харилцааны түүхэн жим
Монгол Улс, АНУ нь 1987 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Харин хоёр улсын иргэд хоорондын харилцаа олон зуун жилийн өмнөөс эхлэлтэй байдаг юм билээ. Монгол Америкийг ойртуулсан түүх 100 гаруй жилийн өмнөөс, Америкийн бизнесменүүд, хувь хүмүүс Монголд ирж бизнес, тэр тусмаа хөдөө аж ахуй, уул уурхай салбарыг сонирхож байсан нь өнөө цагт ч ихээхэн өөрчлөгдөөгүй санагдана.
Сонирхолтой нь, 20-р зууны эхэнд, Америкийн иргэд Монголд алтны орд хайхын зэрэгцээ Монголын нутагт төмөр зам тавих боломжийг мөн судалж байжээ. Монгол Улс бүх аймгуудаа авто замаар холбож дуусгаад төмөр замын төслүүдээ өөрсдийн дотоод нөөцөөрөө эхлүүлээд байгаа билээ. Амжилтад хүрэх байх. Бид аж үйлдвэр хөгжүүлэхэд чухал суурь болох дэд бүтцийн төслүүд дээр хамтран ажиллах талаар олон жилийн өмнө ч ярилцаж байсан байна.
Америкийн уул уурхайн инженер, хожмоо АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Херберт Хүүвэр 1899 онд алтны нөөцийн эрэл хайгуул хийх зорилгоор тухайн үеийн Монголын нийслэл Хүрээнд ирж, Бурхан шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагттай уулзсан талаараа өөрийнхөө дурдатгал номдоо бичсэн байдаг.
Тухайн үед Америкийн “The Mongolian Trading Company”, “Anderson and Meyers Co Ltd”, Англи-Америкийн хамтарсан “British-American Tobacco Company” зэрэг аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байсан баримтууд байдаг. 1919 онд Америкийн нэгэн пүүс Монголоос 3 сая ам.долларын хонины ноос, 1921 онд нэг сая ширхэг тарваганы арьс худалдан авсан баримт байдаг. Мөн 1925 онд 150 мянган пүү хонины ноос АНУ-д гаргасан байна.
Яг 100 жилийн дараа буюу 2019 онд ч Монгол-Америк бизнесмэнүүд ноос ноолууран бүтээгдэхүүний худалдаагаа идэвхжүүлэхээр хоёр талын төрийн дэмжлэг хүсээд ажиллаж байна.
Мөн энэ үеэс хоёр улсын хооронд соёл, шинжлэх ухаан болон бусад салбарын харилцаа хөгжиж эхэлсэн. Тухайлбал, Америкийн хайгуулч, Байгалийн түүхийн музейн захирал Рой Чапмен Эндрюс эртний хүний ул мөрийг олох, үлэг гүрвэлийн үүслийг тогтоох шинэ нээлт хийхээр Монголд хэд хэдэн удаагийн экспедиц зохион байгуулж, улмаар үлэг гүрвэлийн чулуужсан өндгийг олж, дэлхийд гайхагдсан нээлт хийснийг бүгд мэддэг түүх болжээ.
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри А.Уоллес 1944 онд манай улсад айлчилсан нь хоёр улсын улс төрийн харилцааны эхлэлийг тавих, мөн АНУ дахь Монгол судлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Хэнри Уоллес өмнө нь Рерихийг АНУ-ын төрийн зардлаар Монгол руу судалгааны ажилд явуулсан нь зарим сониуч хүмүүсийн анхаарлыг их татдаг түүх юм.
Монголчуудын зүгээс ч мөн адил Америктай харилцаа тогтоох ажлууд хийгдэж байсан. Тухайлбал, 1911-1924 оны Богд Хаант Засгийн үед Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоох үүднээс АНУ-ын Орос, Хятад дахь Элчин сайдын яамаар дамжуулан удаа дараа бичиг илгээж байжээ. Үүнийг албан ёсны анхны харилцаа, бичиг баримт хэмээн үздэг.
Ийнхүү Монгол Улс, АНУ хоёр нь түүхийн урт удаан хугацаанд маш олон саад тотгорыг даван туулсны эцэст АНУ-ын эрдэмтэн судлаачид, хоёр улсын иргэд, албаны хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд одоогоос 32 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон. Хоёр улс дипломат харилцаа тогтоох үед Монгол Улс ардчилал шинэчлэлийн зам руу замнах түүхэн сонголтоо хийж байлаа. Тиймээс АНУ-тай дипломат харилцаа тогтоосон нь цаг үеэ олсон, Монголын ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан түүхэн үйл явдал болсон юм. Энэ цаг үеэс хойш АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих шилжилтийн хүнд үеийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлсээр ирлээ.
Хоёр. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөө ба цаашдийн чиглэл
Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойших дийлэнх хугацаанд, АНУ-ын тусламж дэмжлэг дээр голчлон тулгуурлаж ирсэн. Харин сүүлийн үед, хамтран үнэ цэнэ бүтээж, өгөөжөө хуваалцах, харилцан ашигтай байхаар ажиллаж байгаа болно. Ингэж байж урт хугацааны стратегийн түншлэл баталгаажих болно.
Үүний нэг илрэл нь батлан хамгаалах салбарт, Монгол-Америкийн цэргүүд Ирак, Афганистанд хамтран үүрэг гүйцэтгэж байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөрт хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг 17 дахь удаагаа зохион байгууллаа. Энэхүү сургуулилтад АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын зүгээс өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон
Харамсалтай нь, бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалттай байгааг хоёр тал хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Жишээ нь, 2018 оны байдлаар АНУ-тай хийж буй худалдаа манай улсын нийт худалдааны эргэлтийн дөнгөж 1,7 хувийг эзэлсэн байна. Ялангуяа, өндөр технологи, хурдацтай шинэчлэлийн энэ цаг үе, орчинд тохируулж эдийн засгийн хамтын ажиллагааны хөрс сууриа сайжруулах ёстой гэж бодож байна. Манай бүс нутгийн онцлог нь төрийн өмчлөлтэй компаниуд зах зээл дээр үлэмж давамгайлдаг, эдийн засаг нь дунд, урт хугацаагаар төлөвлөгддөг. Ийм орчинд монгол, америк бизнес эрхлэгчдээ чөлөөтэй өрсөлд хэмээн, ямар ч санхүүгийн дэмжлэггүй орхих нь зөөлнөөр хэлбэл боломж муу гэдгийг статистик тоонууд харуулж байна. Иймээс маргааш болох хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт ихээхэн ач холбогдолтой болно гэж итгэж байна.
Монгол-Америкийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо байна. Тухайлбал, ноолуурын салбараар ганц жишээ хэлэхэд:
Боловсруулсан ноос, ноолууран бүтээгдэхүүн нь Монгол Улсын хамгийн их нөөц боломжтой экспортын бүтээгдэхүүн юм. Манай улс дэлхийн ноолуурын 40-50 орчим хувийг нийлүүлдэг. Гэвч, санхүү технологийн шалтгаанаар ноолуурынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг дотооддоо боловсруулж, 90 орчим хувийг нь өмнөд хөрш рүү түүхий эдээр нь буюу хямд өртгөөр экспортолдог.
Дашрамд сануулахад, хэдийгээр манай эдийн засгийн хэмжээ хөрш орнуудтайгаа харьцуулшгүй бага боловч “шударга худалдаанд” итгэж Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон түүхтэй. Тиймээс, манайд гаалийн тарифын болон өөр ямарваа нэг худалдааны саад, хүнд суртал байдаггүй билээ.
Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тийм учир нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна. Бидний тооцолсноор 40-50 мянган хүний ажлын байр бэлэн болох юм.
Энд тодруулан тайлбарлахад, монголын ноос, ноолуурын үйлдвэрлэл нь малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртэл хүн, амьтан, байгальд ээлтэй шат дамжлагыг дамждаг, энэрэнгүй үйлдвэрлэл юм.
АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд Америкийн ард иргэд, Конгрессийн гишүүд дэмжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Миний бие хувийн хэвшлийн аливаа зөв санаачилгыг дэмждэг тул танай улс ч дэмжин батлаасай хэмээн хүсэж байна.
Энэ мэт боломжууд бидэнд их байна. Бидэнд газар зүйн байрлалын хувьд дэлхийн томоохон зах зээлд хүрэх гарц, улс төрийн өндөр итгэлцэлтэй гурав дахь хөршүүд мөн зарим банкны тооцоолсноор 32 триллион ам.долларын үнэлгээтэй байгалийн баялаг байгаа давуу талууд байна. Түүнээс ч илүү боломжийг шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, хиймэл оюун ухаан, биг дата, конективити буюу харилцаа холбоо, цахим эдийн засгийн хүрээнд бид бий болгох ёстой. Манай бүс нутгийн эдийн засаг Америктай харьцуулахад бүтээмж муу байгааг манай хамтарсан бизнесийнхэн шийдэж чадах ч улс төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.
Хатагтай, ноёд оо
Дээр дурдсанчлан манай хоёр улс түүхийн урт удаан хугацааны ээдрээтэй замыг туулан дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд ойр дотно хамтран ажиллаж ирлээ. Цаашид ч энэхүү хамтын ажиллагааны эрчээ алдахгүй үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдэгт миний бие бат итгэлтэй байна.
Ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурлан эрчимтэй хөгжсөн улс төрийн харилцааны бат бэх суурин дээр тулгуурлан цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь нэн чухал гэж үзэж байна.
Хоёр улсын хооронд байгуулсан “Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр” зэрэг баримт бичиг нь эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Түүнээс гадна АНУ-ын Конгрессоос “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлан гаргавал хоёр талын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэнэ хэмээн монголчууд хүлээж байна.
Манай орны хүн амын гуравны нэг нь ядуу байгаа үед миний бие эдийн засаг ярьж, хүний хөгжилд өндөр ач холбогдол өгөх үүрэгтэй юм. Хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэрлэл нь ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй бодлого гэдэгтэй эрдэмтэд та бүхэн маргахгүй биз ээ.
Цаашдаа, өндөр бүтээмжтэй ажлын байр, орлогоор хангах салбаруудаа хөгжүүлэхийн тулд гурав дахь хөрш нартайгаа шинжлэх ухаан, өндөр технологи, сансар судлал, цахим эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллах болно.
Эцэст нь хэлэхэд хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдад, Монголд элэгтэй америк иргэдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!
Баярлалаа” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хоёр улсын харилцааны талаар үг хэлсний дараа Стратеги, олон улсын судалгааны төвийн Тэргүүн дэд захирал Майкл Ж.Грийн оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын сэтгүүлчид, эрдэмтэд, монгол судлаачдын сонирхсон асуултад хариуллаа.
URL: