Замын хөдөлгөөний хуулиндаа өөрчлөлт оруулмаар юм

Зөвхөн 2011 онд гэхэд зам тээврийн ослын улмаас 152 хүн нас барсан тухай статистикийн газраас мэдээлсэн. Үүний 94 хувь нь жолоочийн буруугаас болсон байгаа юм. Үлдсэн зургаан хувь нь явган зорчигчийн буруугаас болжээ.

Тодруулбал, 10-аад хүний буруутай үйлдэлээс болоод тэр тооны жолооч хэрэгтэн болсон гэсэн үг. Өөрөө ямар ч буруутай үйлдэл хийгээгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байж ганцхан жилд 10 хүн хэрэгтэн болж байгаа нь хэрээс хэтэрч байгаа хэрэг биш үү.

Манай улсын зам тээврийн тухай хууль их сонин. Явган зорчигч гарцаар гарна, ойр хавьд гарц байхгүй бол ирж байгаа машиныг харж байгаад чигээрээ зам хөндлөн гарна гэсэн утгатай заалт хуулинд байж байх жишээтэй. Тийм байхад хүмүүс яаж гарцаар гарч сурах вэ дээ.

Хуулийн заалтын дагуу гарцгүй газраар гүйнэ биз дээ. Гэтэл бусад улсуудад, жишээ нь Японд явган зорчигч гарцаар, гэрлэн дохиогоор гараагүй бол өөрийнх нь буруу. Ямар ч найраа байхгүй. Бараг л гарцгүй газраар гарч байгаа явган зорчигчийг дайрах эрхтэй байдаг юм биш үү. Тийм ч учраас иргэд нь гарцаар ч байсан заавал ногоон гэрлээр гардаг юм гэсэн.

Манайд бол байдал эсрэгээрээ. Согтуу нөхөр гарцгүй газар зам дээр гэнэт гарч ирээд машинд мөргүүлчихсэн ч жолоочийн буруу. Саяхандаа нэг жолооч зам тээврийн осол гаргасан байгаа юм. Мөргүүлсэн залуу нь гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа чихэвчээр дуу сонсч явсан учраас дуут дохио өгөхийг сонсоогүй юм билээ. Тэгээд бэртчихгүй юу. Уг нь яаж ч бодсон явган зорчигчийн буруу байгаа биз дээ. Гарцгүй газраар гарч байсан. Дээрээс нь чихэвч зүүчихээд хөгжим сонсч явсан байгаа юм.

Тэр ямар цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж яваа биш дээ. Уг нь энэ тохиолдолд шууд явган зорчигчийг буруутгах ёстой. Тийм заалт ч манай улсын зам тээврийн тухай хуульд алга. Тиймээс хуулиндаа өөрчлөлт оруулмаар байна. Яах аргагүй явган зорчигчийн буруутай үйлдлээс болоод осол гарах юм бол жолоочид хариуцлага тооцдоггүй л баймаар байна. Ийм заалт байхгүй болохоор өнөөх архи уудаг, гудамжны тэнэмэл иргэд хүртэл хуулийн цоорхойг ашиглаж байна шүү дээ.

Заримдаа зөөлхөн явж байгаа машины урдуур өөрөө гүйж ороод мөргүүлчих тохиолдол гарч байгаа. Хэдэн төгрөг хялбар аргаар олох гэсэн башир арга байхгүй юу. Эсвэл хөнгөвтөр бэртэж аваад, дулаан эмнэлэгт хэд хоног хэвтэж, халуун хоол зооглох гэж ч тэгдэг байж болох. Энэ бүхний цаана гэмгүй жолооч хохирч үлдэж байна.

Тэр гадаад орнууд шиг заавал гарцаар, ногоон гэрлээр гэж хатуу заалт оруулах нь юу юм. Манайд гарц байдаг ч тэр болгон дээр гэрлэн дохио байдаггүй шүү дээ. Тиймээс гарцаар гараагүй явган зорчигч зам тээврийн осолд орвол хэнийх нь бурууг тогтоож, тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэж жолоочийг шийтгэх эсэхийг шийддэг баймаар юм. Уг нь явган зорчигч чинь замын хөдөлгөөнд оролцогч мөн биз дээ.

Хэн нэгэн согтуу нөхөр, эсвэл чихэвч зүүчихсэн тэнэгээс болж ямарч буруугүй жолооч шийтгүүлдэг байдлыг өөрчлөхийн тулд үүнээс өөр зохицуулалт байхгүй юм байх даа. Юун төлөө гарц, гэрлэн дохио байдаг билээ дээ.

Н.Пунцаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих