Х.Баттулга: УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнээр төсөвт дарамт, зардал нэмэгдэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах зорилготой хэлэлцүүлэг тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ нь хэлэлцүүлгийн сүүлийн өдөр хэдий ч хэлэлцүүлгийг энэ хүрээд зогсоохгүй, нийгмийн бүх түвшинд, нийт ард түмний хүрээнд дахин нягталж, хамгийн оновчтой шинэчлэлт, өөрчлөлтийн шийдэлд хүрнэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийн эхэнд хэллээ.
Өнөөдрийн сэдэв нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал бөгөөд хэлэлцүүлэгт 38 судлаач, 24 төрийн бус байгууллага, 12 улс төрийн нам болон төрийн байгууллагууд нийлсэн 150 орчим төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт болон бусад асуудал”-ын талаар хэлэлцэж, санал бодлоо илэрхийлэхээр хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархаж байна. Монголчууд бид өнгөрсөн 27 жилийн алдаа оноо, амжилт ололтоо ирээдүйд баримтлах бодлого, зарчмын хамт дөрвөн өдрийн турш хэлэлцлээ. Өнөөдөр төлөвлөсөн асуудлынхаа сүүлийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Гэхдээ хэлэлцүүлэг үүгээр зогсохгүй, нийгмийн бүх түвшин, нийт ард түмний хүрээнд дахин нягтлагдаж, хамгийн оновчтой шинэчлэлт, өөрчлөлтийг хийх шийдэлд хүрэх ёстой юм.
Миний бие 2018 оны УИХ-ын намрын чуулганы нээлт дээр “Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн шилжилтийг зохицуулахад чухал механизм болсон ч одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирснийг” сануулан уриалж байсныг Та бүхэн санаж байгаа байх гэж бодож байна. Тэгвэл өнөөдөр олон жилийн турш эрэлхийлсэн боломж нэгэнт бүрджээ гэж үзэж болохоор байна.
Тодруулбал, Үндсэн хуулиа өөрчлөн сайжруулах энэ завшаан, боломжийг ашиглан улс орноо “байнга хямардаг” биш “зогсолтгүй хөгждөг, урагшилдаг” улс болгохын төлөө сөрөг хүчин, зарим улс төрийн намууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид чамгүй хүчин зүтгэл гаргаж, эсэргүүцэн тэмцэлдэх бус эвлэлдэн шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа нь сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлуудаас тодорхой мэдрэгдэж байна. Бий болоод байгаа энэ итгэл, тэмүүлэл, нөхцөл боломжийг үндэсний эрх ашгаа дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол”-ын хүрээнд бодит үйл хэрэг болгож чадах эсэх нь “одоо зөвхөн” төрийн эрхийг барьж байгаа Монгол Ардын нам, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн ухамсар, эв эеийг эрхэмлэх сэтгэл мэднэ гэдгийг онцлон тэмдэглэе.
Үндсэн хууль бол нэг намын тулгалт, бүлэг судлаачдын баримталдаг номлолоор бус, мөн түүнчлэн гадны улс орны жишиг, туршлагыг даган дуурайх, хуулбарлах буюу эсвэл зөвхөн өнөөдрийн асуудалд автсан байдлаар өөрчлөөд байдаг хууль биш. Энэ бол энгийн малчин, иргэн бүрийн эрх, эрх чөлөөний баталгаа, өнөөгийн болоод ирээдүй хойч үеийнхний эрх тэгш амьдралын эх үндэс, бүрэн эрхтэйгээр оршин тогтнох тусгаар улсын эв нэгдлийн гэрээ мөнөөс мөн.
–ТӨВ БАНКНЫ ХАРААТ БУС АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БАЙТАЛГААГ БЭХЖҮҮЛНЭ–
Төрийн ордонд болон нийгмийн сүлжээгээр явагдаж буй хэлэлцүүлэгүүдээс ажиглахад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хөндөгдөж байгаа зарим асуудлуудыг ердийн хуулийн ойлголттой жиших, нийцэхгүй гэж үзэх, гадны улс орны жишгээр няцаах хандлага бас мэдрэгдэж байна. Тиймээс бид бүгд өнөөдөр Үндсэн хуулиа өөрчлөх, сайжруулах асуудлыг ярьж, хэлэлцэж байгаа гэдгийг тодотгоё. Өөрөөр хэлбэл бид Үндсэн хуулиа “хөгжлийн чөдөр биш ташуур” болох хэмжээнд оновчтойгоор өөрчилж чадвал бусад хуулиудаа нийцүүлэх, сайжруулах, улмаар улс орныхоо өмнө тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн дэлхийд ганцхан гэж хэлэгддэг нүүдэлчин соёлтой, далайд гарцгүй, хоёр их гүрний дунд байршдаг өөрийн гэсэн онцлогтой Монгол Улсын хуульд гадны улс оронд байдаггүй, жишиж авч үзэх боломжгүй, өв соёл, түүх, уламжлалаа хадгалсан зохицуулалт байх боломжтой төдийгүй байх ёстой гэдгийг анхаарч, баригдмал ойлголт, хандлагадаа дүгнэлт хийн, аливаа жишиг туршлагыг өөрийн онцлог нөхцөл байдлаас дээгүүрт тавьж үзэхгүйгээр харгалзсан, үндэснийхээ эрх ашгийг улам бэхжүүлсэн, хамгаалсан санал, шийдэл гаргах нь чухал гэдгийг онцолж байна.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэлэлцүүлэгийн энэ удаагийн сэдэвт хамаарах чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал “төрөөс байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тогтоох, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг байгуулах” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна. Миний зүгээс “байгалийн баялгийг нийтийн өмчлөлд байлгах, эргэлзээгүй тодорхой нөхцөлөөр ашиглах, байгалийн баялагаас олох орлогыг баялагийн санд төвлөрүүлж зарцуулах, нийтийн өмчийн газрыг нэгдмэл бодлого, төлөвлөгөөний дагуу ашигладаг болох, төв банкны хараат бус ажиллах нөхцөл баталгааг бэхжүүлэх” зэрэг ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.
Эдгээр нь нэг өдөр бодож олсон зүйл биш, зайлшгүй авч үзэх, ярилцах, шийдэх ёстой бодлого гэдгийг сануулмаар байна. Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх нь Монголчууд та бидний Үндсэн хуулиараа тунхагласан эрхэм зорилго билээ. Тиймээс миний бие “бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх хандлага бүхий санал асуулга явуулахыг мөнхөд хориглох, ард түмний засаглах эрхийн баталгаа болсон иргэний сонгох эрх, эрх чөлөөнд халдах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах явдал, оролдлогыг таслан зогсоох, баялагаа тэгш хүртээмжтэй ашиглах, улс төрийн намаар дамжин төрийн бодлогыг тодорхойлоход оролцох эрхтэй иргэний үндсэн эрх чөлөөг хангах, шударга тэгш боломжийг иргэддээ олгох, парламентын засаглалыг бэхжүүлэх, нэгдмэл улсын онцлог, бодлогоо тодотгох, нийслэл болон хот, хөдөөгийн хөгжилд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх” зэрэг Үндсэн хуулийнхаа эрхэм зорилго бүрт тэмүүлсэн, хүрэх эрмэлзэл бүхий нэмэлт өөрчлөлтүүдийг санал болгосноо Та бүхэндээ нэгтгэн дүгнэж хэлье.
–УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТОО НЭМЭГДСЭНЭЭР ТӨСӨВТ ДАРАМТ, ЗАРДАЛ НЭМЭГДЭХГҮЙ БАЙХ БОЛОМЖ БҮРДЭНЭ–
Мөн Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “хариуцлагагүй 76 гишүүний тоог нэмэгдүүлэн 108 болгож, төрийн зардлыг ихэсгэх шаардлагагүй гэсэн” санал, шүүмжлэл гарч байгаад анхаарч, бодлого шийдлээ нэг мөр зөв тодорхойлон, ард иргэдээрээ хэлэлцүүлэх шаардлага байгааг Улсын Их Хурлын гишүүд болоод Ажлын хэсгийнхэнд анхааруулъя. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлж, тодорхой зардал шинээр үүсгэж байгаагийнхаа хирээр хэт данхайсан төрийн бүтцээ цэгцлэх, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгох, төрийн үйлчилгээг хялбар, цахим болгох зэрэг хэрэгжүүлж болох энгийн бодлого, арга хэмжээг төлөвлөн ард иргэддээ танилцуулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах шаардлагатай байна. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнээр төсөвт дарамт, зардал нэмэгдэхгүй байх боломж бүрдэнэ.
Үүнтэй нэгэн адилаар суурийг нь хөндсөн бүхий л асуудлуудын хүрээнд цаашдын бодлого, төлөвлөгөөгөө тодорхой болгох, иргэдээ таниулах, ойлгуулах шаардлага бас байгааг сануулан хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн сайхан бүхэн түгэн дэлгэртүгэй. Хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.
URL: