Өнгөт чулуунд шунагчид Даланжаргалан сумын хөрсийг сэндийчиж байна
Манай сурвалжлах баг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажиллаж уул уурхайн олборлолт нутгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг өмнөх дугаартаа хөндсөн. Тэгвэл энэ удаад Даланжаргалан сумын нутаг дэвсгэрээс өнгөт чулуу түүж байгаа талаар сурвалжиллаа.
Даланжаргалан сум ховор, үнэтэй чулуугаараа хэзээнээс алдартай. Усан болон утаат болор, чүнчигноров, гартаам, мана, өнгөт чулуу, төмрийн хүдэр, хайлуур жонш, нүүрс, хүрмэн чулуу, бал чулуу, шохойн чулуу, барилгын материалын түүхий эд гээд ашигт малтмал элбэг. Гэтэл байгалийн үнэт эдлэл, өв соёлыг агуулсан нутгийн чулууг урд хөрш рүү машинаар ачдаг болоод удаж байна. Гэвч өнгөт чулуунд шунасан иргэдийн гар хүрээгүй үлдсэн жаахан газарт нь ч энд тэндээс ирсэн нинжанууд шургалжээ. Тэд өнгөт чулууг түүсээр газрын хөрсийг 20-40 см сэндийчсэн байна.
Өнгөт чулуу нь байгалийн ус чийгийг тэнцвэржүүлж, ургамлын бүрхэвчийг хамгаалдаг. Гэтэл чулуу түүж байгаа иргэд Даланжаргалан сумын 16 га бэлчээрийн талбайг аль хэдийнэ сүйдчихээд байгаа аж. Анх өнгөн хэсгийн чулууг түүдэг байсан бол одоо хүрз, молдок, жоотуугаар зэвсэглэж хөрсийг нь сэндийчих болсон харамсалтай дүр зураг харагдсан юм. Чулуу түүж байгаа иргэдийн ихэнх нь Улаанбаатар хотоос ирсэн бол нутгийн иргэд ч цөөнгүй байгааг харж болно.
Өнгөт чулуу түүж газар нутгийг нь сэндийчиж байгаа нинжа болон малчдын дунд газрын маргаан үргэлжилсээр байгаа. Бодит байдал ямар байгааг иргэдийн байр сууриар хүргэж байна.
Нэг сав чулууг 35 мянган төгрөгөөр худалддаг
Бидэнтэй таарсан эхний иргэн тэтгэвэртээ гарсан тул хийх зүйл байхгүй. Гэртээ сууснаас гээд чулуу түүдэг гэнэ. Тэрээр “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Сум орон нутгийн хүмүүс түүх эрхтэй гэж бодож байна. Багажтай иргэд үнэтэй чулууг ухаж хайдаг бол багажгүй иргэд хямд чулууг шуудай болон ундааны саванд хийж зардаг. Нэг сав нь 3-35 мянган төгрөгийн үнэтэй. Өдөрт 100 гаруй мянган төгрөгийн орлого олдог. Мөн ойр хавийнхан нинжа нарт хоол унд авчирч зардаг” гэсэн юм.
Нинжа нарыг 200 мянган төгрөгөөр торгохоос өөр зүйл хийж чадахгүй байна
Өнгөт чулууг нинжа нараас хэрхэн хамгаалдаг талаар Даланжаргалан сумын байгаль хамгаалагч С.Дандарбаатараас тодруулахад “Сумаас нинжа нарын энэ үйлдлийг зогсооё гэдэг ч дийлддэггүй. Хуульдаа торгохоос өөр арга хэмжээ байдаггүй. Нэг удаа торгохдоо 200 мянган төгрөгөөр торгодог. Торгуулсан хүн нь маргааш нь шархаа нөхнө гээд чулуу түүдэг. Шалгалт хийх гэж очихоор өмнөөс хэл амаар доромжлох, зодох гэж дайрна. Эсвэл зугтана гээд бөөн асуудал үүсгэдэг. Нинжа нарт шаардлага тавиад гараа гэмтээсэн. Сумын зүгээс цагдаагийн газартай хамтарч ажилладаг ч үр дүн муутай байна. Сүүлдээ арга мухардсан. Тэр байтугай чулуу түүхийг нь зогсооё гээд очихоор эд хөрөнгө, бие мах бодиороо хохирдог” гэсэн юм. Нинжа нарыг торгосон мөнгө аймгийнх нь нэгдсэн санд ордог учраас нөхөн сэргээлт хийх болон унааны зардал, тухайн газрыг хамгаалалтад авахад хөрөнгө мөнгөний асуудал хэцүү байдаг юм байна.
Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газар нөхөн сэргээлтийн компанитай гэрээ байгуулж олборлолт явуулж олсон мөнгөөрөө нөхөн сэргээлт хийнэ гэж тусгасан ч хуульд тийм заалт байдаггүй тул гэрээг цуцалжээ. Тиймээс гэрээг өөрчлөн сумын нэгдсэн сангийн мөнгөөр нөхөн сэргээлт хийлгэхээр болсон ч аймгаас санхүүгийн асуудлыг шийдвэрлээгүй учраас мөн л компани нь гэрээгээ цуцалсан гэсэн юм.
Нөхөн сэргээлт хийхээр ирсэн компани олборлолт явуулдаг
Нөхөн сэргээлт хийхээр ирсэн компанийн талаар малчин Э ярихдаа “Нөхөн сэргээлт хийх нэрээр нэг компани ирсэн. Ирээд хоёр газрыг хашсан. Тэгээд өөрсдөө техникээр ухаж сандайчих болсон. Энэ талаар асуухад чулуу олборлож зардлаа олно. Дараа нь нөхөн сэргээлт хийнэ гэж хариулсан. Эцэст нь нөхөн сэргээлт нэрээр ирж олборлолт хийж байгаад явсан. Бидэнд ухсан хэдэн нүх л үлдэж байна. Гараар ухахдаа 40 см-ээс хэтрүүлдэггүй байсан бол техникээр ухаж газрын хэвлийг төнхөж байгаад явсан” гэсэн юм.
Хятадууд худалдаж авсан чулуугаараа юу хийдэг талаар нутгийн иргэдээс сонирхоход урд хөрш рүү гаргаж үнэт эдлэл хийдэг. Мөн газар нутгаа чийгшүүлж, ургамлын бүрхэвчээ хамгаалахын тулд нутагтаа аваачиж цацдаг. Мөнгө улаан, нүд цагаан гэгчээр шуудай шуудайгаар нь зөөсөөр эцэст нь гол горхи нь хатаж, ширгэж, ган гачиг нүүрлээд байна гэцгээж байв. Ийнхүү өнгөт чулууг худалдан авч буй улс нь өөрт хэрэгтэй байдлаар ашигладаг байна.
Гэвч хариуцсан сум орон нутаг, иргэдийн зүгээс арга нь мухардаад байгаа учир хамгийн зөв шийдэл бол хуулийг нь чангатгах гэнэ. Өмнө нь өнгөт чулуу түүсэн иргэнийг 50 мянган төргөөр торгодог байсан. Одоо Зөрчлийн шинэ хуулиар 200 мянган төгрөгөөр торгодог болжээ. Энэ нь чулуу түүдэг хүмүүсийн нэг өдрийн л орлого. Иймээс газар нутаг, байгалийн ховор эд зүйлсээ хамгаалахын тулд хуулиа чангатгах зайлшгүй шаардлагатайг хэлж байна. Өнгөт чулуу түүж байгаа хүмүүс цөөхөн хэдэн төгрөгөөр торгоод өнгөрөх биш цагдан хорьдог, цаашлаад Даланжаргалан сумыг тусгай хамгаалалт авахгүйгээр энэ асуудал цэгцрэхгүй. Дээрээ төртэй, дэргэдээ хуультай улс гэдгээ харуулах цаг болсон гэдгийг нутгийн иргэд төр, засагт дайлаа.
Б.Баяржавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: