С.Баярын хэрэг: Ч.Даваанямаар дамжсан оффшор компаниуд, сая сая долларын гүйлгээнүүд

5073

Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байлаа. Түүний тэргүүлсэн Засгийн газар 2009 оны аравдугаар сарын 6-нд “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Рио Тинто Интернэшнл Холдингс”, “Айвенхоу Майнз Лимитед” компанитай Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.  Энэ гэрээний ажилд С.Баяр албан тушаалын хувьд голлох үүрэгтэй оролцсон байдаг. Гэхдээ бид энд С.Баярын ийм оролцоог ярих гээгүй. С.Баярын Оюутолгойн гэрээний хаялга болгож хүртсэн байж болох хэргийн талаар дэлгэнэ.

Ерөнхий сайд байсан С.Баяр нь  Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалт, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчиж, хуулийн зохицуулалтыг эх орондоо ашигггүйгээр хэрэглэсэн. Үүний улмаас Монгол Улс 2 761 789 570 000 төгрөгийн татварыг “Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас авч чадахгүй хохирчихоод байгаа юм. Мөн мань эр тухайн үеийн албан тушаалын байдлаа ашиглан бэлэн мөнгө хэлбэрээр хахууль авсан. Энэ хууль бусаар олсон мөнгөнийхөө эх үүсвэрийг далдалж мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгагдсан.

С.Баярт 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дахь зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээжээ. Уг хэрэг прокурорын хяналтаас шүүхэд шилжиж байгаа мэдээлэл байна.

Тодруулбал, С.Баяр нь 2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Рио Тинто”, “Туркойз Хилл” компанид давуу байдал олгож, татварын таатай нөхцлийг бүрдүүлсэн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээ хэрэгжиж эхэлсний дараа өөрийн найз Ч.Даваанямын хамаарал бүхий компаниудыг “Оюутолгой” ХХК-д бэлтгэн нийлүүлэгчээр оруулсан. Ч.Даваанямын хамаарал бүхий компанитай холбоотой баримт сэлтийг дараагийн удаа дэлгэрэнгүй хүргэх болно. Харин С.Баяр тэр компаниар нь дамжуулж том охин Б.Нандингаа Ч.Даваанямтай хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж байгаа мэтээр харагдуулахыг оролдсон байгаа юм. Тэрээр ингэж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдгийг мөрдөн шалгалтын явцад тогтоожээ.

Ч.Давааням нь С.Баярын охин Б.Нандинтай хамтран АНУ-д таван компани үүсгэн байгуулжээ. Ингэхдээ Ч.Давааням 85 хувийг, Б.Нандин 15 хувийг нь эзэмшдэг байна.

Тэд АНУ-д “GUNDEL”, “VODA”, “NEBO”, “DECHIN” компанийг байгуулснаас эхний дөрөв нь татан буугджээ.

Улмаар АНУ-д Сиэтл хотын 3020 14th Avenue W#A Seattle-Queen Anne. WA 98119, Нью Йорк хотын 16 W, 19th, Unit 10-b, Flatiron, NY 10011, Сиэтл хотын 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105, Сиэтл хотын 1710 N Dexter Avenue #A, Seattle, WA 98109, Сиэтл хотын 6539 SW 41st Ave, Seattle, WA 98136, Сиэтл хотын 9125 NE 15th Street, Clyde Hill, WA 98004 хаягтай долоон ширхэг үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байна.

Түүнчлэн эдгээрийг худалдаж авахын өмнө АНУ руу С.Баярын хуучин эхнэр О.Гэрэлтуяа, найз Ч.Давааням нар нь их хэмжээний валютын гуйвуулга хийжээ. Тухайлбал, О.Гэрэлтуяа 2007 оны гуравдугаар сарын 20-нд Зоос банкаар дамжуулан 435 000 ам.доллар, Ч.Давааням 2008 оны тавдугаар сарын 22-нд Худалдаа хөгжлийн банкаар 451 000 98 ам.доллар, 2008 оны тавдугаар сарын 26-нд Худалдаа хөгжлийн банкаар 196 мянган ам.доллар шилжүүлжээ.

Мөн Ч.Давааням 2011 оны гуравдугаар сарын 1-нд “TRUE KIND LIMITED” компанийг Британийн Виржинийн арлуудын улсад үүсгэн байгуулсан. Энэ компанийнхаа 078213998838 дугаартай дансыг 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд Хонгконгийн “HSBC” банкинд нээсэн байна.

Энэ данс руу нь 2015 оны зургадугаар сарын 2-ноос 2015 оны арваннэгдүгээр сарын 14-ний хооронд АНУ-ын “NONA ADAMS REALTY SERVICES”, “NEBO” компаниас 4 727 479 ам.доллар шилжиж оржээ.

Харин Виржинийн арлуудын улс дахь “TRUE KIND LIMITED” компанийн Хонгконгийн “HSBC” банк дахь 078213998838 дугаартай данснаас 2012 оны есдүгээр сарын 4-нөөс 2012 оны аравдугаар сарын 29-ний хооронд таван удаагийн шилжүүлгээр 1 947 975 ам.долларыг Голомт банкны 1140000215 тоот данс руу шилжүүлсэн байна. Мөн 2016 оны гуравдугаар  сарын 31-нээс 2016 оны зургадугаар сарын 22-ны хооронд Puerto Rico улсын “ESORDIO HOLDINGS” LTD компани руу 4 727 446 ам.доллар, 2017 оны есдүгээр сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын11-нд Ч.Даваанямын өөрийнх нь Голомт банкны данс руу 4 386 3 50 ам.долларыг шилжүүлсэн байна.

“FOREST BERRIES LTD”-ийн Хонгконгийн “HSBC” банкны данснаас Ч.Даваанямын Голомт банкны данс руу 2011 оны тавдугаар сарын 16-наас 2011 оны тавдугаар сарын 20-ны хооронд 3 999 840 ам.долларыг шилжүүлжээ.

Түүнчлэн дээрх компаниас шилжиж орж ирсэн их хэмжээний ам.доллар, бусад санхүүгийн асуудалтай Монголын томоохон эмийн компанийн эзэн, түүний хүү, нефтийн том компанийнхан холбогдож буй юм. Өөрөөр хэлбэл, тэд С.Баярын энэ хэрэгт холбоотой болохыг хууль хяналтын байгууллага тогтоогоод байна.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.26  БААСАН  №148  (6115)

Б.ДАМДИН-ОЧИР


URL:

Сэтгэгдэл бичих