Япончуудын дундаж цалин, гадаадын ажилчдын виз, Токио-2020

5d3509ac24bc3

Япон улсын эдийн засгийн аль салбарт цалин хөлс хамгийн өндөр байдаг вэ? Токиогийн Олимпын дараа гадаадын ажилчдыг ямаршуухан ирээдүй хүлээж байна вэ? Шинжээчдийн үзэж байгаагаар, хамгийн өөдрөгөөр төсөөллөө гэхэд Японы дотоодын зах зээл ойрын ирээдүйд зогсонги байдалд орох төлөв харагдаж байна. Үүнээс улбаалан дүгнэлт хийхэд, дотоодын зах зээлийн нөхцөл байдалтай холбоогүй салбарын ажилтнууд л хамгийн өндөр цалинг авах нь. Энэ талаар Японы GaijinPot цахим хуудсанд Кирсти Кавано-гийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.  GaijinPot бол Япон улсад ажиллаж, сурч, амьдарч, аялахыг хүсч буй хүмүүст мэдээлэл өгдөг цахим хуудас юм.

 

Японд ажил хайж буй хүмүүст зориулсан «Дода» (doda.jp) гэдэг цахим хуудсаар явуулсан санал асуулгын дүнг үзвэл, япончуудын жилийн дундаж цалингийн хэмжээ 4 сая 140 мянган иен байна. Энэ нь ойролцоогоор 37 мянга 800 доллар бөгөөд монгол төгрөгөнд шилжүүлэхийн тулд иенээр илэрхийлсэн мөнгөн дүнг ойролцоогоор 24,5-аар үржүүлэхэд 101 сая 500 мянга орчим төгрөг болж байна.

Дээрх санал асуулгыг явуулахдаа янз бүрийн компанид бүтэн өдрөөр ажилладаг орон тооны ажилтан болох 20-65 насны 360 мянган хүнд цалингийнх нь хэмжээний талаар асуулт тавьсан байна. Эдгээр хүмүүс 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд “Дода” сайтад бүртгүүлсэн байжээ. Жилийн дундаж цалинг тооцож гаргахдаа тэдний ажиллаж буй салбар, ажлын төрөл, бүс нутаг, ажлын туршлага зэрэг маш олон хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. Эдгээр хүчин зүйл нь орлогод нөлөөлдөг нь тодорхой, гэхдээ япончуудын дундаж цалингийн хэмжээг тооцохдоо салбаруудын дундаж цалинг голлон харгалзаж үзлээ. Дор дурдсан тоонууд нь татвар төлөхөөс өмнөх орлого гэдгийг анхаарна уу!

 

Мэдээллийн технологийн салбарт ажиллагсад хамгийн өндөр цалинтай

Санал асуулгын дүнг үзвэл, жилийн дундаж цалин нь хамгийн өндөр буюу жилд 4 сая 610 мянган иений цалин авдаг хүмүүс бол мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын ажилтнууд. Энэ салбарын доод тушаалын ажилтнуудын сарын дундаж цалин 311 мянган иен, удирдах албан тушаалтнуудын цалин 517 мянган иен байгаа нь бусад салбартай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм.

Түүнээс гадна нэг онцлог зүйлийг дурдвал, эмэгтэйчүүдэд хамгийн өндөр цалин олгодог салбар бол мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар гэнэ. Тэгэхээр бүсгүй та Японд ажиллахыг сонирхож байгаа бол IT-ийн салбараас хайлтаа эхлэх нь зүйтэй болов уу.

Мэдээллийн технологийн зөвлөхөөр ажилладаг хүн салбартаа хамгийн өндөр буюу жилд 6 сая 40 мянган иений цалин авдаг бол вэб-инженерүүд 4,25 сая, вэб-дизайнерууд 3,57 сая орчим иений цалин авдаг ажээ. Тус салбарт ажиллагсдын 2,63 хувийг гадаадын иргэд бүрдүүлдэг байна.

 

Аж үйлдвэрийн салбарын дотроос секторыг зөв сонгох хэрэгтэй

 

Японы эдийн засгийн үндэс сууриудын нэг болох аж үйлдвэрийн салбарт ажиллагсад цалингийнхаа хэмжээгээр IT-гийнхний дараа ордог ба жилд дунджаар 4 сая 560 мянган иен авдаг ажээ. Эл салбарт ажиллаж буй гадаадын иргэдийн эзлэх хувь 4,17 байгаа нь нэлээд өндөр үзүүлэлт юм.

 

Гэхдээ аж үйлдвэрийн тодорхой секторуудад цалингийн зөрүү байдгийг санал асуулгын дүн харуулсан байна. “Дода” цахим хуудсанд бичсэнээр бол, энэ онд цаасны ба ариун цэврийн барааны үйлдвэрүүдэд жилийн цалингийн хэмжээ 200 мянга орчим иенээр нэмэгджээ. Ингэснээр ариун цэврийн барааны үйлдвэрлэлийн салбарын дундаж цалин 5 сая 520 мянган иенд хүрч, гэр ахуйн цахилгаан бараа, хөдөлгөөнт холбоо, сүлжээний техник хэрэгсэл ба ерөнхий зориулалтын цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарыг гүйцэж түрүүлжээ

Аж үйлдвэрийн салбарын ямар секторт ажиллах вэ гэдгээ шийдэхийнхээ өмнө та тухайн салбарын хэтийн төлвийг харж тандах нь зүйтэй. Тухайлбал, оёдлын салбарын цалин харьцангуй доогуур буюу 3 сая 760 мянган иен байдаг бол боловсруулах үйлдвэрлэлийн ихэнх салбарууд, ялангуяа өндөр технологийн салбарт дунджаас дээш хэмжээний цалинг санал болгодог гэх мэт.

 

Эрүүл мэндийн салбарын цалин хөлс урт хугацаанд тогтвортой өсдөг

Японы хөдөлмөрийн зах зээлд эрүүл мэнд, санхүү гэсэн хоёр салбар цалин хөлсний хэмжээгээр гуравдугаарт бичигдэж байна. Эрүүл мэндийн салбарын цалин хөлс 4,5 сая иен бөгөөд энэ нь мэдээллийн технологи ба боловсруулах үйлдвэрийн дараа ордог гэсэн үг юм. Гэхдээ урт хугацааны хэтийн төлвийг гэвэл, тус салбарын удирдах ажилтны сарын цалин хамгийн өндөр буюу 643 мянган иенд хүрэх төлөвтэй байна. Энэ үзүүлэлтээр IT ба харилцаа холбооны салбар /628 мянган иен/, үйлдвэрлэлийн салбар /625 мянган иен/ удаалж байна.

 

Эрүүл мэндийн салбарын дотроос эмийн үйлдвэрт ажиллагсад хамгийн өндөр дундаж цалинтай /6,11 сая иен/ бол оношилгооны аппарат, клиник судалгааны тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд /5,7 сая иен/ удаалжээ. Японы хүн ам хөгширч байгаа учраас эдгээр салбарууд цаашид улам хөгжих болов уу.

 

Нас залуу байгаа дээрээ санхүүгийн салбарт ажиллаж мөнгө хуримтлуул

Санхүүгийн салбарынхны хувьд жилийн дундаж цалин нь 4 сая 460 мянган иен байгаа ажээ. Тодруулбал, хөрөнгө оруулалт-банкны үйлчилгээний салбарт ажиллагсдын цалингийн хэмжээ 8 сая 250 мянган иен байгаа нь хуульчдын дараа орж байна гэсэн үг.

Санхүүгийн салбарт ажиллагчийн гарааны цалин нь нэлээд өндөр буюу 307 мянган иен байна. 30 настай санхүүгийн туршлагатай ажилтны хувьд сарын дундаж цалин нь бусад салбарынхтай харьцуулахад хамгийн өндөр буюу 453 мянган иен байгаа учраас та нас залуу дээрээ мөнгө хуримтлуулах боломжтой гэсэн үг.  Харамсалтай нь, санхүү ба эрүүл мэндийн салбарт ажил олох магадлал гадаадын иргэдийн хувьд бага бөгөөд эдгээр салбарт ажиллагсдын 1 хүрэхгүй хувь нь гадаадынхан байдаг.

 

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд өөрийгөө сориод үзэхээрэй!

Барилга ба үл хөдлөх хөрөнгийн салбарынхны хувьд жилийн дундаж цалин нь дээр дурдсан салбаруудынхаас бага буюу 4 сая 180 мянган иен болж байна. Эдгээрээс үл хөдлөх хөрөнгийн санхүүжилтын салбарт ажиллавал илүү орлого олох боломжтой /4 сая 860 мянган иен/. Энэ салбарт гадаадынхны эзлэх хувь 1,37 байна.

 

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллахаар бол ПИАР-ыг сонгоорой.

Цалингийн хэмжээгээр удаалж буй салбар бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэт, зар сурталчилгаа юм. Жилийн дундаж цалин нь 4 сая 120 мянган иен бөгөөд олон нийттэй харилцах болон зар сурталчилгааны агентлагуудын ажилтнууд жилийн 4,28 сая иен буюу салбартаа өндөр цалинг авдаг. Уг салбарт ажиллагсдын 2,63 хувийг гадаадынхан эзэлдэг.

 

Гадаадынхан үйлчилгээний салбарт хамгийн олноороо ажилладаг

 

Японы үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүсийн 5,12 хувийг/хамгийн өндөр үзүүлэлт/ гадаадынхан эзэлдэг ба энэ салбарын цалин хөлс нэлээд доогуурт /3 сая 760 мянган иен/ тооцогддог байна. Харьцуулваас, санхүүгийн зөвлөхүүд хамгийн өндөр буюу 5,61 сая иений орлоготой ажилладаг.

Өөр нэгэн жишээ татахад, зочид буудлын угтах ажилтан /ресепшн/ жилд дунджаар 2 сая 970 мянган иен, жуулчны хөтөч 3 сая 180 мянган иен авдаг гэх мэт.

 

Гадаадаас Японд ирж багшилж буй хүмүүсийн хувьд жилийн дундаж цалин нь 3 сая 210 мянган иен бөгөөд энэ нь сард 267 мянга 500 иен гэсэн үг юм. Улсын сургуульд ажиллаж буй англи хэлний багш сард 230 мянга иен авдаг бол хувийн сургуулийн багшийн цалин 275 мянган иенд хүрдэг. Бизнесийн англи хэл заадаг багш нар хамгийн өндөр цалин авдаг бөгөөд заримдаа цагийн 3500 иений хөлсөөр хичээл заадаг байна.  Японд англи хэлний багшаар ажиллах сонирхолтой хүмүүс манай цахим хуудасны Teaching English гэсэн буланд хандана уу?

 

 

Хамгийн бага цалин өгдөг газрууд бол жижиглэн худалдаа ба нийтийн хоолны салбар

Дундаж цалингийн жагсаалтын хамгийн сүүлд жижиглэн худалдаа ба нийтийн хоолны салбарууд /3 сая 550 мянган иен/бичигдэж байна. Эдгээр салбарт ажиллагсдын дотор гадаадынхны эзлэх хувь 3,13 % байгаа бөгөөд цаашид өсөх төлөвтэй.

Худалдааны салбар дотроо өдөр тутмын хэрэглээний барааны дэлгүүрт ажиллагсдын дундаж цалин хамгийн өндөр буюу 4,01 сая иен байна. Супермаркетууд худалдагч нартаа жилд дунджаар 3,65 сая иений цалин өгч байгаа нь жижиглэнгийн дэлгүүрүүд ба их дэлгүүрүүдтэй харьцуулахад өндөр байгаа юм.

Зоогийн газарт ажилладаг хүмүүс “изакайя” гэдэг хоолны газарт ажиллагсдаас илүү цалин авдаг бөгөөд энэ харьцаа 3,53 сая:3,46 сая байна.

 

Ажлын виз

2019 оны 4 дүгээр сард шинэ төрлийн ажлын виз олгож эхэлснээс хойш Японы үйлчилгээний болон боловсруулах үйлдвэрийн салбар гадаадын ажилчдын хамгийн их хувь нь ажиллах төлөвтэй байна. Мэргэжилтэй ажилтнуудад зориулсан тусгай визийг япон хэлээр ахуйн түвшинд ярьдаг, 14 салбарын аль нэгт нь ажиллах дадлага туршлагатай гадаадын иргэдэд олгож байна. Эдгээр нь үйлдвэрлэл, зочид буудал, барилгын цэвэрлэгээний ажил ба өвчтөн асрах ажил юм.

“Майничи Шимбүн” сонинд бичсэнийг үзвэл, ирэх 5 жилийн хугацаанд гадаадын 345 150 иргэн виз авах бөгөөд тэднээс хамгийн олон нь буюу 60 орчим мянган хүн өвчтөн асрах ажил хийнэ гэж засгийн газар тооцоолжээ. Визийг сунгах боломжтой бөгөөд ингэснээр Японд хамгийн дээд тал нь 5 жил ажиллахыг зөвшөөрнө.

Ажил эрхлэх тусгай визийн хоёрдахь төрөл бол барилга ба хөлөг онгоцны үйлдвэрт ажиллах хүмүүст зориулсан виз юм. Энэ визийг олгохдоо япон хэлний мэдлэгтэй байх шаардлагыг тавихгүй ба гэр бүлийнхээ хүмүүсийг авчрахыг зөвшөөрдөг. Уг визийг хязгааргүйгээр олон удаа сунгаж болох учраас виз авсан гадаадын иргэд Япон улсад байнга оршин суух боломжтой.

Саяхан Цагаачлалын албанаас гаргасан мэдээлэлд, Designated Activities status of residence  буюу тодорхой ажил эрхлэх зөвшөөрлийн визийн дагуу Японы их дээд сургуулиудыг төгссөн гадаадын иргэдийн ажиллаж болох салбаруудын хүрээг өргөжүүлсэн бөгөөд үүнд зоогийн газрууд, жижиглэнгийн дэлгүүрүүд ба үйлдвэрлэлийн дамжлага зэрэгт бүтэн өдрөөр хийх ажлыг оруулжээ.

Гадаадын ажилчдын тоо нэмэгдэх нь эдгээр салбарт ажиллагсдын цалин хөлсөнд хэрхэн нөлөөлөх вэ? Ажлын байрны санал нь Японы хүн амын хөгшрөлт ба төрөлт буурсантай холбоотойгоор үүссэн эрэлтийг хангах зорилготой бөгөөд цалин хөлс огцом нэмэгдэхэд хүргэхгүй болов уу. Үүний сацуу эдгээр салбар дахь үндсэн цалингийн хэмжээ тогтвортой болох ёстой. Учир нь, засгийн газар шинэ төрлийн виз гаргахдаа, уг визийг авсан гадаадын ажилчид мэргэжил нэгт япончуудтай ижил хэмжээний эсвэл тэднээс илүү цалин авах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.

 

Токио-2020-ийн дараа цалин хөлс хэрхэн өөрчлөгдөх вэ?

Токио-2020 Олимпын тоглолтын өмнө Японы хөдөлмөрийн зах зээлд эрэлт өссөн бөгөөд барилгачдаас эхлээд орчуулагч, зар сурталчилгааны ажилтны эрэлт хэрэгцээ их байгаа юм. Харин Олимпын дараа яах бол?

Японы дотоодын зах зээл агшиж байгаа учраас тус улсын компаниуд гадаадад зах зээлээ өргөжүүлэхийг оролдож байгаа бөгөөд ингэхдээ хоорондоо нэгдэх тохиолдол олонтоо гарах болжээ. Оюуны өмч ба патентын эрхийн асуудал эрхэлсэн албан тушаалын цалин өндөр байгаа нь үүнийг харуулж байна. Үүний сацуу олон компани орчуулагчдын эрэлд гарсан бөгөөд учир нь, гадаадын түншүүдтэй хийх видео бага хурлын үеэр орчуулга хийх хүмүүс нэн хэрэгтэй байгаа юм. Японы хүн амзүйн нөхцөл байдлыг харваас эл хандлага удаан үргэлжлэх бололтой.

“Дода” компанийн санал асуулгын дүнг үзвэл, өндөр түвшний мэдлэг шаарддаг мэргэжлүүд эзэмшсэн хүмүүс хамгийн өндөр цалин авах нь түгээмэл байна. Тухайлбал, хуульчид, аудитын ажилтан, бизнесийн үйл ажиллагааны реинжиниринг, стратеги ба удирдлагын зөвлөхүүд гэх мэт. Хэрвээ та өндөр цалинтай ажилд орохыг хүсч байгаа бол дээрх салбарт мэргэжил эзэмшиж, туршлагатай байх хэрэгтэй. Та гадаадын иргэн бөгөөд гадаадын зах зээлд ажиллаж байсан мэдлэг туршлагатай бол дэлхийн зах зээлийг “онилсон” Японы компаниудын хувьд үнэ цэнэтэй байх болно.

Хамгийн өөдрөгөөр төсөөлөхөд ойрын үед Японы дотоод зах зээл хямралд орохгүй юмаа гэхэд зогсонги байдалд орж магадгүй байна. Үүнээс үүдэн дүгнэхэд, дотоодын зах зээлээс хамаардаггүй салбарууд л хамгийн өндөр цалинг санал болгох боломжтой. Гэхдээ дэлхийн зах зээлийн цаашдын чиг хандлага ямар байх вэ гэдгийг урьдчилан хэлэхэд хэцүү гэдгийг бодолцоорой.

 

2019 оноос хойш цалин өснө гэж өөдрөгөөр төсөөлөх хэрэггүй

Хэдийгээр Японы компаниуд ихээхэн орлого олж байгаа боловч ажилтнуудынх нь цалин буурсаар байна. Ийм үзэгдэл дэлхий даяар хаа сайгүй ажиглагдаж байгаа билээ. Компаниудын удирдлага цалинг өсгөх сонирхолгүй байгаа шалтгаанаа “эдийн засгийн хэтийн төлөв тодорхойгүй байгаа, ийм болгоомжлол ойрын үед арилахгүй” гэж тайлбарладаг.

Авьяаслаг чадварлаг ажилтнуудыг олж авахын тулд цалин хөлсийг байнга нэмдэг хэмээн бага, дунд компаниудын удирдлага ярьдаг бол том компаниудын хувьд цалинг өсгөх сонирхол алга.

Тэгэхээр ажилтнуудын хувьд ирээдүй тийм ч өөдрөг биш харагдаж байна, ийм учраас дэлхийн зах зээлд өөрийн үнэ цэнийг өндөрт байлгахын тулд ажил мэргэжлийн шатаар өгсөх төлөвлөгөөгөө сайтар боловсруулах хэрэгтэй.

Ажил хайж буй та бүхэнд амжилт хүсье!

Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://blog.gaijinpot.com/what-is-the-average-salary-in-japan-in-2019/

 

https://inosmi.ru/economic/20190701/245359083.html


URL:

Сэтгэгдэл бичих