Д.Сүхбаатарын талбай гэж нэрлэгдсэний учир

Дэлхийн улс орнууд ихэвчлэн хотынхоо төв дунд нэг бол хаад ноёдынхоо ордны үүдэнд том талбай гаргасан байдаг. Тэр талбай нь баяр цэнгэл тэмдэглэхээс эхлээд ял шийтгэлийн арга хэмжээг гүйцэтгэдэг уламжлалтай.

Эртний монголын хотуудад өвөрмөц талбайнууд байсан баримт бий. Тийм талбайгаа “Чөлөө”, “Их чөлөө”, Өргөн чөлөө”, ”Гол чөлөө” гэх мэтээр нэрлэдэг байжээ. Нийслэл хүрээнд Богдын шар ордны өмнө “Их чөлөө”, Зүүн хүрээний өмнө “Гол чөлөө” гэсэн талбай байж.

Их чөлөө, Гол чөлөө хоёрыг холбосон зүүн хүрээний урд үүдэнд Вангай өргөн чөлөө, Сэцэн тойны өргөн чөлөө, Сангийн өргөн чөлөө нь жирийн гудамжийг бодвол урдаас төлөвлөсөн тодорхой зориулалттай өргөн цэлгэр гудамжууд байсан ба ийм дөрвөн үүдтэй байсан нь язгуурын олон хүрээ, Монгол Түрэг овог аймгуудын үеэс уламжлалтай олон мянган жилийн түүхийг өгүүлдэг байна.

Богдын шар ордны өмнөх Их чөлөө нь Зүүн хүрээ 30 аймгаар хүрээлэгдсэн Богд Жавзандамба хутагт баяр ёслолын үед өргөн олон монголчууддаа сунтагийн адис тавьж, өглөг хишгээ хайрладаг байжээ. Хүрээний их цам харайж бөхийн барилдаан болдог гадуураа шөргөн хашаатай тусгай зориулалт бүхий талбай байсан гэдэг.

Оросын эрдэмтэн А.Позднеев 1892 онд Их хүрээгээр дайрч явсан замын тэмдэглэлдээ “Богд гэгээний ордноос урагш хүрээний төвд өргөн талбай бий” гэж бичсэн байна. 1921 оны долдугаар сард Д.Сүхбаатар цэргүүдтэйгээ Нийслэл хүрээнд орж ирэхдээ Толгойтын давааны араас өглөө эртлэн мордож морин шогшоогоор Зүүн хүрээний өмнөх гол чөлөөнд орж ирэхэд Монгол Орос цэргүүд мориныхоо амыг татацгаасан гэдэг.

Энэ үеэр цэрэг дарга нарын морьд шээхэд жанжны морь шээж байгааг харсан “Ясан толгой” Гаваа гэдэг цэрэг “Бүх цэргийн жанжны морь шээхийг бодоход энэ газар их бэлэг дэмбэрэлтэй газар байна” гээд орой нь төмөр гадас авчирч Сүх жанжны морь шээсэн газар
далд ортол шаагаад орхичихжээ.

Дараа нь 1921 оны долдугаар сарын 11-нд тэр газар модон индэр босгож Монгол Улс байгуулагдсаныг зарлаж цэргийн парад жагсчээ. Индэрийн талбайг 1924 оноос Д.Сүхбаатарын талбай гэж нэрлэх болжээ.

Тэр үед манай нийслэлд гарч байсан “Известия-Уланбатар хото” сонины 1925 оны долдугаар сарын 15-ны 195 дугаарт “Монголчуудын уламжлал ёсоор Ардын хувьсгалынхаа дөрвөн жилийн ойн баярын жагсаалыг Д.Сүхбаатарын нэрэмжит талбайдаа хийлээ” гэж бичжээ. Ийнхүү өнөөдрийг хүртэл монголчууд Улаанбаатарынхаа төв талбайг Сүх жанжны талбай гэж нэрлэсээр ирлээ.

Н.Лхагва

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих