Өршөөлөөр суллагдсан П.Сумъяажав дээрэм хийгээд баригдлаа

Гэртээ байсан охидод халдаж дүүгийнх нь амийг хороогоод, эгчийг нь зэрэмдэглэсэн П.Сумъяажав дээрмийн хэргээр дахин саатуулагджээ.

Тэрээр энэ сарын 5-ны шөнө хоёр найзын хамт ломбард дээрэмдсэн байна. Дүүргийн болон Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид эрэн сурвалжилж өнгөрсөн амралтын өдөр түүнийг гэрээс нь баривчилжээ.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. П.Сумъяажав 2009 оны хоёрдугаар сард найз Д.Бямбадоржийн хамт танилынхаа гэрээс 11 сая төгрөг хулгайлахын тулд таван настай охиныг хөнөөж, 13 настай эгчийнх нь хоолойг хутгаар сийчиж хүнд гэмтэл учруулсан юм.

Гэвч Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуулиар насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн өршөөгдсөн. П.Сумъяажав өршөөгдсөнийхөө дараахан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Эгч, дүүсийг зэрэмдэглэсэн нь үнэн. Тэд хулгай хийхэд саад учруулсан учраас дүүг нь хөнөөж, эгчийг нь гэмтээсэн. Гэхдээ намайг уучилсан Ерөнхийлөгчдөө дахин, дахин баярлалаа. Би одоо сайн хүн болно” гэж байсан билээ.

Д.Болор

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих