ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХЫГ ХҮССЭН 4000 ХҮН БҮРТГҮҮЛЖЭЭ
“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл өчигдөр /2019.07.22/ 17.00 цагаас эхэлсэн. Өнөө өглөөний /2019.07.23/ статистик мэдээгээр 43 орчим мянган хүн https://nosk.ub.gov.mn/ вэб сайтад 100 мянган удаагийн хандалт хийжээ. Эдгээр иргэдээс одоогоор 4000 хүн албан ёсоор бүртгүүлсэн байна. Энэ тоо одоо ч минут тутамд өсч байгааг албаныхан хэлж буй.
Нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн хувьд алдаа гарсан зүйл байхгүй. Хэвийн ажиллаж байна. Иргэд анкет бөглөхдөө заавал бөглөх хэсгийг дутуу бөглөснөөс бүртгэхгүй байна гэдэг санал, гомдлыг ихээр хэлж байна. Өөрийн регистрийн дугаараа дутуу бичих ч юм уу. Дутуу мэдээллийг программ бүртгэж авахгүй.
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын иргэдэд түрээсийн орон сууцыг өмчлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулж байгаа. Нийслэлийн Орон сууцны корпорациас зөвхөн цахим бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Энэ ажлыг зохион байгуулахдаа хэрэгцээтэй хүмүүст нь шударгаар хамруулчих юмсан гэсэн эрмэлзлэлээр ажиллахаар зорьж байна. Түрээсийн орон сууцны эрэлт маш их байна. Зорилтот бүлгийн иргэдэд Хөгжлийн банкнаас ирсэн анхны үнээр нь буюу 1 сая 450 мянган төгрөг болон түрээслээд өмчлөх хэлбэрийн таван жилийн хүүг нийслэл хот хариуцаж байгаа учраас эрэлт их байна. Иргэд маань энэ удаагийн түрээсийн байраар хязгаарлагдахгүй гэдгийг ойлгоосой” гэсэн юм.
URL: