Элбэг нэртэй хүмүүс Монголын төрийг самардаг
Монгол төрийн алтан жолоог атгасан Элбэг нэртэй хүн гурав байдаг. Эдгээр түүхэн хүмүүсийн хэн байсан, юу хийж явсныг цагаан дээр хараар бичиж үлдээжээ. Энэ бол Элбэг нигүүлсэгч хаан, Элбэгдорж Ренчино, Элбэгдорж Ерөнхийлөгч нарын тухай түүх юм.
ЭЛБЭГ НИГҮҮЛСЭГЧ ХААН
Юан гүрэн мөхөж, монголчууд Бээжингээс хөөгдөж ирсний дараахь түүхийн гунигт доройтлын үед төр барьсан түүний мунхаглалаас болж эзэнт төр самуурч, Чингисийн алтан ургийг үндсээр нь таслах дөхсөн 100 жилийн хямралыг Монголын тал нутагт эхлүүлсэн байдаг.
1393-1399 оны хооронд төр барьсан Элбэг нигүүлсэгч хаан нэгэн өдөр ан хийж яваад цасан дээр тунарсан туулайн цусыг харж байснаа “цас шиг цагаан царайтай, цус шиг улаан хацартай үзэсгэлэнт бүсгүй байдаг болов уу” хэмээхэд Ойрадын Даюу буюу Хуухай баатар “Хаантан минь би тийм гоо эмэгтэйг мэднэ. Гэхдээ та түүнийг таалах боломжгүй, тэр бол таны хүү дүүрэн Төмөр Хархүчүг хунтайжийн хатан болох Өлзийгоо бэхи” хэмээжээ.
Согтуурхаж тэчъяадсан хаантан хүүгийнхээ хатныг харахыг хүсч, авч ирэхийг зарлигдсан ч Өлзийгоо гүнж “тэнгэр газар хоёр зэрэг ирээ юү. Тэр өөрийн хүүг алах гэж үү. Хаан ёс бус юм бодож байна” хэмээн дургүйцэн хэлүүлэхэд Элбэг хаан үүнийг эс тоон өөрөө биечлэн ирж бэрээ үзэн дурласнаар барахгүй хүүгээ хороолгож, Өлзийгоо гүнжийг хүчээр хатнаа болгожээ.
Түүнээс хэдэн жилийн дараа Өлзийгоо хатан хааны эзгүйд Даюу Хуухай баатрыг өргөөндөө урьж ихээр согтоосны дараа орон дээрээ гаргаад өөрийн хувцсыг урж, үс гэзгээ сэгсийлгэж тусламж эрэн хашхирчээ. Хааны харуулууд ирж хатны орон дээр согтож тасарсан баатрыг барин аваачаад хааны хатантанд халдаж, тэнгэрт санаархсан хэргээр яллаж хороосны дараа хаантны зарлигаар арьсыг нь өвчиж хатанд хүргүүлэхэд тэрээр “эм хүний өшөө ийм байдаг юм, хүүгээ хороосон ёсгүй хаан чи мэд” хэмээжээ.
Элбэг хаан Хуухайг хилсээр хөнөөснөө ухаарч, дотоодын эсэргүүцэл самуунаас болгоомжлох үүднээс Хуухайн хүү Батула чинсанд өөрийн охин Самар гүнжийг эхнэр болгон өгч дөрвөн түмнийг захируулав. Дөрвөн түмэн Ойрад гэх болсон нь тэр бөлгөө. Хожим Батула чинсан цэрэглэн ирж Элбэг хааныг хороож эцгийнхээ өшөөг авсан бөгөөд Алтан товчид “Элбэг хааныг Ойрадын Батула чинсан… хороож тэнгэр болгов. Батула чинсан … эхлэн дөрвөн ойрадыг аван харь дайсан болов” хэмээжээ.
Монголын эзэнт төрийг бусниулсан Элбэг нигүүлсэгч хааны мунхаглалын хор үүгээр дууссангүй. Түүнээс тавиад жилийн дараа Батула чинсангийн ач хүү Ойрадын Эсэн тайш бүх Монголыг нэгтгэж, Хятадын хааныг олзлон таван жил хонио хариулуулсны эцэст буцааж өгчээ. Эсэн тайш Монголын алтан ургийн ноёдын урвалт шарвалтад дургүйцэн, тэднээр хаан суулгадаг ёсыг халахын тулд бүгдийг нь хороохоор шийдсэн бөгөөд ноёдын чуулган зарлаж нэг нэгээр нь гэрт урьж оруулан сэм хороож, найрын гэртэй залгаж барьсан гэрт ухсан нүхэнд шидэлсээр үүр гийлгэв. Нэг шөнийн дотор 60 гаруй алтан ургийн ноёд, 30-аад жанжныг хороосон эл явдлаас үүдэн “ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл хананд” гэсэн үг гарчээ.
Алтан ургийн ноёдоос ганцхан хүн амьд гарсан нь түүний төрсөн охинтой суусан хүргэн нь бөгөөд “найрын гэрийн хаяанаас цус шүүрч үзэгдэв” гэж зарц нь сэрэмжлүүлснээр тэрээр зугтаж амжсан байна. Гэвч Эсэн тайш хүргэнээ хөөн барьж алснаар Чингисийн алтан ургийн нэг ч хүн охин байвал үсийг нь самна” гэж захижээ.
Эмээ, охин хоёр зарцынхаа охиныг үзүүлж элч нарыг хоёр ч удаа буцаасны дараа хүүг алтан ургийнхныг дэмждэг хэсэг ноёдод өгч говь уруу явуулжээ. Чингис хааны алтан ургийн цорын ганц эр, ирээдүйн Монголын хаан болох нялх хүүг Баянмөнх гэдэг байсан бөгөөд Эсэн тайшийг хороогдсоны дараа “болох жонон” хэмээн өргөмжлөгдсөн ба түүний хүү Батмөнх даян хаан 45 жил төр барьж долоон хүүтэй болсноор тасарч мөхөхөө шахсан алтан ураг сэргэж, долоон хүүдээ Монголыг хувааж өгсөн нь долоон хошуу болсон түүхтэй. Монголын түүхэн дэх анхны Элбэг нэртэй хүн ийнхүү эзэнт төрийг самууруулж, Монгол түмнийг баруун, зүүн хэмээн хоёр хуваагдан хэдэн зуунаар хагаралдаж, алалдан тэмцэлдэх үндсийг тавьжээ.
Элбэгдорж Ренчино
1900 оны эхээр Оросын хайгуулчидтай хамт Монголын нутагт хөл тавьсан энэ буриад эрийг хожмоо улаан Оросын коминтерний бүрэн эрхт төлөөлөгч болж гучин таван жил Монголын толгойг залгих хэргийг эхлүүлэх юм гэж хэн ч санаагүй. Ардын хувьсгалыг санаачлан хийсэн анхны долоогийн орчуулагч, Москва уруу тусламж гуйхаар явахад нь зараалын нэг Энэ хүний тушаалаар Ардын засгийн анхны Ерөнхий сайд Д.Бодоо, Ардын түр засгийн газрын анхны Ерөнхий сайд Д.Чагдаржав, Ардын намын анхны дарга, Сангийн сайд С.Данзан нарыг буудаж цаазалсан бол бүх цэргийн жанжин, цэргийн яамны сайд жанжин Д.Сүхбаатар болон Богд хаан нарыг мөн л мань хүний оролцоотойгоор хорлосон гэж үздэг. Далан жил үзэл сурталжсан түүхийн хөшгийг ярахад хар дээр цагаанаар бичсэн үнэн түүх нэгэнт ил болон дэлгэгдсэн. Жанжин Сүхийг гэрийн хорионд оруулан хэнийг ч, тэр бүү хэл гэргий Янжмааг нь ч оруулахгүй зөвхөн хоёр орос эмч л орох эрхтэй харуул манаа босгож, өөд болохынх нь урд шөнө Элбэгдорж Ренчино 30 орчим минут орж ярилцаад явсан баримт бий. Сүх өөрийнхөө дүү бүсгүйд “миний бие зүгээр ээ, энэ оросууд л хамрын ханиад хүрсний төлөө сүржигнээд байх юм” гэж хэлсэн хэмээн дүү нь хожим дурсаж ярьсан байдаг.
“Дан ганц Зөвлөлт Оросыг дагаж коммунизмын замаар явахгүй ээ, дэлхийн олон улстай эн тэнцүү харилцаж, капиталын замаар замнан, үлгэрлэвээс Швейцари лугаа хөгжинө” хэмээсэн Ардын намынхны эсрэг Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэй байгууллага байгуулан одоогийнМонголын Залуучуудын Холбоо 1924 оны МАН-ын III Их хурал дээр намын анхны дарга ч Монголын үй олон хатан зоригт эх оронч хөвгүүд, олон мянган сэхээтнүүдийг шороонд булсан их хядлагыг санаачлан гардаж эхлүүлсэн түүхтэй.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч
1980-аад оны сүүлчээр “Улаан од” сонины сурвалжлагч, Львовын морин цэргийн сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн нэгэн намхан бондгор залуу С.Зоригийг даган цүнхийг нь барьж энд тэндэхийн уулзалт цуглаан дээр үзэгдэх болсон бөгөөд түүнийг хожмоо Монгол Улсын Ерөнхийлөгч болох юм гэж санах нь бүү хэл хэн зүүдлэх билээ.
1992 онд УИХын гишүүнээр сонгогдсон ч тагнуулын нууц материал задруулсан Хятадын тагнуулууд хаана байдаг хэн гэгч болохыг задруулсан хэргээр дээлээ нөмрөх шахсан ч угийн зальжин зангаараа Их хурлын гишүүнээсээ огцрон ялгүй мултарч байсан түүхтэй.
Харин түүний балгаар Монголын тагнуулчдын хэдэн үеэрээ нойр хоолгүй амь дүйн зүтгэж тодорхойлсон Хятадын тагнуулын цонхууд хаагдаж, маргаашаас нь бүх тагнуулаа татсанаар Монголын тал Хятадын тагнуулын цонхнуудыг хянах боломжгүй болжээ.
1997 онд тэрээр намын дарга Ерөнхий сайд байх ёстой хэмээн зүтгэж, үнэ чөлөөлөхөөс авахуулаад бас ч гэж гайгүй гэж хэлж болохоор ажиллаж байсан М.Энхсайханы Засгийн газрыг огцруулж, 35 насандаа Ерөнхий сайд болсноор ямар нэгэн өчүүхэн шалтгаар шантаажлан Засгийн газраа огцруулдаг моод дэлгэрч, ардчилсан хүчин төр барьсан дөрвөн жилд дөрвөн ч Засгийн газар амь тавив.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед өөрийнх нь оронд дараагийн Ерөнхий сайд болгохоор яригдаж байсан ардчиллын удирдагч С.Зориг учир битүүлгээр аймшигтайгаар алагдлаа.
Улс орон даяар аймшигт автав. Нийслэлд шинээр албан тушаалд томилогдсон хүнээс захирамж тушаалыг нь барьж дарамталж байгаад байр сууц авсан гэдэг яриа ч тархлаа.
Ардын банк, ХОТШ банк, Сэргээн босголтын банкуудыг дампууруулж, Төрийн банкны активийг өөрийн найзын Голомт банкинд бэлэглэснээр банк санхүүгийн салбар туйлдаа хүрчээ. Харин 2000 оны сонгуулиар ард түмэн түүнд дүн тавьсан юм. Аргаа барахдаа аавынхаа толгойг маажив гэгчээр “Би сургуульд явлаа. Юм үзэж, нүд тайлах ёстойгоо ухаарлаа” гэж шоудав. Жижиг тугалын бэлчээр, жирэмсэн эмийн шээх газраас цааш явж үзээгүй нусгай хөвүүн бүхэл бүтэн улсын хувь заяагаар тоглож байсныг ард түмэн тэгэхэд л ухаарчээ.
2004 онд ээлжит шоугаа хийж, нэг л их нүд тайлсан хүн нүүх, үлдэх тухай юм ярьж, өөрөө түүндээ итгэчихээд Улаанбаатарыг Хархоринд нүүлгэнэ хэмээн хадуурсаар эргэж ирлээ. Түүнийг одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болгож улстөрд эргэн оруулсан бөгөөд дараа нь 2009 онд дагзаараа навс тавиулсан даа. Тэр үед насаараа зүтгэж тэмцсэн хэмээн сайрхах дуртай ардчиллынхаа нэр хүндийг Ерөнхий сайдын сандлаар худалдаж, Баянгол дүүргийн нөхөн сонгуульд нэрээ татаж онигоотов.
Дараа нь Н.Энхбаярт өрөө төлж, гарын хүнээрээ дамжуулан МАХН хэмээх нэрийг Үндсэн хууль зөрчин хууль бусаар өгснийг бүгд мэднэ. Саяхнаас тэр хаан аятай аяглаж, юм юм уруу үсчин шоудах боллоо. Арга ч үгүй биз. Шударга байцгаая гэсэн үгэндээ хүрч чадаагүй, шүүх, прокурорыг шинэчлэх амлалт нь биелээгүй, улам дордуулсан гээд олон хүнд ачаа намхан нурууг нь дарж, амьсгалыг нь давчдуулж байхад.
Жилийн дараа сонгууль болох гэж байдаг, жиргэхээс өөр юу ч хийгээгүй байдаг, амь наана там цаана яваа бололтой. “Ард түмнийг ингэж хошгируулдаг юм” гэж улаан цайм хэлсэн бичлэг нь байсаар байтал хэлээгүй гэж гүрийдэг, “Хонгорт долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар өвчилж, нас барж байна” гэж дэлгэц бүхнээр ярьчихаад яриагүй гэж Тамгын даргаараа мэлзүүлдэг ийм л хүн Монгол төрийн алтан жолоог атгачихсан шоудаж явна.
Одоо тэр тун удахгүй Авилгатай тэмцэх газар гэдэг гарынхаа хөзрөөр шоудах болно. Элбэг нэртэй хүмүүс Монгол төрийн оройд гарвал улс орныг самардаг гэдгийг түүх харуулж байна. Энэ бол санаанаасаа зохиосон юм биш хар дээр цагаанаар бичигдэж үлдсэн баримт юм шүү. Худлаа гэвэл түүх сайн уншаарай.
Эх сурвалж Ж.МӨНХБАТ
UNEN.mn
URL: