АН завсарлага авч, Ардын нам гэдийхээр шийдэв
Засгийн газарт сайдаар томилох зургаан хүнийг тус бүрийнх нь байнгын хороогоор хэлэлцэх байлаа. Тиймээс өчигдөр хамгийн түрүүнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдсан юм. Өглөөний 10.00 цагт эхэлсэн тус хурлаар Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатарыг дэмжих эсэхийг хэлэлцлээ. Ерөнхий сайд С.Батболд түүнийг танилцуулсан юм. Н.Хүрэлбаатар нь 1967 онд төрсөн юм байна. АУИС-ийг их эмч мэргэжлээр төгсөөд Японд докторын зэрэг хамгаалсан гэнэ. Ажлын гараагаа асрагчаас эхэлсэн тэрээр хөдөө суманд их эмч, АУИС-ийн багш, ХӨСҮТ-ийн дэд захирлын ажлыг хашиж байгаад Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар иржээ. Түүний төрд ажилласан хугацаа 22 жил гэж Ерөнхий сайд хэллээ. Гэвч өдгөө 35 настай тэрээр 22 жил төрд ажилласан болж таараад байгаа нь хүмүүсийн гайхшралыг төрүүлсэн юм.
Эрүүл мэндийн сайдад горилогчийг намынх нь гишүүн Д.Оюунхорол дэмжиж байгаагаа илэрхийлээд Эрүүл мэндийн сайдаар мэргэжлийн хүн томилогдохоор ирснийг олзуурхав. Харин Ц.Даваасүрэн гишүүн “Энэ салбарыг огт мэдэхгүй хүнээр сайд тавьж байсныг бодвол одоо мэргэжлийн хүн сайд болох гэж байгаа нь сайн байна” гэв.
Юун төлөө мэргэжлийн хүн билээ, салбартаа хэрэгтэй зүйлүүд хийгээрэй гэж санууллаа. Тэгтэл С.Эрдэнэ гишүүн нэр дэвшигч Н.Хүрэлбаатараас С.Ламбаа сайдыг хэр ажилласан гэж бодож байгаа талаар нь лавлав. Н.Хүрэлбаатар С.Ламбаа сайдыг зүтгэл гаргаж, хичээж ажилласан гэж үнэлж байгаа юм байна. Үр дүнд нь энэ салбарын ажлын бүтээмж 91 хувьтай явааг онцлов. Мөн С.Эрдэнэ гишүүн Ерөнхий сайдад нэг асуулт тавив. Яамны хамаг ажлыг нугалдаг төрийн нарийн бичгийн даргыг суудлаас нь сугалж, улс төрийн албан тушаалд томилох хэрэг юу байгаа юм. Эсвэл энэ хүнийг сайдын албан тушаалаар шагнав уу гэж асуулаа. Ерөнхий сайд С.Батболд “Төрийн албанд сайн ажилласан хүнийг сайд болгох ёсгүй гээд байгаа юм уу, ойлгосонгүй, гайхаж байна” гэхэд асуултын эзэн “Асуулт асууж байхад камер харчихаад шоу хийгээд байж болохгүй” хэмээн Ерөнхий сайдад хэлээд авна лээ. Ингээд байнгын хорооны гишүүд сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатарт эмнэлгүүдийн чанар чансааг дээшлүүлэх тал дээр анхаарч, эмчилгээнд тавигдах хяналтын тогтолцоог өөрчлөх ажлыг үлдсэн богино хугацаанд амжуулахыг захиад түүнийг дэмжсэн юм. Харин сайдад горилогч Н.Хүрэлбаатар 2012 оныг эмнэлгийн чанарыг дээшлүүлэх жил болгон зарласан учраас энэ талаар үр бүтээлтэй ажиллана гэдгээ хэлж байв.
11:00 цаг.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдав. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга П.Алтангэрэл хэлэлцэх асуудлыг танилцуулсан бөгөөд энэ өдөр Д.Цогтбаатарыг Байгаль орчны сайдад томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Усны нөөцийн тухай хууль гэсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.
Энэ үед УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл эхний асуудал буюу Засгийн газрын гишүүнийг томилох тухай тогтоолын төслөөр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч буйг мэдэгдлээ. Тэрээр завсарлага авч буй үндэслэлээ тайлбарлахдаа “Өнгөрөгч мягмар гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин бүлгийнхээ хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Монголын парламентын түүхэнд байгаагүй, төрийн институцид байгаагүй ноцтой хэлбэрт оруулсан хариуцлагагүй мэдээлэл хийсэн тул завсарлага авахыг хүсч байна” хэмээн тайлбарлалаа.
Үүнийг байнгын хорооны дарга П.Алтангэрэл АН-ын бүлгийн удирдлагуудаас албан ёсоор хэлэх хэрэгтэй гэсэн тул тус бүлгийн дэд дарга Л.Гантөмөр үндэслэлийг дахин хэлснээр Байгаль орчны сайдыг томилох тухай тогтоолын төслөөр АН завсарлага авлаа.
11:30 цаг
Энэ өдөр хуралдах ёстой Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны дараа боллоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудал нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл байв. Хэлэлцэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахад АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр завсарлага авахыг хүссэнээр уг асуудлыг хойшлуулав.
12:30 цаг.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав. Тус байнгын хорооны хуралдаанд оролцохоор МАН-ын бүлгийн гишүүд л иржээ. Хуралдааны ирц нэгэнт бүрдсэн тул байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хэлэлцэх асуудлыг танилцуулж баталлаа. Үүний дараа Засгийн газрын тэргүүн С.Батболд Тэргүүн шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн талаар товч танилцуулгыг хийв. Түүний танилцуулснаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй У.Хүрэлсүх нь 1968 онд төрсөн, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1989 онд армид алба хааж, 1994 оноос эхлэн МАХН-ын үйл хэрэгт зүтгэсэн нэгэн аж. Тус намын залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ дахь намын бүлгийн нийгмийн бодлогын зөвлөхөөс авахуулаад Онцгой байдал эрхэлсэн сайдын албан тушаалд тохоон томилогдсон зэргээр төрийн албанд 18 жил зүтгэж байгаа улс төрийн албан хаагч гэнэ.
Ерөнхий сайд С.Батболд ийн танилцуулаад “Хэдийгээр хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа дуусч байгаа ч мөрийн хөтөлбөрт орсон асуудлуудыг шийдэхийн тулд Тэргүүн шадар сайд гэсэн албан тушаалтан заавал байх ёстой гэж миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд үзэж байгаа тул ийн У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж байна” гэлээ. Энэ нь Ерөнхийлөгч болон АН-ын бүлгийн гишүүдийн хэлж буй тэргүүн шадар сайд гэх албан тушаалыг байхгүй болгох хэрэгтэй гэдэг үгийн хариу байсан бололтой.
Энэ үед У.Хүрэлсүхийн хуралдааныг даргалагч болон Засгийн газрын тэргүүнтэй зэрэгцэн танхимын “хойморт” суусан харагдсан. Уг нь энэ өдөр сайдад нэр дэвшиж буй хүмүүс даргалагч болон байнгын хорооны гишүүдийн эсрэг талд сууж, асуусан асуултад нь хариулж байсан юм. У.Хүрэлсүхийн энэ байдлыг харсан сэтгүүлчид “У.Хүрэлсүх уг нь нэр дэвшиж байгаа хүн биз дээ. Хэдийнэ сайд болсон аятай сууж байна” хэмээн шивэр авир хийх нь сонстож байсан юм.
Засгийн газрын тэргүүнийг Тэргүүн шадар сайдад нэр дэвшигчийг танилцуулсны дараа асуулт асуух гишүүдийн нэрсийг авахад УИХ-ын гишүүн Д.Загджав АН-ын гишүүдийг байхгүй байхад асуудлыг шийдэж болох эсэх талаар лавлах мөчид АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр танхимд орж ирлээ. Тэрээр шууд л чанга яригчаа асаан АН-ын бүлэг уг асуудалд завсарлага авахыг хүсч байна гэдгийг дуулгалаа. Энэ нь олонхиороо сууж байсан МАН-ын гишүүд болон тус байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын эсэргүүцэлтэй тулгарсан юм. МАН-ынхны зүгээс нэгэнт ирц бүрдэж, хэлэлцэх асуудлыг баталчихсан тохиолдолд тийм зүйл байхгүй гэж байв. АН-ын дэд дарга УИХ-ын Дэгийн тухай хуульд завсарлага авахыг хүссэн л бол хэлэлцэх ёсгүй гэдэг байдлаар тайлбар хийхэд Ж.Сүхбаатар дарга завсарлага авах хугацаагаа хэлэхийг шаардав. Үүнд Л.Гантөмөр гишүүний зүгээс “АН-ын бүлгийн хуралдаан болж байна. Хуралдааны дараа хугацаа болон байр сууриа тодорхой илэрхийлнэ” гэлээ.
Хуралдааныг даргалагчийн хувьд нэгэнт завсарлага хүссэн тул уг асуудлыг хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. АН-ын бүлгийн даргыг танхимаас гарахтай зэрэгцээд УИХ-ын гишүүн Д.Очирбат, Д.Лүндээжанцан, Р.Раш, Н.Энхболд нар асуудалд ингэж улс төржиж хандах хэрэггүй гэдгийг шүүмжилж байв.
14.30
Энэ цагт Ардчилсан намын бүлэг ээлжит бус хурал зарлаад байв. Гэвч товлосон цагаасаа хожуу эхэлсэн уг хурлаар Засгийн газрын сайдад санал болгосон зургаан хүний асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар хурлын дараа бүлгийн дэд дарга Л.Гантөмөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Уг нь АН-ынхан МАН-аас сайдад нэр дэвшүүлсэн зургаан хүнийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг өмнөх өдөр нь гаргаад байлаа. Түүнээс биш сайдын томилгоог УИХ-аар хэлэлцэх асуудлыг гацаахгүй гэж үзээд байсан хэрэг. Тэгтэл МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн мягмар гаригт сэтгүүлчдэд хэлсэн үг асуудлыг дахин хэлэлцэхэд хүргэсэн гэнэ. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчийн зөвшилцлийн үйл явцыг “Камерын өмнө дуудаж загнадаг шоу хэмээн тодорхойлоод ийм уулзалтад МАН-ынхан дахин оролцохгүй” гэж хэлснийг Ардчилсан нам ноцтойд тооцож байгаа юм байна. Энэ нь нэг ёсондоо Монгол төрийн алба улс төрөөс ангид байх зарчмыг алдагдуулах алхам болж байгаа. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хоорондын харилцааг ил тод байхыг хориглосон хэрэг. Ингэснээрээ төрийн өндөрлөгүүдийн харилцаанд сэв суулгаж байна. Төрийн ажлын хэлэлцээ олны нүдэнд ил бус нууцаар явагдах ёстойг МАН дэмжлээ хэмээн АН-ын бүлэг үзжээ.
Тиймээс тэд дөрвөн сайдыг томилох асуудлаар завсарлага авах болсноо мэдэгдэв. Тэд Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийллээ. Засгийн газрын танхимын ирцийг бүрдүүлж, үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байх үүднээс Эрүүл мэнд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад парламентын гаднаас санал болгосон Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нарын томилгоог УИХ-аар хэлэлцье. Харин У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг сайдад томилохыг эсэргүүцэж, завсарлага авч байгаа юм байна. Гэхдээ МАН-ын генсек У.Хүрэлсүхийн горилоод байгаа тэргүүн шадар сайдын албан тушаалыг байх ёсгүй. Учир нь уг албан тушаал нь зөвхөн хамтарсан Засгийн газрын үед байсан гэж үзэж байгаа юм байна. Энэ шийдвэрээрээ АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа аж. Ингээд бүлгээс гаргасан саналаа Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Энэ бүхнийг ярьсны дараа бүлгийн дэд даргаас сэтгүүлч “Хамтарсан Засгийн газарт орж ажилласан зургаан сайд ч парламентын гишүүн байсан. Гэтэл АН яагаад сайдад горилж байгаа МАН-ын гурван гишүүнийг эсэргүүцээд байгаа юм” хэмээн асуулаа. Үүнд бүлгийн дэд дарга “Тэр бол гурван жил хагасын өмнө байсан зүйл. Одоо шинэ нөхцөл байдал үүсээд байна. Тэгээд ч УИХ-ын гишүүд оруулж Засгийн газрын танхимын гуравны нэг нь УИХ-ын гишүүн байна гэсэн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах төсөл өргөн барьчихсан. УИХ энэ хуулийг батлаагүй ч үндсэндээ зарчмын хувьд тохирчихсон асуудал гэж үзэж байгаа. Бид өнгөрснийг биш маргаашаа харж ярих хэрэгтэй” гэж хариулсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Үндсэн хуулийн ямар ч өөрчлөлт дэмжихгүй гэдгээ хэлчихсэн шүү дээ” гэсэн асуултыг хариу илгээлээ. Тэгэхэд нь Л.Гантөмөр гишүүн “МАН-ынхныг гаргасан шийдвэрээ ямар ч байсан эргээд хараач ээ гэдэг асуудлыг бид тавьж байна. Үнэндээ Ерөнхийлөгч тэднийг дуудаж уулзсаны дараа асуудлыг нам дотроо ярих байсан. Гэвч тэгээгүй. МАН-ын дарганамынхаа генсекийг сайд болгож, хоорондоо зөвшилцөх гээд байгаа юм уу” хэмээв. Эцэст нь парламентын гаднаас сайдад нэр дэвшүүлбэл тухайн албан тушаалдаа тэнцэхгүй л хүн биш бол тэднийг АН дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
АН-ын бүлгийг хуралдаж байхтай зэрэгцэн МАН-ын бүлэг ч энэ өдөр хуралдаад амжив. Гэхдээ тэд удаан хуралдсангүй. АН ямар ч шийдвэр гаргасан бай МАН өөрийнхөө байр сууриас хазайхгүй гэж ярилцсан байна. Сайдад санал болгосон гишүүдээ өөрчилнө гэж байхгүй гэжээ. Ямартай ч Ардчилсан намтай үзэлцэнэ хэмээн ярьцгаасан гэнэ.
16:30
АН-ын бүлгийн хуралдаан дуусч, холбогдох асуудлыг хэрхэх тухай шийдвэрийг гаргасан тул Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Байгаль орчны сайдад Д.Цогтбаатарыг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Засгийн газрын тэргүүн С.Батболд Д.Цогтбаатарын ажлын туршлагын талаарх танилцуулгыг хийлээ. Тэрээр 1970 онд төрсөн. Москвагийн их сургуульд боловсрол эзэмшсэн. 1998 оноос эхлэн тухайн үеийн Гадаад хэргийн яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд түүний дундуур 2007-2008 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын гадаад хэргийн асуудал эрхэлсэн зөвлөх хэмээх улс төрийн албан тушаалыг хашиж явсан нэгэн.
Харин эргээд 2008-2010 онд тус яамны төрийн нарийн бичгийн дарга хэмээх төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд очсон. Гэсэн ч 2011 оны нэгдүгээр сараас эхлэн Ерөнхий сайд С.Батболдын зөвлөхөөр ажиллаж эхэлжээ.
Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүд нэлээд олон байлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг зэрэг гишүүдийн асуулт хөвөрлөө. Тэд Д.Цогтбаатараас “урт нэртэй” хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй технологийг хэрхэн нэвтрүүлэх, тус салбарын хууль эрхзүйн орчныг өөрчлөх зорилгоор УИХ-д өргөн баригдаад буй байгаль орчны багц хуулиудыг батлуулахад яаж ажиллах гэх мэт асуултыг асууж байв. Нэр дэвшигчийн зүгээс цаашид эдгээрт анхаарч ажиллана, асуудлыг судална гэсэн товчхон хариултыг өгч байлаа.
Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн зүгээс Ерөнхий сайдад асуулт тавилаа. Тэрээр “МАН боловсон хүчний хомсдолд орсон юм уу” гэв. Учир нь сайдад нэрийг нь дэвшүүлж буй Д.Цогтбаатар нь төрийн жинхэнэ албан хаагч. Түүнийг улс төрийн албан хаагч болгож ийн шууд оруулж ирж байгаа нь тус нам боловсон хүчний дутагдалд орсны шинж хэмээн тайлбарлаж байв. Нөгөө талаас Д.Цогтбаатарын хийж байсан яамны төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол төрийн албаны хамгийн дээд албан тушаал. Хувь хүний хувьд маш өндөр карьер. Гэтэл сайдад нэр дэвшиж улс төрийн албан хаагч болох гэж байгаа нь өнөөдрийг хүртэл бүрдүүлж ирсэн карьераа үгүй хийхэд хүргэнэ гэдгийг Д.Цогтбаатарт хандан хэлж байлаа.
Гишүүний асуултад Ерөнхий сайд С.Батболд хариулахдаа “Э.Бат-Үүл гишүүнийг ийм зүйл ярьж байгаад харамсаж байна” хэмээсэн. Учир нь Э.Бат-Үүл гишүүн өнөөдрийг хүртэл өөрийнхөө ярьж ирсэн ардчилал, үнэт зүйлтэй зөрчилдөх зүйл ярьсан гэнэ. Ерөөс суурь үндсээрээ буруу аж. Төрийн албаны хүн улс төрд орж болохгүй гэсэн зүйл байхгүй. Нөгөө талаас энэ хүн өнгөрсөн онд улс төрийн албан хаагч болсон тул гишүүний ярьж байгаа зүйл нь логикгүй зүйл байна гэж байлаа.
Үүнийг сонссон Э.Бат-Үүл гишүүн логикгүй, боловсролгүй зүйл ярьдаг хүн биш гэдгээ хэлээд авна лээ. Тэрээр мөн сонгууль дөхөж байгаа энэ үед намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг тэргүүн шадар сайдад нэр дэвшүүлсэн нь МАН-ынхан Засгийн газрыг сонгуулийн штаб болгон ашиглах гэж байгаа хэрэг хэмээж байсан юм.
Түүнчлэн яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг сайд болгох гэж зүтгэж байгаа нь дараа дараагийн төрийн албан хаагчдын МАН-д зүтгэвэл ийм шагнал өгдөг юм гэсэн практикт байхгүй жишиг тогтоох гэсэн үйлдэл хэмээн Э.Бат-Үүл гишүүн нэлээд ширүүхэн дуугарч байлаа.
Ийнхүү хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад Д.Цогтбаатарыг Байгаль орчны сайд болгохыг МАН-ын гишүүд бүгд дэмжсэнээр олонхийн саналаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр болсон юм.
Харин Э.Бат-Үүл гишүүн байр сууриа хамгаалсаар цөөнх болно гэдгээ мэдэгдлээ.
17:00
Харин үдээс хойш 17.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор тэргүүн шадар сайдад санал болгосон МАН-ын генсек У.Хүрэлсүхийг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр цугласан юм. Гэвч АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр завсарлага авч байгаагаа албан ёсоор танилцуулсан учраас хурал тарлаа. Уг нь үүний дараа чуулган хуралдах байсан ч болсонгүй. Учир нь МАН-ын гишүүд бие биеийнхээ өрөөнд хэсэг хэсгээрээ цуглаж байв. Тэд УИХ-ын чуулганаар сайдад санал болгоод байгаа зургаан хүний хоёрынх нь томилгооны асуудлыг тасдаж оруулна гэж байхгүй хэмээн ярилцжээ. Засгийн газрын зургаан сайдыг томилох асуудал Сонгуулийн хууль гацаанд орсонтой адил болж хувирав бололтой.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ Т.ГЭРЭЛМАА
URL: