Гадаад паспорт хуурамчаар үйлддэг “бизнес” хэзээ зогсох вэ, Л.Мөнхбаатар даргаа

Монгол улсын иргэд төдийгүй гадаад улсын иргэд хуурамч үнэмлэх, гадаад паспорт гаргуулаад авчихсан жишээ тасрахгүй байна. УБЕГ иргэний үнэмлэх, гадаад паспорт үйлдвэрлэж иргэдэд олгож байгаа ганц байгууллага. Гэтэл хуурамч бичиг баримттай иргэд маш олон байгаа нь иргэдийг энэ төрлийн “бизнес” УБЕГ-т цэцэглэсэн хэмээн үзэхэд хангалттай жишээ болж байгаа юм. Ялангуяа гадаадад зорчихын тулд хуурамч паспорт гаргуулж авдаг байдал тасрахгүй байгааг хил гааль, ТЕГ-ын мэдээллээс харж болно. Зарим улсад зорчих эрхгүй болж “хар тамга” даруулсан иргэд хуурамч гадаад паспорт гаргуулдаг тухай яриа газар авсаар байгаа юм. Үүнийг  хилээр хуурамч бичиг баримт ашиглан нэвтрэх гэж байгаад баригдсан хүмүүсийн тооноос харж болно. Хилийнхний мэдээлж буйгаар хуурамч гадаад паспорт ашиглаж хил нэвтэрсэн иргэд тухайн орондоо баригдаж буцаж ирэхдээ өөрийнхөө “ориг” паспортын дугаараар ирэх явдал нэмэгдсэнтэй холбогдон зарим нэг хүндрэл үүсч байгаа тухай яригдаж байна. Тухайлбал өнгөрсөн оны 10 сарын 26-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-302 дугаар аялалын онгоцоор БЗД-ийн оршин суугч О.Төртогтох өөрийн регистрийг өөрчилж, тоот хуурамч паспорт  гаргуулан, улсын хил зөрчсөн үйлдлийг Хилийн 0218 дугаар ангийн шалгагч, ахлагч Е.Еркэгүл илрүүлэн, Хилийн тагнуулын тасагт хүлээлгэн өгсөн байна. Мөн хилийнхэн сүүлийн үед Монгол Улсын иргэд  бусдын нэрээр паспорт гаргуулах, овог нэрээ өөрчлөн пасдорт гаргуулж хил зөрчин ирж байгааг хилийн мэдээ баримтдаа дурджээ. Хил гаалийнхан энд нэг зүйлийг онцолж байгаа. Тэр нь дээрх хэлсэн өмнө нь УБЕГ-аас бусдын нэрээр паспорт гаргуулсан, бусдын баримт бичиг ашиглаж хил зөрчсөн иргэд буцаж эх орондоо ирэхдээ өөрийн паспортоо ашиглах явдал гарах болсон тухай мэдээлэл юм.
Үүнээс гадна хуурамч гадаад паспорт гаргуулсан баримтыг ТЕГ-ынхан ч олж авсаар байгаа юм. Наад захын жишээ гэхэд иргэн Самбажав овогтой Ариунцэцэг гэгч нь  Намхайжанцан овогтой Хандмаа гэсэн нэртэй, Е-0646355 дугаарын хуурамч гадаад паспорт гаргуулан авч, Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, БНСУ-руу явсныг тагнуулынхан илрүүлж шалгаж эхлсэн байна. Мөн  Дамбийнямын Алтангэрэл нь Өлзийноров овогтой Гансүх гэсэн нэртэй Е-0466964 дугаарын гадаад паспорт гаргуулан авч, Буянт-Ухаа боомтоор хил нэвтрэх гэж яваад баригдсан байна.
Дээрх баримт сэлтээс харахад УБЕГ-ынхан зарим иргэдэд хуурамч гадаад паспорт гаргаж өгдөг нь тодорхой харагдаж байна. Ялангуяа “хар тамга” даруулж аль нэг улсын визэнд орох боломжгүй болсон иргэд хуурамч гадаад паспорт гаргуулахаар УБЕГ-ын ажилтнуудад ихэвчлэн ханддаг гэсэн яриа ч газар сайгүй гарсаар байгаа юм. Харин Л.Мөнхбаатар дарга энэ мэт хууль бус явдлыг хэрхэн хязгаарлаж, ажилтнуудынхаа нууц орлогын эх үүсвэрийг зогсоосон тухайгаа дурсахгүй л байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих