Улс төрчдийн шоу: Нам байгуулж “амбицлах” хоббитой юу
Манай улсад улс төрд хүчин зүтгэж яваа нөхөд нам байгуулж, амбицлах хоббитой болсон гэхэд буруутахгүй. Улс төрийн намыг ихэнхи иргэд Ардчилсан нам, Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоон нам зэргээр л төсөөлдөг. Тэгвэл Монгол улсыд 33 нам албан ёсны бүртгэлтэй байдаг юм.
Хамгийн сүүлд л гэхэд, Улсын дээд шүүх Н.Жамсран нарын иргэдийн Монгол шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэв. Улмаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэн тус намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.
Манай улс 3 сая 2 мянган хүн амтай бөгөөд 100 мянган хүн тутамд нэг нам ногдохоор боллоо. УИХ-ын сонгууль бүрийн өмнө улс төрийн намууд шинээр байгуулагдах үзэгдэл ихэсдэг юм. Үүний дагуу шинэ намууд “төрсөөр” байна.
Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан ч бүрдүүлэх материал дутуу гэдэг үндэслэлээр түр буцаагдсан намууд бий. Тухайлбал, Үйлдвэрчний эв нэгдэл нам, Монголын төв нам, Капиталист нам зэрэг намуудыг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан байдаг. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй ч Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэрээ авч баталгаажуулсан 200 гаруй нам бий гэх судалгаа гарчээ.
1. Монгол ардын нам
2. Ардчилсан нам
3. Монголын ногоон нам
4. Иргэний зориг ногоон нам
5. Монголын уламжлалын нэгдсэн нам
6. Монгол либерал ардчилсан нам
7. Эх орон нам
8. Монголын либерал нам
9. Бүгд найрамдах нам
10. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам
11. Монголын социал демократ нам
12. Ард түмний нам
13. Монгол үндэсний ардчилсан нам
14. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
15. Иргэний хөдөлгөөний нам
16. Хөгжлийн хөтөлбөрийн нам
17. Монголын ардчилсан хөдөлгөөний нам
18. Монгол ардын хувьсгалт нам
19. Хамуг Монголын хөдөлмөрийн нам
20. Хөдөлмөрийн үндэсний нам
21. Эх орончдын нэгдсэн нам
22. Монгол консерватив нам
23. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам
24. Ард түмнээ хайрлая нам
25. Монголын хүний төлөө нам
26. Үнэн ба зөв нам
27. Зон олны нам
28. Дэлхийн монголчууд нам
29. Ард түмний олонхийн засаглал нам
30. Их эв нам
31. Гэр хороолол хөгжлийн нам
32. Миний Монгол нам
33. Монгол шинэчлэлт нам
Эдгээр 33 нам одоогийн байдлаар улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа юм. Түүнчлэн нам байгуулах хоббитой гишүүдийн нэг нь Ж.Батзандан гэдэг. Тэрбээр 2000 оны дунд үеэс Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн гэгчээр Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар нар олны танил болж байсныг олон хүн санаж буй. Улмаар олны анхааралд өртсөн дээрээ сонгуулийн өмнөх жил нь хөдөлгөөнүүдээ нэгтгэн “Иргэний хөдөлгөөний нам” байгуулж 2007.08.17-ны өдөр УДШ-ийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор бүртгүүлж, улсын бүртгэлд 2007-10-24-ны өдөр бүртгэгдсэн байна. Тухайн үед намын даргаар нь Ж.Батзандан болж байлаа. Улмаар 2008 оны сонгуульл нэр дэвшсэн, өвдөг шороодсон. Өвдөг шороодсон шарандаа 2008 оны 07-р сарын 01-ны хар өдрийн жагсаалыг эхлүүлсэн түүх бол Ж.Батзандан, О.Магнай нарынх. Улмаар тэднийг 2008 оны 07.05-ны өдөр Долдугаар сарын 1-ний үймээн самууныг зохион байгуулсан хэргээр Ганцхудагийн урьдчилан хорих төвд саатуулж, Ж.Батзанданд Эрүүгийн хуулийн 177-р зүйлийн 2 буюу занданчлах, 179-р зүйлийн 1 дэх хэсэг буюу нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн, 130-р зүйлийн 2 буюу сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг ялыг тулгаад байв. Гэвч АН-д элсэх сургаар хэрэг нь замхрах шатандаа орсон юм. Тодруулбал, 2008 оны есдүгээр сарын 26-ны өдөр ИХ-ний намыг үүсгэн байгуулсан гэдэг Ж.Батзандан, О.Магнай нар Ардчилсан намд албан ёсоор элсэж, хэсэг хугацааны дараа хэрэг нь хаагдсан байдаг.
Саяхныг хүртэл Ж.Батзандан АН-ын гишүүн байсан юм. Гэтэл Л.Болд гишүүнтэй дөрөө харшуулан намаасаа гарч, шинэ нам байгуулж, дарга нь болохоор тохиролцоо хийж яваа гэх. Тэрбээр бүр намынхаа их хурлыг хүртэл хийгээд амжсан. Харин шинэ намаа одоогоор Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй байгаа ажээ.
Ирэх жилийн сонгууль хүртэл хэдэн нам шинээр байгуулагдахыг тааж эс чадна. Харин тэд сонгуулийн дараа таг чиг болцгоодог нь улс төрийн хийрхэл гэлтэй.
Dorgio.mn
URL: