190 сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн үүр олджээ

Өмнөд Африкийн Алтан хаалга хэмээх газраас чулуужсан өндөгтэй үлэг гүрвэлийн яс, бяцхан хөлний мөр олджээ. Торонто Их сургуулийнхан энэ үнэт олдворынхоо зургийг нэгдүгээр сарын 23-нд дэлхий нийтэд дэлгэлээ.

Юрийн галавт хамаарагдах массоспондилус хэмээх нас бие гүйцсэн гүрвэлүүд дөрвөөс зургаан метр өндөр байжээ. Массоспондилус гүрвэлүүд биеийн овор хэмжээгээрээ дунд зэрэгт ордог. Эртний галавын үеийн энэ аварга амьтдын өндөгний диаметр нь зургаахан см байх нь хачирхалтай.

Хүч хөрөнгө зарсан, эрдэм шинжилгээний энэ томоохон цогц малтлагын ажлыг Канадын палеонтологчид Өмнөд Африкийн эрдэмтэн судлаачидтай хамтран хийсэн билээ.

Палеонтологийн энэ үнэт ховор олдворыг Өмнөд Африкийн Алтан хаалга хэмээх газраас олсон байна. Өмнөд Африкаас олдсон эдгээр чулуужсан олдворууд одоогоос190 сая жилийн өмнө массоспондилус хэмээх үлэг гүрвэл амьдарч байсан гэдгийг баталж чаджээ.

Эрдэмтэд олдоод буй чулуужсан үүрнүүдийг бүрэн хамгаалалтад авч амжаагүй байна. Эдгээр олдвор зам засахаар хагалж буталж байсан хад чулуун дундаас олджээ. Торонто Их сургуулийн палеонтологич Роберт Рейз “Бид одоогоор 10 гаруй үүр олоод байна. Гэхдээ тэр үүрнүүд хэдэн тонн хад чулууны дор дарагдсан байгаа. Бидний мэдээгүй олон өндөгтэй үүрүүд урт удаан цаг хугацааны туршид байгалийн нөлөөллөөр ус, давс эрдэс бодист угаагдан элэгдсээр устан үгүй болох эрсдэлд байгаа” хэмээн хэлжээ. Эрдэмтэд судлаачдын таамаглаж байгаагаар үлэг гүрвэлүүд бүлгээрээ, зохион байгуулалттайгаар үүрээ барьж, өндгөө дардаг байж.

Энэ олдвор нь үлэг гүрвэлийн үр хөврөл, өсөн үржсэн биологийн хөгжлийн түүхийг нарийвчлан тогтооход шинжлэх ухааны чухал баримт болно гэж эрдэмтэд үзэж байна.

Д.АЗЗАЯА


URL:

Сэтгэгдэл бичих