Утаанаас үүдэж хохирсон иргэд төрөөс нөхөн төлбөр гаргуулахаар шүүхэд хандана

“ХАТАГТАЙ” ЭМНЭЛЭГТ ӨЧИГДӨР ХАНДСАН ДӨРВӨН ЭХИЙН УРАГ ӨСӨЛТГҮЙ БАЙЖЭЭ-

Нийслэлийн утаанаас болж эрүүл мэндээрээ хохирсон иргэд хорооны Засаг даргаас эхлээд Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болсон. “Ирээдүйн хот” төрийн бус байгууллагаас ийм санаачилга гаргасан бөгөөд хотын утаанаас болж эрүүл мэндээрээ хохирсон, эмчилгээнийхээ зардлыг нэхэмжлэх хүн байвал тэдэнтэй нэгдэж болох аж. Тус төрийн бус байгууллагын санаачлагчдын нэг “Хаmагтай” эмнэлгийн захирал А.Отгонболдтой ярилцлаа.

-Шүүхэд хандах нь нийслэлийн утаатай тэмцэж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болох уу?

-Үгүй. Улаанбаатарт төрж, өссөн иргэд нийслэлийнхээ төлөө ярьж хэлэх зүйл их байна. Нэгдүгээрт, өвлийн улиралд утаа, зун цагт агаарын бохирдол гамшгийн хэмжээнд очоод удаж байна. Агаарын бохирдолтой тэмцэх талаар олон дарга нарын яриаг сонслоо. 100 мянган айлын орон сууц л гэнэ, утаагүй зуух л гэнэ.

Үр дүнгээ өгсөн нь хаана байна. Дарга нар бидний татварын мөнгийг үрээд, худлаа яриад суугаад байж болохгүй. Тиймээс утаанаас үүдэж иргэд ямар хохирол амссан бэ гэдгийг тодорхой болгоно. Би л гэхэд арьсны харшилтай болчихсон. Арьсны өвчин судлалын төвийн эмч нар миний өвчнийг утаанаас болсон гэдгийг тогтоочихсон. Тиймээс би утааны бохирдол үүсгэсэн нөхрийн эсрэг нэхэмжлэл гаргаж шүүхэд хандана. Утаанаас болж хэдэн төгрөг эрүүл мэнддээ зарцуулсан баримтаа бүрдүүлчихсэн байгаа.

-Хэнийг шүүхэд өгнө гэж?

-Хорооны Засаг даргаас Ерөнхий сайдыг хүртэл. Хороон дарга миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд тэнд сууж байгаа биз дээ. Өнгөрсөн гурван жилд судалгаа хийхэд бага, дунд орлоготой гэр бүл төсвийнхөө 40 орчим хувийг зөвхөн эм худалдаж авах, эмнэлэгт үзүүлэхэд зориулж байгаа тооцоо гаргасан. Өнөөдөр л гэхэд надад үзүүлсэн дөрвөн эхийн ураг нь өсөлтгүй болчихсон байна. Тэр ээжүүдийн сэтгэл зүй ямар байгаа билээ. Ийм зовлон амсчихаад дуугүй байгаад байх уу. Монголын төр “Долдугаар сарын 1″-нд буудуулж амиа алдсан дөрвөн хүн, угаартаж нас барсан нэг хүний ар гэрт 50 сая төгрөг олгосон шүү дээ. Тэгвэл утаанаас болж ээжийнхээ гэдсэнд амиа алдаж байгаа иргэдийн нөхөн төлбөрийг нэхэх эрхтэй. Ядаж татварынхаа мөнгийг хөнгөлүүлмээр байна.

-Ямар шугамаар нөхөн төлбөр нэхэх вэ?

-Эмнэлгээс утаанаас болж өвдсөн, хохирсон гэдэг тодорхойлолт авах юм. Утаанаас болж хохирсныг нь манай эмнэлэг болон дүүргүүдийн эмнэлэг шийдэж өгнө. Утаа нэгдүгээрт, уушгинд, хоёрдугаарт арьсанд, гуравдугаарт нүдэнд нөлөөлж байгаа. Цаашлаад зүрх, цусанд бүр урагт нөлөөлж байна. Энэ бүхнийг бид тодорхойлоод эмчийн магадлагаа гаргаж хуульчдад өгнө. Арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй хуульчийн баг бий. Тэд нэхэмжлэлийн асуудлыг хариуцах юм. Тэд маань стратегийн өмгөөлөл хийнэ.

-Тэгвэл хохирсон иргэд хэзээнээс нөхөн төлбөр авах вэ?

-Мэдээж нэг, хоёр жилийн асуудал биш. Шүүх ямар хурдтай билээ. Гэхдээ ямар ч байсан хийлгэсэн эмчилгээнийхээ нөхөн төлбөрийг авах л болно.

-Та хэдэн төгрөг нэхэмжлэх вэ?

-Эхний ээлжинд найман сая төгрөг нэхэмжилнэ. Германы эмч нар намайг тоосонцор, хар тугалгийн хорноос болж өвчилсөн гэсэн. Би хар тугалгатай орчинд амьдардаггүй. Харин утаан дунд хар тугалга байгаа. Би жилд 180 мянган төгрөгийг зөвхөн дусаалгаа авахад зориулдаг. Энэ мэтээр зөвхөн хэрэглэсэн эм, тарианыхаа мөнгийг л нэхэмжилж байгаа нь тэр.

-Ураг өсөлтгүй болсныг утаанаас үүдэлтэй гэдгийг яаж тогтоох вэ?

-Нэгдүгээр төрөх эмнэлгийн чанарын менежер Баясгалан 14 хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа он гарснаас хойш зөвхөн I төрөхөд 400 гаруй эх, өсөлтгүй ургаа тээж байгаа гэсэн оноштойгоор цэвэрлүүлж байгаа тухай мэдээлсэн. Манай эмнэлэгт л гэхэд өдөрт хоёр эх дээрх оношоор цэвэрлэгээ хийлгэдэг. Хавдар судлалын үндэсний төвийн Оюунцэцэг эмч уушги чулуужиж, хорт хавдар ихэсч байгааг ярьсан. Бүгд утаанаас болсныг дүгнэж хэлж байна. Агаарын чанарын албаны мэдээгээр өдөр бүр бохирдол “Аюултай” гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хэвлийд байгаа ураг ч хүн. Төр нэг хүний амийг 50 орчим сая төгрөгөөр үнэлдэг жишиг тогтоочихлоо. Гурван жирэмсэн эхийн нэг нь өсөлтгүй ураг тээж байгааг судалгаа харуулдаг. Утаанаас өөр шалтгаан ч бий л дээ. Түүнийг нь тогтоочихъё. Бэлгийн замын халдарт өвчин эсвэл цусны бүлэг таараагүйгээс ураг өсөлтгүй болсон бол нэхэмжлэл гаргах шаардлагагүй. Харин утаанаас өөр шалтгаан тогтоогдохгүй бол хохирлоо нэхэмжлэх бүрэн үндэслэлтэй. Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа төсөв хоёр дахин нэмэгдсэн гэж ярьсан. Энэ хэрээр өвчлөл нэмэгдсэн гэсэн үг.

-Хэр олон хүн хандаж байна вэ?

-Өчигдрөөс хойш 30 гаруй хүн ирж уулзлаа. Интернэтээр маш олон хүн хандаж байна.

-Танай эмнэлэг болон бусад хувийн эмнэлэгт үзүүлэхэд бас л мөнгө хэрэгтэй болно. Хохирсон гэдгээ тогтоолгохын тулд бас мөнгө төлөх юм биш үү?

-Зүгээр ирээд үзүүл. Харин нэхэмжлэхээ аваад шүүхэд өгөх нотлох баримт болго. Би мэргэжлийнхээ дагуу эхчүүдийг үзнэ. Бусад нарийн мэргэжлийн эмч нарыг мэдэхгүй байна.

-Хохирсон гэх бүх хүнийг нэгтгэж байгаад Засгийн газрыг шүүхэд өгвөл Хорооны Засаг даргын эсрэг гомдол гаргаснаас илүү үр дүнтэй биш үү?

-Хохирсон хүн өдөр ирэх тутам нэмэгдээд байна. Хорооны Засаг даргаас эхэлье л дээ. Тэр нь цаашаа хэндээ хандах нь өөрийнх нь хэрэг.

-Шүүх та бүхний нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж төрөөс нөхөн төлбөр олголоо гэхэд нийслэлийн утаа багасах уу?

-Тэр чухал биш. Харин миний төлөх татвар багасна. Утаа бууруулах нь миний үүрэг, зорилго биш. Г.Мөнхбаяр даргын л үүрэг. Би хохирлоо л барагдуулна.

-”Долдугаар сарын 1″-ний хохирогчид шүүхэд хандаагүй. Харин улс төрийн тэмцэл хийж байж нөхөн олговроо авсан.

-Бид ч тэмцэнэ. Эхний ээлжинд хуулийн дагуу явна.

А.Отгонболд эмчтэй ярилцаж байх зуурт гурван иргэн ирлээ. Тэд утаанаас болж эрүүл мэндээрээ хохирсон гэнэ. Тиймээс нөхөн төлбөрөө гаргуулахаар хөөцөлдөж яваагаа ярьж байв. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэн Н.Борхүүхэн “Би эмч мэргэжилтэй. Уушгины өвчтэй. Байнга ханиана. Унтаж чадахгүй. Арга ядахдаа дарс, монгол архи халааж уугаад жаахан унтдаг. Миний гучин настай хүү ч утаанаас болж харшилтай болсон. Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргад ч хандаж байлаа. Одоо шүүхээр явах, тэмцэхэд бэлэн байна” гэсэн юм. Мөн М.Батчулуун “Миний уушгины доод хэсэг устчихсан. Байнга шахам эмнэлгээр явдаг. Ухаан алдаж унадаг. 38 мянган төгрөгийн үнэтэй цацлагын хүчээр амьд явж байгаа. Утаанаас болж ийм болсон гэж эмч хэлсэн. Үхэхээсээ өмнө энэ төрөөр хохирлоо барагдуулмаар байна” гэсэн юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих