Саарал жагсаалт ба Монгол

5d23e057496400.79279574Дэлхийн бохир мөнгө угааж байгаа орнуудыг олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх FATF гэх байгууллагаас жагсааж энэ асуудалд улс, орны удирдлагууд анхааран ажиллахыг сануулан, биелэлтэд нь хяналт тавьдаг билээ. Хар болон саарал жагсаалтад бичигдэж байвал тухайн улс, оронд бохир мөнгө угаах ажил, авлига хамгийн их байдаг гэж ойлгож болно.

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын саарал жагсаалтад орохгүй, эдийн засгийн хувьд чөлөөтэй үлдэх эсэх нь ирэх аравдугаар сард тодорхой болох юм.

Энэхүү жагсаалт зүгээр нэг гардаг жагсаалт биш улс, орны эдийн засагт шууд нөлөөлдөг гэдэг утгаараа Монголын төр, засгийнхан хариуцлагатай хандахгүй бол болохгүй гэдгийг дахин сануулсан хэлбэр юм. Өмнө нь маш олон сануулгыг 40 гаруй санал, зөвлөмжийн хамт ирүүлж байсан ч өнөөдөр үүнээс цөөн хэдхэн нь хэрэгжиж, бусад нь цаасан дээрх бичиг хэвээрээ үлдсэн байгаа юм.

Саарал жагсаалтад орвол ямар эрсдэлтэй болох талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун “Саарал жагсаалтад орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулах, банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй байдаг.

Санхүүгийн системийн үйл ажиллагаанд доголдол үүсэхэд үр дагавар нь нийт эдийн засагт шууд мэдрэгдэж, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт олоход ч хүндрэлтэй болно. Оллоо гэхэд энэхүү хөрөнгө оруулалтынх нь зардал эрс нэмэгдэж, эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж, эцсийн хэрэглэгч болох энгийн хүмүүст дарамт болдог” гэж тайлбарлаж байв.

Ингээд одоо монголчуудад хууль журмыг өөрчлөн бохир мөнгөний урсгалаас эдийн засгаа аврах ганцхан гарц л үлдэж байгаа аж. Ингэж чадаж гэмээнэ хар жагсаалтаас нэг удаа мултрах боломжтой аж.

НАЙМДУГААР САРД СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРОХГҮЙ БАЙХ ХАМГААЛАЛТ ХИЙНЭ

Энэ асуудалд хэрхэн анхаарлаа хандуулж байгаа талаар Монголбанк мэдээлэл хийх үеэр тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг тайлбар өгөв. Тэрбээр, “2016 оны 10 дугаар сард Ази Номхон далайн бүлгэм гээд байгууллагаас 2013-2016 онд Монголын төрийн байгууллагууд терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ямар арга хэмжээ авсан талаар үнэлж, дүгнэсэн. Тэдний тайлан бол 2017 оны наймдугаарс ард гарсан. Тэр тайлангаар тодорхой зөвлөмж өгч, сайжруулах шаардлагатай ажлыг заасан. Түүнээс хойш Засгийн газрын түвшинд үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөл гаргасан. Тэр анхны зөвлөмжөөр Ил тодын хууль, Өршөөлийн хуультай холбоотой Монгол Улс хүндхэн дүгнэлт авсан. Тэр хуульдаа мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай заалт нь олон улсын зөвлөмжид нийцэхгүй байна гэдэг тайлбар өгсөн. Түүнээс хойш энэ нөхцөл байдлаас гаргах ажлууд хийж ирсэн. Одоо бид саарал жагсаалтаас гарах хэсэг дээр явж байна. Өнөөдөр прокуророос мөнгө угаахтай холбоотой хэргийг шүүх рүү шилжүүлсэн ч, шийдвэрлэгдсэн хэрэг алга. Энэ чиглэлд бид ажиллаж байна. Наймдугаар сард Ази, Номхон далайн хурал болно. Тэр хурал дээр Үндэсний зөвлөл тайлан тавьж, саарал жагсаалтад орохгүй байх хамгаалалт хийнэ.Харин 10 дугаар сард түүнийг үнэлнэ. Бид техникийн хэрэгжилт дээр нэлээн ахиц гаргасан” гэсэн юм.

БОНДУУДЫН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛЖ БОЛОХГҮЙ

Төсвийн орлого өнөөдөр боломжийн  түвшинд байгаа  ч  үргэлж ийм хэвээрээ байна гэсэн үг биш гэдгийг анхаарч урагшлах ёстой юм. Түүхий эдийн ханш үргэлж л циклтэй байж, унаж, өгсдөг.Үүнээс гадна тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны дайн гэхчлэн томоохон хүчин зүйлсийн нөлөөллийг бид санах ёстой болчихоод байна.Түүнчлэн эдийн засагчид, судлаачдын зүгээс эрх баригчдад өгч буй зөвлөмжүүдээс тоймлон хүргэе.

Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь уул уурхайн үйлдвэрлэл, түүхий эдийн үнийн сэргэлт дээр суурилсан гэдгийг засгийн газар, улс төрчид болон олон нийт мартаж болохгүй бөгөөд болзошгүй сөрөг шок, эдийн засгийн савлагаанд ямагт бэлтгэлтэй байх хэрэгтэй.Засгийн газар орлогын төсөөллийг илүү няхуур, болгоомжтой хийх шаардлагатай байна. Засгийн газар 2010 оны Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгасан төсвийн анхны дүрмүүдийг аль болох хурдан мөрдөж эхлэх ёстойг,  дүрмүүдийг түр зуурын таагүй нөхцөл байдалд тохируулан байн байн өөрчлөх явдлыг зогсоох шаардлагатайг судлаачид хэлж байна.

Мөн Засгийн газар төсвийн зардлыг батлагдсан түвшнээс нь хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.Орлогын гүйцэтгэл сайн байсан ч зардалд тавих хязгаарлалтаа сулруулахгүй байх нь чухал.  2021-2024 оны бондуудын эргэн төлөлтийг хойшлуулахгүйг хичээж, өрөө бууруулахад анхаарах хэрэгтэй. Засгийн газар Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлал үүсгэхээс илүүтэйгээр өрийг бууруу­лахад анхаарах нь зүйтэй.Учир нь өрийн хэмжээ өндөр байгаагаас гадна Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн өгөөжөөс илүү өндөр зээлийн хүү төлөгдөж буйг сануулж байна.

“МОНГОЛ УЛСАД МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГЭЭР ЯЛ АВЧ БАЙСАН ТОХИОЛДОЛ БАЙХГҮЙ”

Манайд энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлээр зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар, хэрэв байнга, тогтвортой, албан тушаалаа ашиглаж үйлдсэн бол 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Гэхдээ Монгол Улсад Мөнгө угаах гэмт хэргээр Улсын дээд шүүхээс ял авч байсан иргэн, ААН байхгүй гэдэг нь бүр ч сонирхолтой үзүүлэлт юм. Тодруулбал хууль сахиулах байгууллагууд 2011 оноос хойш 4,345 хүнийг мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар шалгаснаас 46 хүний хэрэг мөрдөн шалгах шатанд шилжжээ. Улмаар 20 хүний хэргийг прокурорт шилжүүлснээс анхан шатны шүүхээр хоёр хүнд ял оногдуулсан аж. Прокуророос мөнгө угаах гэмт хэрэгт 2011 болон 2013 онд ял оногдуулж байжээ.

Гэвч Дээд шүүхийн шатанд эдгээр хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тодруулбал,

МИАТ-ийн хэрэг 

Төрийн өмчит МИАТ компаний 3 өндөр албан тушаалтанд байгууллагын хөрөнгө шамшигдуулж завшсан, мөнгө угаасан хэргээр анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл ногдуулжээ. Эдгээр албан тушаалтнууд 2 онгоцыг 2 өөр компанид давхар даатгуулах замаар 7.2 сая америк доллар завшсан хэрэгт буруутгагдсан юм. 2007-2010 оны хооронд тус албан хаагчид гадаадад байрлах хэд хэдэн банкны өөрсдийн дансаар нэг компанид төлбөр төлж, төлсөн мөнгийг эргүүлээд Монголын банкууд руу шилжүүлсэн байна. Дээд шүүх нь доод шатны шүүхийн оноосон 166’1 зүйл ангийг буруу ашигласан гэж дүгнэн Мөнгө угаах зүйл ангийг хүчингүй болгожээ.

Дээд шүүх хүчингүй болгосон Е-системийн хэрэг

Иргэний нисэхийн ерөнхий газрын 4 албан хаагч эрх мэдлээ урвуулан ашиглаж, тендерийн үйл ажиллагааг будлиантуулах замаар 426,904 ам.доллар (1,062,959,200 төг) завшжээ. Албан хаагчид үйлчилгээний төлбөрийн зарим хэсгийг хоёр албан хаагчийн гадаад дахь хамтарсан компани руу шилжүүлсэн. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд ЭХ-ийн 150.3 буюу мөнгө угаах, завшиж үрэгдүүлэх зүйл ангиар нийт 7 жил хорих ял оноожээ. Гэсэн ч Дээд шүүх Монгол Улсын банкны дансанд мөнгө хүлээн авсан албан хаагчдын үйлдэл нь ЭХ-ийн 166’1-р зүйл буюу “хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах” хэмээн заасны дагуу үйлдэгдээгүй гэж үзэн доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.

Мөнгө угаах гэмт хэрэг нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компаниуд, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд гэх мэт өргөн хүрээг хамарч болно.

Тиймээс энэ гэмт хэрэгтэй өргөн хүрээнд тэмцэх шаардлагатай байдаг.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих