Хальтирсан жолоочтой биш хальтируулсан эзэдтэй нь хариуцлага тооцъё
Замын хальтиргаанаас үүдэн том оврын автобус уржигдар гэрлэн дохион дээр хоёр эгнээгээр зогсч байсан өсөн автомашиныг ханаруулж мөргөсөн томоохон осол гарлаа. Сансрын нүхэн гарцнаас МУИС руу уруудах замд гарсан энэ ослын улмаас азаар гэмтэж бэртсэн хүн одоогоор алга. Ослын шалтгааныг холбогдох байгууллагуудаас эхнээсээ янз бүрээр тайлбарлаж эхэллээ. Автомашинаа мөргүүлж, хохирсон эзэд ч осол гаргасан том оврын автобусны жолоочоор хохирлоо төлүүлэхээс эхлээд асуудал ундрах нь мэдээж. Тэр дундаа автобусны жолооч замын нөхцөл байдалд тааруулж, хурдаа тохируулж яваагүйгээрээ буруутгагдаж байна. Осол гаргасан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобусны жолоочийн хувьд тормосоо гишгээд ч замын хальтиргааг дийлээгүйгээ учирласан ч олон хүний зэмлэлийг хүлээж байна. Замын цагдаагийн газраас осол гарсан газарт хэмжилт хийхэд автобусны жолооч 93.7 метр газар тоормослосон нь тогтоогдлоо. Ер нь сүүлийн үед Улаанбаатар хотод энэ мэт осол аваар бишгүй л гарах болсон.
Энэ бүхний эцэст мөргөсөн эсвэл мөргүүлсэн жолооч л хариуцлага хүлээж, шийтгүүлээд өнгөрдөг жишиг манайд хэдийнэ тогтсон. Үнэн хэрэгтээ ялангуяа өвлийн улиралд замын хальтиргаа, гулгаанаас үүдэлтэй осол аваарын гол буруутанг тогтоомоор байгаа юм. Уг нь жолооч, зорчигчдын ая тухыг хангах үүрэг хүлээсэн хэд хэдэн байгууллага бий. Өвлийн улирал эхэлмэгц, хальтиргаа, гулгаатай тэмцэх нэрийдлээр манайх шиг давс, элсийг хүрздэж зам дундуур цацдаг улс дэлхийн хаана ч байдаггүй. Тэр тусмаа орсон цасыг гар аргаар цэвэрлэдэг улс лав Монголоос өөр байхгүй. Өвлийн улирлаар жилийн жилд Улаанбаатар хотод цас орох тоолонд зам, талбайн үйлчлэгч нар цэвэрлэх гэж үйлээ үздэг. Харин манайхаас бусад орнууд өвөл, зундаа замаа угааж, арчилдаг, цас, хальтиргааг нь хайлуулдаг тусгай цэвэрлэгч машинтай. Тэр ч утгаараа дэлхийн томоохон хотуудад ашигладаг цас цэвэрлэдэг төхөөрөмжийг манайхан яагаад ашиглаж болохгүй гэж. Ийм зориулалтын том оврын машиныг Германд үйлдвэрлэдэг. Тэр машин монгол мөнгөөр 250 сая төгрөгийн үнэтэй.
Гэтэл манай авто замын аюулгүй байдлыг хангадаг нэр бүхий байгууллагууд өнөөдрийг хүртэл төсвийн хэдэн төгрөгийг давс, элсэндээ зориулсан гээд тайлан тавиад сууж байхаас өөрөөр шинийг сэддэггүй нь харамсалтай. Цаашид ч энэ байдлаар ажиллаад байвал эхнээс нь татан буулгавал яасан юм бэ. Жишээ нь Нийслэлийн авто замын газар, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа хот тохижилтын газар гэж бий. Одоогоос нэг жилийн өмнөхөн дотроо нэлээн бужигнаантай байсан Хот тохижилтын газар ажилчдынхаа нийгмийн асуудлын тал дээр анхаарал тавьсан гэхээс өөр олигтой хийсэн ажилгүй сууна. Ганц хийсэн ажил нь гэвэл ажилчдынхаа тэр тусмаа зам цэвэрлэдэг үйлчлэгчдийнхээ цалинг 300 мянган төгрөгт хүргэсэн юм байхаа.
Ер нь зам юунаас болж мөстөөд байна вэ. Цас ороод түүнийг хайлуулах гэж давс цацсантай ч холбоотой байж болзошгүй юм. Мөн автомашины хөдөлгөөнөөс шалтгаалан цас дагтаршиж мөстөж байна гэж үздэг. Зам дээр мөстөлт бий болоход энэ байдал ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг болохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Монгол бол бараг өдөр бүр цас орж байдаг орон биш. Эх газрын хуурай уур амьсгалтай орон. Энэ талаар ийм нэгэн баримт байх юм. Хотын замын мөс бол өөр зүйлээс үүдэлтэй аж. Энэ мөс бол машины яндангаас гарч байгаа уур, усны дуслын бөөгнөрлөөс үүсдэг. Үүнийг ажил хариуцсан бусад хүмүүс ч ажигласан байх. Манай хотын зам толботой ч юм шиг, санаатайгаар ус цацсан эсвэл ус цувуулаад асгасан юм уу гэмээр зүйл ажиглагддаг. Өвөл, намар, хаврын хүйтэн, сэрүүн үед автомашины яндангаас /конденсацийн улмаас/ гарч байна уур, ус замын гадаргуу дээр дусаж тэр нь хатахгүй байсаар мөс болж байгаа дүр зураг юм. Энэ хэрээр хүмүүс замын хальтиргаа, гулгаанаас болоод ихээр бэртэж, гэмтэх болсон. Нийслэлийн харьяа газар, аж ахуйн нэгжүүдийг байгууллагынхаа ойр орчмын 50 метр газрын цас мөсийг нь арилгаж цэвэрлэх үүрэг хотоос өгөгдсөн. Үүний хэрэгжилт өнөөдөр ямар байгаа билээ. Авто зам гэлтгүй явган хүний зам ч мөстөж хальтиргаа гулгаанаас болж гэмтэж бэртэх хүний тоо нэмэгдсээр байна. Толийсон зам дээгүүр автобус олон автомашиныг ханаруулж мөргөсөн осол Улаанбаатарчуудад нэгийг бодогдуулав.
Ч.ОРГИЛ
URL: