Д.Цогтбаатар Хонгконгийн “Стандарт чартерт” банканд хадгаламжтай бол модоо барьсан Н.Хүрэлбаатар “lexus 470” хөлөглөдөг

Шинээр томилогдохоор яригдаж буй сайд нарыг сонжиж, сониучирхах хүмүүс олон байна. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-аас сайдад нэр дэвшсэн дөрвөн гишүүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн ч бид энэ удаа сайдад нэр дэвшигчид хэр хэмжээний хөрөнгө, орлоготойг сонирхохоор шийдсэн юм. Эс бөгөөс “Сайд болсныхоо дараа сая долларын хаустай болчихлоо, авлига авчихсан юм биш үү” хэмээн хардуулах ажил гарах ч юм бил үү, хэн мэдэх вэ дээ. Сайдад зүтгэж байгаа УИХ-ын гурван гишүүний хувьд хөрөнгө орлогын мэдүүлэг нь ил тод байдаг.

Харин Төрийн нарийн бичгийн дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд цацагдаж байгаагүй юм. Иймээс бид ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг анх удаа олон нийтэд дэлгэж байна.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад яригдаж буй Д.Цогтбаатар “Жэй Ти Эс”, “Петро матад лимитэд”, “Иксиллион”, “ММС лимитэд” зэрэг компаниас хувь эзэмшдэг нэлээд хөрөнгөтэй нэгэн. Эдгээр компани нь ерөнхийд өө газрын тосны салбарт хүч үздэг юм байна. Газрын тосны эрэл хайгуул хийдэг “Петро матад лимитэд” ХХК нь Лондоны бирж дээрх Монгол Улсын хөрөнгө оруулалттай ганцхан компани. Товчхондоо Лондоны хөрөнгийн биржийн залуу компаниудад зориулсан арай жижгэвтэр хэрнээ боломжийн компаниудыг дэмжих босготой хоёр дахь зах зээл дээр өрсөлддөг гэнэ.

Д.Цогтбаатар даргын жилийн орлого 19 сая 151 мянга 800 төгрөг. Гэр бүлийн гишүүд нь 172 сая 317 мянга 200 төгрөгийн орлоготой. 309 сая 200 мянган төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, нэг объекттой. Гайхалтай нь тэрбээр машингүй. “Мурано” хэмээх автомашин унадаг байсан ч түүнийгээ 26 сая төгрөгөөр зарж, унах унаагүй болжээ.

Сонгинохайрхан дүүрэгт хоёр сая 450 мянган төгрөгийн үнэ бүхий 0.07 га газартай. Д.Цогтбаатар дарга Монголын банкуудад төдийлөн итгэдэггүй бололтой. Учир нь тэрбээр Хонгконгийн “Стандарт чартерд” банканд ихэнх мөнгөө хадгалуулдаг юм байна. Хонгконгийн “Стандарт чартерд”, Монголын “Голомт” банканд нийт 713 сая 207 мянга 500 төгрөгийн хадгаламжтай. “Жэй Ти Эс” ХХК-ийн 70 хувь, “Петро матад лимитэд”, “Иксиллион” ХХК-ийн 70 хувь, “ММС лимитэд” ХХКийг эзэмшдэг. Эдгээр компаниас нийтдээ 289 сая 510 мянга 200 төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшдэг. Харин зээлийн дүн нь 547 сая 807 мянга 500 төгрөг. Энэ мөнгийг “Голомт” банк болон АНУ-д амьдардаг хамаатан Бөл, Ш.Энхбаяр, Ц.Батбилэг нараас зээлжээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар

Эрүүл мэндийн сайдад хүч үзэж буй Н.Хүрэлбаатарын хувьд Д.Цогтбаатарыг бодвол харьцангуй бэл бэнчин багатай. Өөрөөр хэлбэл хувийн бизнес эрхэлдэггүй.

Гэхдээ ямар ч байсан УИХ-ын зарим гишүүн, Төрийн нарийн бичгийн дарга нарыг бодвол 50 сая төгрөгийн үнэтэй “Лексус-470” маркийн автомашин унадаг юм байна.

Н.Хүрэлбаатар дарга 19 сая 30 мянга 700 төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийнх нь орлого зургаан сая төгрөг. Гэсэн ч хувьдаа компанигүй, бизнес эрхэлдэггүй төрийн албан хаагч гэхэд 180 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг объекттой. Дээр нь Хандгайтын аманд үнэлгээ нь тодорхойгүй зуслангийн газартай ажээ.

Харин “ХААН” банканд 24 сая 163 мянга 700 төгрөгийн хадгаламжтай тэрбээр “Голомт” банкнаас 15 сая төгрөгийн зээл авчээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Батлан хамгаалахын сайдад яригдаж буй Ж.Энхбаяр УИХ-ын тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймгаас нэр дэвшиж, сонгогдсон. Тэрбээр 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувийн орон сууц, үйлдвэр үйлчилгээ явуулдаг нэг ч барилга, байгууламжгүй, бүр өөрийн гэсэн автомашин ч байхгүй хэмээн мэдүүлсэн байна.

Ж.Энхбаяр гишүүний жилийн орлого нь 946 сая 835 мянган төгрөг. Гэр бүлийнх нь гишүүдийн орлого найман сая 700 мянган төгрөг аж. Өөрийн гэсэн орон сууц, байшин барилгагүй гишүүн маань 251 сая 436 мянган төгрөгийн үнэ бүхий объект эзэмшдэг байна. Гэхдээ чухам ямар объект гэдэг нь тодорхойгүй. Мөн үнэлгээ нь тогтоогдоогүй зуслангийн нэг газартай. Дансандаа нэг тэрбум 820 сая төгрөгийн хадгаламжтай ажээ. Ямар нэгэн лиценз эзэмшдэггүй. “Газар” ХХК-ийн 100 хувь, “Газар сүлжмэл” ХК-иас 66.8 хувь, “Газар партнер” банк бус санхүүгийн байгууллагын 80 хувийг эзэмшдэг. Эдгээр компаниас нийтдээ нэг тэрбум 769 сая 746 мянга 700 төгрөгийн үнэ бүхий 43 мянга 742 ширхэг хувьцаа эзэмшдэг. Гэхдээ л Ж.Энхбаяр гишүүн машин ч үгүй, байр, орон сууц ч үгүй гэхэд итгэмээргүй. Өөрөөр хэлбэл нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай байж “модоо барьчихсан” хүн.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж

Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг ЗТБАХБ-ын сайдад томилохоор ярьж байгаа. Түүний жилийн орлого 17 сая 042 мянга 800 төгрөг. Гэр бүлийн гишүүд нь 195 саяын орлоготой. 123 сая 660 мянган төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, 72 сая 916 мянга 400 төгрөгийн үнэ бүхий “Ланд круйзер-105” маркийн автомашинтай. 80 толгой адуутай. Ц.Дашдорж гишүүн адуугаа 42 сая 340 мянга 800 төгрөгөөр үнэлжээ.

“Монгол тамхи СО” ХХК-ийн эзэмшигч тэрбээр 508 сая 026 мянга 400 төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг хувьцаатай гэнэ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдож, Сангийн сайдын албан тушаалд суухаар зүтгэж буй Д.Хаянхярваагийн жилийн орлого нь 16 сая 792 мянга 400 төгрөг. Түүний гэр бүлийн гишүүд 15 сая 501 мянга 600 төгрөгийн орлоготой. 212 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай аж. Тэрбээр мөн л Ж.Энхбаяр гишүүн шиг лиценз, газар, мал, автомашин гээд байх юм байхгүй. Тиймээс эрхэм гишүүн хувьдаа машингүй тул “явган” таваргадаг бололтой.

Харин хадгаламжиндаа 44 сая 127 мянга 900 төгрөгтэй гэнэ. “Газар өгөөж” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг Д.Хаянхярваа гишүүн 86 сая 954 мянга 700 төгрөгийн үнэ бүхий хувьцаатай. Харин Төрийн банкнаас 25 сая 172 мянга 700 төгрөгийн зээл авчээ.

logo-ugluuniisonin


URL:

Сэтгэгдэл бичих