ТОЙМ.УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж, ээлжит бус чуулганы нээлт болов

15623103365d1ef6c062597Ерөнхийлөгч Үндсэн хуулийн II хэлэлцүүлгийг наадмаас хойш хийх санал хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Мягмар гарагт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм. Тэрбээр энэ бичигтээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна” хэмээн дурдсан бөгөөд Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж авахаар болсон  билээ.

УИХ: Хаврын чуулган хаалтаа хийж, ээлжит бус чуулганыг нээв

Даваа гарагт  УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл хуралдлаа.  МАН-ын бүлэг өдөржин хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн заалт бүрийг нэг бүрчлэн ярилцжээ. Нийт дөрвөн бүлэг асуудлыг хэлэлцсэн байна.

Бүлэг сонгуулийг мажоритар системээр явуулах нь зөв гэдэг байр сууринаас гишүүд асуудалд ханджээ. Түүнчлэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар  иргэд  санал их гаргаж байгаа, тиймээс бүлгийн хурлаар ярилцаад  УИХ-ын гишүүдийг Үндсэн хууль зөрчсөн болон эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц үзвэл эгүүлэн татна гэсэн заалт тусгахаар болсон гэдгийг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.

-Харин мөн өдөр хуралдсан АН-ын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг шаардаж,  хоёрдугаарт хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

-Мягмар гарагт УИХ-ын Байнгын хороод хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив.

Лхагва гарагт МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж  Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахаар болсон. Иймээс чуулганы хуралдааныг наадмын дараагаас буюу энэ сарын 16-аас эхлэн  үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор  өчигдөр /2019.07.06/ УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийж,  мөн ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулган  ирэх есдүгээр сарын 1 хүртэл хуралдаж нийтдээ 14 асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.

ЗАСГИЙН ГАЗАР: Хонконгт суугаа Ерөнхий консулыг эргүүлэн татав

-Лхагва гарагт /2019.07.03/  Засгийн газар хуралдаж Чингис хааны музей  байгуулах асуудлыг шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар болов.

Мөн Үлэг гүрвэлийн төв музейг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Байгалийн түүхийн музейд нэгтгэхээр шийдвэрлэв.

Хуралдаан Монголын улсын нэр хүндийг гадаад ертөнцөд гутаасан дипдомат ажилтнуудад  хариуцлага тооцох асуудлыг үргэлжлүүлэн  Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татахаар болов. Учир нь, С.Эрдэнэ Вена хотын атташегаар ажиллаж байхдаа 2004 онд контарбандын хэрэгт холбогдож байсан учраас энэ шийдвэрийг гаргажээ.

-Засгийн газрын хуралдаан мал амьдаар нь хилээр гаргах  өмнөх Засгийн газруудын  гурван  ч шийдвэрийг хүчингүй болголоо. Малыг амьдаар нь экспортод гаргах талаар үе үеийн Засгийн газар тогтоол гаргаж байжээ.

Д.Трампын  Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон айлчлав

Даваа гаригт Монгол Улс холын зочинтой байлаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон Монгол Улсад айлчилж,  Ерөнхий сайд болон Монгол Улсын Ерөнхийлөгчил бараалхлаа.

Ноён Элчин сайд Болтон хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, АНУ-ын зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэг гэлээ.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын хүрээнд санал солилцож, бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа эрчим хүчний салбарын асуудлаар ярилцсан байна.

Товчхон

-Жаст-ын Ш.Батхүүгийн  хөрөнгийг ил болголоо. Түүний нэр дээр байгаа болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны нийт 98 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх бүрэн боломж байгаа гэв.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлцэв. ЭНэхүү конгресст Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархан” үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн очиж, дархадын ур ухаан шингэсэн бүтээлүүдтэй танилцлаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд 142 дархан 160 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлснээс утсан сүлжмэл, ган хөөмөл, сийлбэр, гоёл чимэглэл, бурхан шашны холбогдолтой урлалууд давамгайлж байна.

-Энэ долоо хоногт  дуулдсан  содон мэдээний нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг ажлаа өгч  АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар очих тухай байв. Ардчилсан нам Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаа өөрчлөх тухай мэдээлэл нэлээд эртээс чих дэлсэх болсон. Харин З.Энхболд  наадмын дараа ажлаа өгнө гэсэн мэдээлэл байна.

Монголын анхны хурдны зам, Хөшигийн хөндийн нисэх буудал нээлтээ хийв

Баасан гарагт   Улаанбаатар- Хөшигийн хөндий чиглэлийн  анхны хурдны замыг ашиглалтад хүлээн авах ёслол болов. Энэ ажиллагаанд  Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Шин Хаймин  нарын албаны хүмүүс оролцлоо. Энэхүү зам нь нийт 32,3 км урт  бөгөөд  хоёр эгнээ нийт зургаан урсгалтайгаар баригджээ.

Мөн өдөр  Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын нээлт болж Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс оролцов. “Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийг концессоор хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ хүрээнд Концессын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр гарын үсэг зурав.

Энэ өдөр  шинэ нисэх буудалд “МИАТ” ХК-ийн “Боинг 737-800″ агаарын хөлгөөр туршилтын нислэг үйлдэж, газардсан юм.

Г.Тулга

http://www.zaluu.com/read/38eh54dha


URL:

Сэтгэгдэл бичих