Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг өнөөдөр нээнэ

15622326335d1dc739ab9f5Өнөөдөр 10.00 цагаас Монгол улсын тээврийн салбарт хийж буй хамгийн том бүтээн байгуулалт болох Хөшигийн хөндийн нисэх буудлыг  байнгын ашиглалтад хүлээн авах нээлт болно.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдсан Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын нээлттэй зэрэгцэн Улаанбаатараас нисэх онгоцны буудал хүртэлх 32 км хурдны замыг  мөн нээх юм байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нарын тэргүүтэй албаны хүмүүс оролцоно гэж Зам тээврийн, хөгжлийн яамнаас мэдэгдлээ.

Нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр Япон улстай хамтран хэрэгжүүлнэ.

“Концессын тухай” хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иений зээлийг эргүүлэн төлөх боломжтой гэж тооцсон байна.

Тодруулбал, Компанийн ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэх юм байна. Японы Засгийн газраас энэхүү төсөлд зориулан олгосон нэн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт энэ жилээс эхэлж байгаа бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.1-0.2 хувь байхаар тогтсон билээ.

Шинэ нисэх буудал нийт 32 объектоос бүрдэх бөгөөд хамгийн том нь 53 мянган метр кв хэмжээтэй терминал юм. Нислэгийн цамхгийг 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар барьжээ. 800 метр кубын багтаамжтай цэвэр усны байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 825 машины зогсоол, 200 машины дулаан зогсоол зэргийг бариад байна.

Мөн нисэх буудлын зурвасыг бетоноор барьсан бөгөөд манай улсын хамгийн том бетонон байгууламжид тооцогдож байна. Нисэх буудал онцгой объект тул бүх барилга нэмэлт генератортай юм байна. Мөн 1.5 км урт хонгилыг газар доогуур барьжээ. Цахилгаан холбоо, цэвэр бохир усны гэсэн хоёр салаатай хонгил нь манай улсын анхны газар доорх байгууламж аж.

Г.Тулга


URL:

Сэтгэгдэл бичих