Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол бидний хохь

4872

Нийгэм өөрчлөлтийг хүсэж байна. Үндсэн хуулинд яг одоо л өөрчлөлт оруулахыг хүсэж байна

Яг одоо гудамжинд гараад тааралдсан нэгнээс үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар ямар бодолтой байна вэ? гээд асуугаад үз. Дахиад цааш нь үргэлжлүүлээд уулзаад, асуугаад яв. Та тэгээд “өөрчлөлт оруулах хэрэгтэй”, “зөв байна”, “өөрчлөлт оруулах цаг нь болсон” гэх хариултыг л ихэвчлэн сонсох болно гэдгийг баталгаатай хэлж чадах байна. Гэхдээ энд үндсэн хуулийг шинэчлэх тухай биш 1992 онд батлаад 27 жил үйлчилж ирсэн Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярьж байгааг зориуд онцлох ёстой байх. Би ч гэсэн өөрчлөлтийг дэмжиж байгаа хүмүүсийн нэг. Гэхдээ худлаа яриад яахав, би хуулийг сайн ойлгодоггүй юм. Тэр тусмаа хуулийн толгой эргүүлсэн хэллэг, хуульчдын үг, өгүүлбэр нь орооцолдсон, мөд төгсөж дуусдаггүй урт, урт тайлбар энэ тэрийг бол хэд дахин уншиж байж арай нэг ойлгомор аядана. Үнэхээр хэцүү, бүр маш хэцүү байдаг юм.

Тэгсэн атлаа иргэний үүрэг, сэтгүүлчийн мэргэжил, ёс зүй маань хуулийг заавал уншиж, таниж мэдэж байхыг надаас зайлшгүй шаарддаг. Ингэхэд юү өгүүлэх гээд байна вэ, гэж үү?

Монгол Улс 1990 оноос хойш ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийн тогтолцоог сонгоод сайнтай, муутай 30 жил замналаа. Өдий хэрийн хугацаа нь улс орон мандан бадарч Япон, БНСУ, Сингапур шиг хүчирхэг, баян эс бөгөөс эдийн засаг нь шалдаа бууж дампуураад, өлсгөлөн, иргэний дайн дажинд нэрвэгдсэн африкийн ядуу улс орнууд шиг болохын алинд ч хангалттай гэдэг. Монгол харин энэ урт хугацаанд яг үнэндээ сэргэн мандаж сэхсэнгүй, бас арай ч мөхсөнгүй.

Харин наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болж, бүр сүүлдээ засаглалын хямралд орчихлоо. Засаглал хямрахаар нийгэм, эдийн засаг тэр чигээрээ хямарч, ёс суртахууны уналтад ордог юм байна.

Ёс суртахуунгүй нийгэмд гэмт хэрэг, авлига хогийн ургамал шиг цэцэглэн, богино хугацаанд газар аван хүчрэгдэхээ байж, ядуурал, өвчин эмгэг гаардаг болохыг бид яс махаараа мэдэрч, ард түмэн цөхөрлийн туйлд хүрчихээд байна.

Энэ бүхний гол шалтгаан үндсэн хуульд бий гэж буруутгах нь өрөөсгөл ч, зарим заалт, зүйлүүдэд засвар, өөрчлөлт, нэмэлт хийх шаардлага зайлшгүй тулгарч байгааг нас биед хүрсэн монгол хүн бүр хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа билээ. 1992 оноос хойш үндсэн хуульд гар хүрээгүй гэх нь хаашаа юм. 2000 онд долоон заалт бүхий өөрчлөлт оруулж байсан. “Дордохын долоо” ч гэж ярьдаг. За энэ яахав.

Хамгийн гол нь сүүлийн 20 гаруй жил үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар их удаан ярьж, зайлшгүй гэдэгтэй улс төрийн бүх хүчин санал нийлдэг ч, өөрсдийн ашиг сонирхлын үүднээс зөрчилдсөөр өнөөдрийг хүртэл юу ч хийж чадаагүйн шалтгаан бол өмнөх парламентуудад ямар ч боломж байгаагүйнх юм. Учир нь намууд парламентад ойролцоо суудал авсан намууд бие биенээ эрх ашгийн үүднээс сөрөөд, иймэрхүү том реформын шинжтэй өөрчлөлт хийх шийдвэрийг гаргаж чаддаггүй байлаа. Харин энэ удаа УИХ-д МАН 64 суудалтай байгаа нь үгүйлэгдээд байсан түүхэн боломж 20 жилийн дараа бий болсон хэрэг.

МАН 2016 оны сонгуульд үнэмлэхгүй давуу ялалт байгуулсан нь сонгогчид тэдний үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн амлалтыг л дэмжсэнтэй шууд холбоотой байсан гэхэд буруудахгүй. Өгүүллийн эхэнд монгол хүн бүр тулгуур хуульдаа өөрчлөлт хийхийг дэмжиж байгаа гэдгийг би дурдсан. Үнэнийг хэлэхэд олон жил ярьснаа энэ удаа хийж эс чадвал Үндсэн хуульд өөрчлөлт хийх бүх нийтийг хамарсан ийм хэмжээний ойлголцолд хүрэх боломж дахин мөд гарахгүй байхаа.

Тиймээс улс төрийн бүх хүчин, тэр тусмаа эрх баригч намынхан дотоодын зөрчил, хувь амбицдаа хэт хөтлөгдөн, хувийн тоглолт хийхээсээ татгалзан Монголын төлөө олдсон энэ боломжийг алдахгүй байх нь чухал санагдана. Одоо л үндсэн хуульдаа маш сайн бодож, бүх нийтийг хамруулан хэлэлцэж, ёстой л долоо хэмжиж байж өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

Хэрвээ үүнийг хийж чадахгүй бол дахин эрх зүйн ээдрээтэй орчинд Монгол цааш олон жил зовж зүдрэх нь тодорхой. Алдаж болохгүй боломжийг “гол дүр” өөрт нь оногдохгүй байгаагийн улмаас шарлахаж, эсэргүүцэж, алдагдуулахыг хүсэж байгаа улс төрийн хүчин, хувь хүмүүсээс болж үндсэн хуульд өөрчлөлт хийж чадахгүй эл боломжийг алдвал монголчуудад харамсаад барахгүй харамсал болж үлдэнэ дээ. Ийм болж үлдэх вий гэсэн дохио, шинж тэмдэг цухалзаад эхэлж байна.

УИХ-аар үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд эхэлсэн. Ямар өөрчлөлт оруулах гэж байгаа төслөө олон нийтэд танилцуулаад эхэлсэн. Бүх нийтийг хамрахгүй байна, зарим зайлшгүй өөрчлөх ёстой асуудал хөндөгдөөгүй байна гэх мэт шүүмжлэл гарч байгаа нь  сайн хэрэг. Энэ бүхнийг нягтлан, санаа оноогоо нийлүүлж, маш сайн өөрчлөлт хийчихвэл болоод явчих нь тэр. Гагцхүү хойшлуулж, саатуулж болохгүй гэдгийг л ард түмэн улс төрийн хүчнүүд санаж байх хэрэгтэй.

Монголын төлөө олдсон энэ боломжийг алдахгүй байх нь чухал санагдана

УИХ-ын чуулганаар үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлэг болоход эсэргүүцсэн гишүүн цөөнгүй байсан.

Яагаад? Анх МАН-ын 64 гишүүн бүгд гарын үсэг зураад үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн өргөх бичиг бариагүй билүү. Эсэргүүцэх байсан юм бол анхнаасаа татгалзах хэрэгтэй байж. Энд зүгээр зарим гишүүн хувийн тоглолт хийж, олон нийтэд “попорч” байгаагаас өөр зүйл харагдахгүй байна.

Уг нь үндсэн хуулийг яаралтай сайжруулах шаардлага байгаа талаар их удаан ярьцгаасан атлаа цаг нь болоод тулаад ирэхээр ингэж явцуурч байгаа нь шог харагдахгүй байна гэж үү! Нийгэм давалгаалж, тэр чигээрээ л өөрчлөлтийг хүсэж байна. Үндсэн хуульд яг одоо л өөрчлөлт оруулахыг хүсэж байна.

Эцсийн эцэст үндсэн хууль бол ард түмний давуу эрхтэйгээр төртэй байгуулсан нийгмийн гэрээ билээ. Тиймээс үндсэн хуульд энэ үзэл санааг илүү тодотгон, өөрчлөх эсэх нь улстөрчдийн, улс төрийн намуудаас илүү таны, чиний, миний, та бидний хүсэл эрмэлзэл юм.

Бидний хүсэл эрмэлзэл бол Монгол Улсын хөгжилд гай уддаггүй, чөдөр тушаа болоод байдаггүй, харин түлхэх хүч болсон үндсэн хуультай болох явдал мөн билээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих