БНСУ-д оршин суугаа эмэгтэйчүүдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа
БНСУ-ын “Залуу амьдрал эрүүл мэндийн төв” Солонгос улсад ажиллаж амьдарч буй эмэгтэйчүүддээ зориулж хоёр дахь өдөрлөгөө зохион байгууллаа.
Энэ удаагийн өдөрлөгөөр БНСУ-д эмэгтэйчүүдийн эмчилгээгээр тэргүүлэгч “Roen” эмнэлгийн Ерөнхийлөгч Сун Рае Ру, Сон Сон Уг, Захирал Ким Чан нар цусны шинжилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоо, анхан шатны шинжилгээнүүдийг хийжээ.
Өдөрлөгт 180 орчим эмэгтэйчүүд оролцох хүсэлтээ илэрхийлсэнээс 90 орчим хүн хүрэлцэн ирж дээрх үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй авсан байна. Тус улсад оршин суугаа эмэгтэйчүүдийн хувьд эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй бол эмнэлгийн үзлэг, үйлчилгээг өндөр үнээр авдаг.
Визны ангилал, “харлах” зэрэг асуудлаас шалтгаалж эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй байх нь нийтлэг байдаг . Тиймээс энэ үйл ажиллагаа нь бидэнд ихээхэн үр дүнгээ өгсөн талархууштай үйл явдал боллоо гэж өдөрлөгт оролцогч эмэгтэйчүүд ярилаа. Мөн анхан шатны үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүд өөрсдийн оршин суугаа газартаа хамгийн ойр байрлах “Roen” эмнэлгийн салбарт очиж үнэ төлбөргүй хавдрын шинжилгээ, эхо хийлгэхээр болсон байна.
Дашрамд дурдахад “Roen” эмнэлэг нь БНСУ-д 15 салбартай үйл ажиллагаа явуулдаг. Мөн эмнэлгийн чадварлаг эмч нар Монгол улсад очиж дээрх хөтөлбөрөө үргэлжлүүлэн хийж олон сайхан эмэгтэйчүүд, ээжүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах мөн зарим төлөвлөгөөт хагалгааг хийх гэж байгаа талаараа дурдсан юм.
Г.ҮҮЛТ
URL: