Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарыг Тагнуулын ерөнхий газарт дуудсан уу?

2008 оны долоодугаар сарын нэгний үйл явдалтай холбогдуулан Иргэний хөдөлгөөний намын тэргүүн Ж.Батзандан, тэмцэгч О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарыг тухайн үед цагдан хорьж, байцаан шалгаж байсан билээ. Тэгвэл саяхан “Ирэх 2012 оны сонгуулиар би нэр дэвшихгүй. Харин хувьсгал хийнэ” гэж хэвлэлээр мэдэгдсэн О.Магнайг Тагнуулын ерөнхий газраас дуудаж сонгуулийн үеэр ямар нэгэн олныг хамарсан үймээн самуун дэгдээх асуудал хийхгүй гэсэн талаар ам өчгийг нь авч гарын үсэг зуруулжээ. Үүнийгээ тэр нуулгүй олон нийтэд мэдэгдсэн.

Харин Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарыг ТЕГ-аас мөн л энэ асуудалтай холбогдуулан дуудаж гарын үсэг зуруулсан байж болзошгүй байна. Энэ тухай тэд ам нээхийг хүсэхгүй байгаа бөгөөд илүү дутуу юм яривал доошоо орсон хэрэг болно гэж бодсон ч байж болох талтай.

Угаасаа үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах учиртай манай тагнуулчдын хувьд аливаа болзошгүй аюул, заналхийллээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох арга хэмжээ авдаг нь тэдний ажлын онцлог юм. Тиймээс “хэрэг” тарьж мэдэх эдгээр нөхдөд урьдчилан анхааруулж, баталгаат гарын үсгийг нь авсан нь зөв болов уу. Эс тэгвэл тэд бөөн асуудал манаргаж хаячихаад “Бид ямар ч буруугүй шүү дээ” гээд юу ч болоогүй юм шиг царайлж мэдэх л улс даа.
Х.Балт wikimon.


URL:

Сэтгэгдэл бичих