ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Сонгосон гишүүнээсээ хариуцлага нэхэх, эргүүлэн татах эрхтэй байх нь ардчилал юм

15619011445d18b858194e5

УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт чуулганаа түр завсарлуулж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө иргэдэд танилцуулав. Энэ үеэр иргэдийн зүгээс гарсан хамгийн олон давталттай саналын нэг нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж, эргүүлэн татах асуудлыг нэмж тусгах санал байжээ.

Баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд Төрийн ордонд хуралдсан юм.

Хариуцлага бол Ардчилсан нийгмийн хамгийн гол үзүүүлэлт. Тиймээс иргэд сонгосон УИХ-ын гишүүнээсээ хариуцлага нэхэх, шаардлагатай гэж үзвэл эргүүлэн татах эрхтэй байх нь ардчиллыг гүнзгийрүүлэх, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, шударга ёсыг хангах чухал алхам мөн.

Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатараар ахлуулсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг хуралдаж, Улсын Их Хурлын гишүүдтэй хийсэн уулзалт болон иргэдээс ирүүлсэн хамгийн олон давтамжтай  4 саналыг төсөлд тусгах асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд  болон иргэд, олон нийтийн зүгээс Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж,  эргүүлэн татах асуудлыг нэмж тусгах, байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчмыг төрийн бус нийтийн эрх ашигт нийцүүлэх шаардлагатай гэсэн саналыг олонтаа ирүүлснийг ажлын хэсгийнхэн онцолсон байна.

УИХ-ын гишүүний хариуцлага, ялангуяа эргүүлэн татах асуудлыг иргэд зөвхөн энэ удаа гаргаж байгаа биш, олон жил яригдсаар ирсэн сэдэв. Өнгөрсөн онд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хоёр ч хуулийн төсөл өргөн баригдаж байсан санагдана.

Бүр бие даасан хуулийн төсөл ч өргөн баригдаж байсан удаа бий. Тухайлбал, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа бүрэн эрхийнхээ хүрээнд сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл боловсруулж өргөн барьж байв.

Хариуцлага алагчлалгүй, зөвхөн дунд, бага албан тушаалтныг тойрон “салхилдаг” байж таарахгүй. Монголд төрийн өндөр албан тушаалтан хариуцлага хүлээж байсан тохиолдол Д.Гантулгыг эс тооцвол бараг үгүй л болов уу.

Хариуцлага гэдэг Ардчилсан нийгмийн хамгийн гол үзүүүлэлт. Тиймээс иргэд  сонгосон УИХ-ын гишүүнээсээ хариуцлага нэхэх, шаардлагатай гэж үзвэл эргүүлэн татах эрхтэй байх нь  ардчиллыг гүнзгийрүүлэх, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, шударга ёсыг хангах чухал алхам мөн. Иргэдийнхээ итгэлийг авч парламентад сонгогдчихоод хуралдаа суудаггүй,  ёс суртахууны доголдол гаргадаг, элдэв ашиг сонирхлын зөрчилд нэр холбогддог гишүүд бий.

Харин иргэдийн нэхээд байгаа УИХ-ын гишүүний хариуцлагын асуудал Үндсэн хуулийн өөрчлөлтөд хэрхэн тусч байгааг тодруулж үзье.  Энэ төсөлд  УИХ-ын тухай хэд хэдэн заалт бий. Тодруулбал,

27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна  гэсэн заалт орж байгаа. Энэ нь парламентын байнгын ажиллагааг хангаж, хууль боловсруулах явц тасралтгүй байх нөхцлийг хангаж байгаа хэрэг.

27.6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.

Энэ заалтаар гишүүдийн хуралдаа оролцох идэвхийг /38+1/хангаж өгөхөөс гадна гаргаж буй хуулийн чанарт ахиц гарна гэж үзэж байгаа юм.

Харин хувь гишүүний хариуцлагатай холбоотойгоор давхар дээлээс гадна:

29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй”  гэсэн заалт шинээр орж байна.

Гэхдээ хариуцлага, эргүүлэн татах асуудлын зах сэжүүрийг энэ заалтаас иргэд хайгаад ч олохгүй нь тодорхой. Тэгэхээр хувь гишүүний хариуцлага руу “халдсан” заалтыг иргэд Үндсэн хуулиас эрж хайж, нэхэж сураглах шалтгаан байгаа нь тойрч болохгүй үнэн болчихоод байна.

Харин гишүүдийн хариуцлага, эргүүлэн татах асуудлыг харин ямар хуулийн зохицуулалтаар шийдэж өгөх вэ гэдэг нь бодолцох ёстой асуудал биз. Энэ заалтыг “Эцэг” хуульдаа оруулах уу, аль эсвэл бусад органик хууль, тухайлбал УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулах уу гэдгийг тодотгож  өгөх хэрэгтэй болж байна.

Их хурал үнэхээр л иргэдийнхээ хүсэмжлэлийг хангаж, өөрсдөөсөө хариуцлага сахилга шаардаж байгаа л юм бол УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль эрх зүйн зохицуулалтаас тойрч дөлөх хэрэг байхгүй.

Г.Хантулга

http://www.zaluu.com/read/389f7e8hc


URL:

Сэтгэгдэл бичих