МОНГОЛ УЛАМЖЛАЛАА ДАГАН ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ НЬ БИДНИЙ АМЬДРАЛД МАШ ИХ ХЭРЭГТЭЙ

olloo_mn_1561776117_borts

Мах бол уураг хамгийн ихээр агуулагддаг гол хүнс бөгөөд борц бол яах аргагүй монголчууд бидний хамгийн ихээр идэх дуртай уламжлалт хүнсний нэг. Борц гэдэг нь зүссэн махыг байшин, пинд  хэцэнд өлгөж урь идүүлэн хатаах аргийг  нэрлэдэг байна. Борцыг ихэвчлэн 11,12 сард хийдэг. Хийсэн борцоо уутанд хийж битүү газар хадгална.

Харин говь хээрийн нутагт зүсч хөлдөөсөн махаа цэвэр уутанд хийж гадаа салхинд тавьж урь идүүлдэг байна. 4-5 сарын дараа борц гүйцэд хатдаг. Туршлагаас үзэхэд гүйцэд хатсан 214 кг борц 1 кг нойтон махтай тэнцэх бөгөөд 100 гр борц 386 ккал илчлэгтэй байдаг. Тэр дундаа тэмээний махан борцонд арав гаруй төрлийн чөлөөт амин хүчил агуулагддаг байна. Бид ихэнхдээ ямаа, үхрийн махаар борц хийдэг. Үхрийн махаар хийсэн борц нь удах тусам илүү амт ордог бөгөөд удаан хадгалагдах чанартай холбоотой байдаг байна.

Хатаасан борцоор 10 гаруй төрлийн амин дэмээр баялаг хоол унд хийж болох бөгөөд өвөл хатаасан борцоо ихэвчлэн зун иддэг. Мах борцлоход хатаасан махны жин анхныхаасаа  тав дахин багасдаг ч чанараа хэзээ ч алдахгүй сайн талтай. Мөн хоол хийхдээ борцоо хагас цаг орчим усанд дэвтээхэд  хоёр дахин өсөж илүү зөөлөн болдог. Одоо үед элдэв төрлийн хагас боловсруулсан мах махан бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох зайлсхийж монгол уламжлалаа даган эрүүл хүнс хэрэглэх нь бидний амьдралд маш их хэрэгтэй. Нэгэн түүх сонирхуулахад Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа сансарт борцны шөл хийсэн гэнэ билээ. Багийн ахлагч, сансрын нисгэгч В.Жанибеков түүнийг нь “Сансрын шөл” хэмээн үнэлсэн удаатай.

Борцыг голдуу үхэр, тэмээ, ямааны махаар хийнэ.  Харин хонины махны чанар удах тусмаа мууддаг, адууны мах хадгалалт даадаггүй удах тусам хуршсан амттай болдог  тул борц хийдэггүй байна.

Үхрийн махны илчлэг чанар нь 2300-2600 ккал бөгөөд үхрийн маханд азотгүй хандлаг бодис их байдгаас мах нь өвөрмөц үнэр амттай, дотор өөх нь концентрат ихтэй, ус багатай удаан хайлдаг, тосны гарц их байдаг онцлогтой. Монгол үхрийн мах булчингийн эд, өөх алагласан бүтэцтэй, маш нарийн ширхэгтэй тул зөөлөн, шүүсэрхэг, амт үнэр нь гойд сайхан, тослог, шим тэжээлтэй.

  • Шинэ үрхийн мах ханиаданд сайн эм болдог.
  • Хий шар хавсарсан халууныг анагаах чадалтай.
  • Өвлийн эхэн сард нядалсан үхрийн махны борц нь хий дарахад онцгой сайн нөлөө үзүүлдэг.
  • Үхрийн чөмөг нь уушгийг тунгалагжуулж, дэлүүний тамир сайжруулдаг шидтэй.

Тэмээний мах нь химийн найрлагаараа үхрийн махтай ойролцоо шинж чанартай. Нүүрс ус, чихэрлэгийн зүйл ихтэй, гликоген элбэг учир шингэц сайн, сэрүүн чанартай байдаг. Мах нь салхи, чийгийг хөөж, яс шөрмөсийг чийрэгжүүлдэг.

  • Тэмээний өөхийг хорт хавдар анагаах эмэнд хэрэглэдэг.
  • Тэмээний өөх нь загатнах өвчинд нэн сайн.
  • Мөн яршиж булчин мах нь үхжилд орсон, арьс шөрмөсний мэдрэл таталдах өвчнийг эмчлэхэд тэмээний өөхийг хэрэглэнэ.
  • Тэмээний ходоод гүзээг нь чанаж идвэл хоол сайн шингэнэ.
  • Тэмээний мах хордлого тайлдаг.
  • Гэдэс дүүрэх өвчнийг анагаадаг.
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих