Оросын нүүрсний компаниуд Азиас шархаа “нөхнө”
Оросын компаниуд Хятадын нүүрсний зах зээлд “ноёлно” гэдгээ ний нуугүй зарлаж байгаа билээ.
Европын зах зээлд нүүрсний ханш буурч байгаатай холбоотойгоор барууныг чиглэсэн нүүрсний экспортоо бууруулах төлвийг ОХУ-ын нүүрсний томоохон компаниуд танилцуулж эхлээд байна. Тэд алдагдсан орлогоо Азийн зах зээлээс нөхөх талаар шинжээчид мэдээлж эхэлжээ.
Он гарсаар Европын зах зээлд нүүрсний ханш 54 хувь унаад байгаа бөгөөд энэ нь олон жилийн дунджаас илүү дулаан өвөл болсон, байгалийн хийн ханш буурсан болон нүүрс төрөгч ялгаруулалтад ногдох төлбөрийн хэмжээ өсч байгаа зэрэгтэй холбоотой аж. Түүнчлэн, энэхүү уналт нь бүтэн 3 жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд цаашид ч сайжрах төлөвгүй юм. Харин нөгөө талд буюу нүүрсний гол зах зээл Ази, Хятадад ханш “сонирхол татахуйц” хэвээр байгаа юм.
Одоогийн байдлаар Оросын тэргүүлэгч олборлогчид болох Кузбассразрезуголь, Мечел болон Распадскай компаниуд олборлолтын төлвөө бууруулаад байгаа. Хамгийн гол нь эдгээр компаниуд бүгд манай экспортын гол бүтээгдэхүүн болох коксжих нүүрсийг экспортлодог бөгөөд Хятадын зах зээлд өрсөлдөхөөр олон жилийн өмнөөс бэлдэж байгаа, үүнийгээ ч ний нуугүй илэрхийлж байна.
Тиймээс эдгээр компаниуд тээврийн асуудлаа Оросын төмөр зам нийгэмлэгтэй хамтран шийдсэнээр Европ дахь алдагдсан боломжоо Азийн зах зээлд нөхөх боломжтой гэж Оросын шинжээчид мэдээлжээ. Учир нь эдгээр компаниудыг гол ордууд бүгд Хятадын хил орчимд байршдаг бөгөөд өнөөдрийг хүртэл Европоос хэт хамааралтай байсан нь стратегийн хувьд том алдаа байсныг ч мөн дурдсан байна.
Shuud.mn
URL: