МАН-ын ”хуваарилалт нь шог байна”
МАН-ынхнаас болж төрийн ажил 14 хоног цалгардлаа. Цалгардахаас гадна бүр гацаанд орчихлоо гэхэд болно. Хэдхэн ийг сайдаар томилох гэж ёстой алаан болох шахаж байна. Сайдын хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчингүй юм уу, аль эсвэл хөрөнгө мөнгөнийхөө их багаар асуудлыг шийдчихээд хаа хаанаа адлуулаад байна уу. Намын дарга нь зургаан хүнээ сайд болгочих санаатай арав гаруй хоног дагуулж, наагуур цаагуур, дээгүүр доогуур хангалттай гүйлээ. Ерөнхийлөгчөөс жавтий хүртэж, байнгын хорооны гишүүдэд бангадуулж, Ардчилсан намынханд адлуулж гүйцлээ. Өөрөөр хэлбэл МАН-ыг нэг талаас Ерөнхийлөгч, нөгөө талаас Ардчилсан намынхан, дороос нь Н.Энхбаярын намынхан шахаанд оруулж, хөөрхийг гарах гарцгүй болгож орхив.
Засгийн газар хуралдаж, улс орны хөгжил, хувь заяа, ирээдүйтэй холбоотой хэлэлцэх асуудлууд хойшлогдож, энэ зуур шатахуун, өргөн хэрэглээний бараагаар “гол зогоодог” нөхөд л харин чоно борооноор гэдэг болж байх шив. Ерөнхийдөө МАН-ынхан фракцаасаа болоод томилгоогоо хийж чадахаа больж. Ямар ч хэл үггүйгээр зургаахан хүнийг сайдын суудалд нь залчихаж чадахгүй ийм их хэл аманд өртөж, улсын ажлыг гацааж байгаа нам улс орныг цаашид авч явж чадах уу. Ид шид гэж байгаад л сонгуульд гараад ирдэггүй юм бол нам накаутад орох алдаагаа өөрсдөө хийчихлээ.
Тойргийнхондоо байтугай чуулганы танхимд ховор үзэгддэг, байгаа үгүй нь мэдэгддэггүй хэдэн нөхдийг сайдад нэр дэвшүүлчихээд Ерөнхийлөгчийн өрөө, Байнгын хорооны хуралдаанд оруулж түүгээр явсан гаиг үүгээр дууддаг нь ч юу вэ.
МАН-ынхан зургаан сайдыг томилох гэж төрийн ажлыг 14 хоног зогсоочихлоо. Одоо дэд сайдуудаа томилох гэж бас хэсэг хугацааны юм болно. Би болно, чи болохгүй, намайг томил, тэрийг боль гээд хэрүүл уруул нь cap шинэ
хүртэл үргэлжилнэ дээ, аягүи бол. Тэгж байтал хоёр сайд нь огцрох өргөддөө өгнө, тэдний орны хүнийг томилох гэж бас бөөн юм болно. Галзуу барын аманд гараа хийхээс буцдаггүй зантай намын генсек У.Хүрэлсүх нь Тэргүүн шадар сайд болох гээд ганц үг ганхийх тэнхэлгүй явж байгаа нь сонин байна. Уг нь тэр л энэ нам болохгүй байна, тэр хүн онгироод байна, нам болгоод өгье гэж явдагсан. Сүүлийн үед таг чиг.
МАН-ынхны буруу сонголтын хар гайгаар байнгын хороод, Засгийн газар хуралдаж чадахгүй хэд хонох юм бол оо. Уржигдар болох байсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хойшилсон. Энэ нь МАН-ын сайдуудыг дэмжээгүй Ерөнхийлегчид барьсан хариу гэж тайлбарлах хүн чуулганы танхимд сууж л байна. Учир нь дээрх байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Хуульчийн эрхзүйн байдлын тухай, Өмгөөллийн хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байжээ. Нөгөө үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэгч болж байна уу. Чуулганы хуралдааны ирц 93.4 хувьтай байсан хэрнээ байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх болохоор байнгын хорооны гишүүдийн ирц хүрэхгүй байна гэж юу байх вэ.
Энэ мэтээр улс орны ажил дэндүү олон хоног цалгардчихлаа. Цаашид хэд хоног сунжрахыг мэдэхгүй. Ингэсээр байтал УИХ-ын чуулган завсарлана. За тэгээд хавар хаяанд ирж их ажил буцална. Сонгууль болно. Төрийн яамд нь эзэнгүй айл шиг дүмбийж суух хооронд харийнхан газар нутгийг маань хуйгаар нь эзэлж, хөөрхий ард түмэн хувхайрч гүйцэх вий дээ. МАН-ынхны сайдын “хуваарилалт үнэхээр шог” байна. Шог байгаа болоод л шоглуулаад байгаа хэрэг. Үнэтэй юм гэдэг үнэтэй л байдаг аж. Сая доллараар хэмжигдэх суудлууд ч аргагүй дээ хэмээн арга ядсан хүмүүс ярьж байна. Сүүлийн үед Монголд авлига сая ногооноор л яригддаг болсон гэнэ лээ. Гэтэл ард түмэнд бензиний нэмэлт 300 төгрөг дааж давшгүй ачаа болон нэмэгдэж байна. Яана даа.
Б.Оюу
URL: