Үхэхийг “хүссэн” 27 мянган амь байна
НЭГ ИРГЭНИЙ АМЬ НАС ГЭДЭГ НЭГЖ АЛТНААС Ч ҮНЭТЭЙ
Байгалийн жамаараа ороод өнгөрөх бороо араасаа ямагт хохирол дагуулах юм даа. Гэхдээ борооны буруу гэж юу байхав. Жил болгон давтагддаг хохирол цэвэр бидний хариуцлагаас хамаарч гарсаар л… Гэтэл яагаад энэ бүхнийг таслан зогсоочихож чадахгүй хүний амь нас эрсэдсээр байна вэ? Тухайлбал, өнгөрөгч 15-ны өдөр орсон борооны улмаас манай улс том хохирол амссан. Дөрвөн настай бяцхан охин дөчөөдхөн хоромд орсон борооны үерт үйчихлээ. Нэг иргэний амь нас гэдэг нэгж алтнаас ч үнэтэй. Гэтэл манай улсад хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон байна. Одоо бүр нэг биш 27 мянган хүний амь үерийн усанд хөвөх нь ээ!
Үерийн аман дээр буусан айлын тоо 3.3 дахин нэмэгджээ
Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод таван хоног үргэлжилсэн бороо орно. Нийслэлийн хэмжээнд 6696 өрх айлын 26784 хүн буюу нийслэлийн нийт хүн амын 2.23 хувь нь үерийн аман дээр амьдардаг талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Ямар их эмгэнэл вэ. Шувуу хүртэл аюулгүй газар бат бөх гэгч үүр засдаг атал саруул ухаант хүмүүн аюулын өмнө, амь насаа үл тоон үхэл рүүгээ өөрөө явж байна.
Хатуухан хэлэхэд иргэд өөрсдөө үхлийг хүсэж үерийн аман дээр амьдарч байна
Жил бүр борооны улиралд энэхүү асуудал яригддаг. Нийслэлийн газрын албанаас тэрхүү айл өрхүүдэд жил бүр санамж, анхааруулга бичиг хүргүүлэн, заримтай нь тохиролцон нүүлгэх арга хэмжээ авч хэрэгжүүлдэг хэдий ч тус айл, өрхүүд газраа чөлөөлөхөөс татгалзаж байна.
Үүнийг зориг гэх үү, муйхарлал гэх үү! Энд нэг тоо дурдая. 2017 онтой харьцуулахад Улаанбаатарт холбогдох газраас сануулсаар байхад үерийн аман дээр очиж буусан айлын тоо 3.3 дахин нэмэгдсэн байна. Аюул болно гэдгийг мэдсээр байж тийн муйхарлагсдыг сайн дураараа амиа хорлогсод гэж хэлэхэд буруудахгүй. Үерийн аман дээр буусан айлуудын дийлэнх нь орон нутгаас шилжин ирэгсэд. Тэр хэрээр зөвшөөрөлгүй газар эзэмших явдал ихсэн, аюултай бүсэд амьдрагсад ч олширсон. Эд хөрөнгө, гэр орноо үерийн усанд урсгасан талаараа хожим нь хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөн, тусламж гуйдаг энгийн жишиг манайд тогтчихлоо. Анхнаасаа тэр бүх аюулыг бодолцон үерийн аман дээр бууж болохгүйг сэрэмжлүүлэхэд амьд явах, газар эзэмших нь бидний эрх гэх мэт том,том мэдэмхийрсэн муйхар толгойтнууд. Энд улсын буруу гэж хэлэхээ болих хэрэгтэй санагддаг.
Хатуухан хэлэхэд иргэд өөрсдөө үхлийг хүсэж үерийн аман дээр амьдарч байна шүү дээ. Хөөгөөд, туугаад явдаггүй, хөдөлдөггүй бас хаширдаггүй 27 мянган иргэн гөжиж, гажаад одоо ч үерийн аманд амьдарсаар байгаад хэн буруутай болж байна вэ, тэгээд.
ҮЕРИЙН ДАЛАНГИЙН 73 ХУВЬ НЬ АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан сувгийн асуудлаар өчигдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэвлэлийн бага хурал хийсэн. “Энэхүү хяналт шалгалтын үр дүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 33 км урт үерийн далан, 109.6 км үерийн суваг, зургаан ширхэг тосох байгууламж байдгаас үерийн далангийн 73 хувь нь ашиглалтын хугацаа дууссан” хэмээн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, үерийн далан суваг хариуцсан ажилтан л.Батбаяр хэлсэн юм.
Мөн хяналт шалгалт хийх явцад дөрвөн далан халиа үүссэн, зургаан далан хог хаягдал ихтэй, иргэд ахуйн хог, үнс нурмаа даланд хийдэг, хууль бус хашаа байшин, хайс, авто засварын зам гарган, далангийн хийц эдлэгдэхүүнийг эвдэлсэн, шороо асгаж, гүүр гарц гаргаж, инженерийн шугам сүлжээг дур зоргоороо байрлуулах зэргээр үерийн далангийн хүчин чадлыг бууруулсан 60 гаруй зөрчил, дутагдал илрүүлсэн гэж тэрбээр ярилаа.
Хэдийгээр иргэд цахилгаан, шугам сүлжээнд холбогдох хэрэгтэй ч үерийн даланг нурааж, өөрсдөө инженерийн шугам, сүлжээ байрлуулах нь тийм ч оновчтой сонголт биш. Мөн цахилгааны утас нь ил гарсан, өндөр хүчдэл бүхий шонтой ойр гэр хороололд үер болох нь дэндүү аюултай.
• Үерийн аман дээр буусан айлуудын дийлэнх нь орон нутгаас шилжин ирэгсэд.
• Иргэд хогоо үерийн далан руу хийснээс болж далан сэтрэх эрсдэл бий болдог.
• Аюул болно гэдгийг мэдсээр байж тийн муйхарлагсдыг сайн дураараа амиа хорлогсод гэж хэлэхэд буруудахгүй.
Өндөр хүчдэлийн хажууд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлдэг хэдий ч буцаж ирээд ахин дахин буусаар л байдаг. Уг нь үерийн далан амархан сэтрэхээр эд биш. Хогны төлбөрөөс зугатсан ухамсаргүй иргэд хог хаягдлаа үерийн далан руу хийснээс болж далан сэтрэх эрсдэл бий болдог. Энэ мэт хэнэггүй зангаас үүдэн аюул дунд амьдарсаар, олон жилийг өнгөрөөсөөр. Айлуудын нүүх шаардлагыг хорооны Засаг дарга болон төрийн байгууллагууд удаа дараа тавьдаг хэдий ч тэднийг иргэд нохой хуцсан дайд ч тоодоггүй, үр дүн муутай талаар эх сурвалжууд хэлж байна.
Дөрвөн уулаар хүрээлүүлсэн манай нийслэлд газарзүйн бүтэц, хот төлөвлөлтийн буруу механизм, төвлөрсөн бүтээн байгуулалт зэргээс үүдэн бороо, үерт ихээхэн хор хохирол амсдаг ч хүний амь нас үрэгдсээр байж таарамгүй. Яг одоогийн байдлаар 27 мянган иргэн өөрсдийн амь насаа газрын үнээр үнэлж, амьдралаас уйдсан мэт үхэлтэй зэрэгцэн амьдарч байна.
“Засгийн газрын мэдээ” сонин
URL: