МАН АН аль нь ч тэр барилдахаасаа таахалзаж байх шив дээ
-АН сөрөг хүчнээ, МАН олонхи гэдгээ нотлохоор цаг нөгцөөж байна- МАН-ын дарга С.Батболд Засгийн газрын үйл ажиллагааг шуурхай явуулах үүднээс УИХ-ын даргад нэр дэвшигчдийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх тухай саналыг хүргүүлсэн. УИХ-ын дарга ч хурдан шийдэж өгөх талаар харилцан тохиролцсон билээ. Энэ дагуу өчигдөр өглөөнөөс хойш байнгын хороод хуралдаж нэр дэвшигчдийн тухай хэлэлцэж эхэлсэн юм. Хамгийн түрүүнд Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Харин дараа дараагийн байнгын хороодоор хэлэлцэх байсан нэр дэвшигчдийн талаар хэлэлцэх асуудлуудад АН-ын бүлэг завсарлага авснаар сайдад нэр дэвшигчдийн талаархи асуудал түр хойшилсон. Тэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн УИХ, Засгийн газар Ерөнхийлөгчийн засаглал гэсэн гурван институтийн харилцаанд сэв суулгасан, бүдүүлгээр гажуудуулсан алхам нь АН-ыг байр сууриа дахин нягтлуулахад хүргэсэн гэж үзжээ.
Ингээд АН-ын ээлжит бусаар хуралдахын зэрэгцээ МАН-ын бүлэг ч мөн адил хуралдсан юм. Засгийн газрыг бүрдүүлэхэд гацаа үүсгэсэн бүлгийнхээ даргын асуудлыг яах ёстой зэрэг асуудлуудаа хэлэлцсэн юм байна. Энэ тухай мэдээлэл хийе ч гэсэн санал гарсанд зарим гишүүдээс нь “Бид болчимгүй алхам хийжээ. Үгээ буцааж авъя аа гэж хэлэлтэй биш дээ” хэмээсэн аж. Ямартай ч сайд нарыг томилох асуудал АН-ын анхны сөрөг хучний үүргээ хэрхэн гүйцэтгэх вэ гэдгээ харуулах алхам. Харин МАН олонхи ямар байдгийг мөн үзүүлэх боломж гэдэг үүднээс хандаж байгаа хэрэг. Аль аль нь байр сууриа хадгалах гэж барилдахаасаа таахалзацгааж байна. Ер нь бол эцсийн үр дүн ньямар байхыг АН, МАН-ынхан аль аль мэдэж байх учиртай.
Харин АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр хуралдаанаас гаргасан шийдвэрээ мэдэгдлээ. Тэргүүн шадар сайдын албан тушаалыг алга болгох ёстой. Холбогдох хоёр яамд Төрийн нарийн бичгийн дарга нарыг Хомилсон нь Монгол төрийн алба улс төр болоод намаас ангид байна гэсэн сүүлийн хэдэн жил баримталж ирсэн алхмуудыг эвдсэн алхам болж байна. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй хэмээн бүлгийн гишүүдийн олонхи нь санал гаргасан. УИХ дахь ардын намын бүлгээс нэр дэвшч байгаа гурван гишүүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшилцөх саналыг МАН-ын дарга Ерөнхий сайдад санал болгосон боловч огт зөвшилцөхгүйгээр хариу ирүүлсэн гэдэг үндэслэлээр УИХ-д өргөн барьсан байгаа юм.
Тиймээс энэ тухайд АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй нэгэн адил бодолтой байгаа гэдгээ илэрхийлж байсан гэдгээ мэдээллийн эхэнд тэрбээр дахин сануулах зорилготойгоор хэлэв. Харин хуралдаанаар бүлгийн гишүүд яг ямар байр сууринаас хандсан болохыг түүнээс тодруулсан.
Л.Гантөмөр: Ерөнхий сайд МАН-ын ЕНБД-тай зөвшилцөж Засгийн газрыг авч явах уу
-Шинээр томилогдож байгаа Засгийн газрын гишүүдтэй холбоотойгоор АН-ын бүлэг завсарлага аваад байгаа. Завсарлагыг цаашид үргэлжлүүлэх үү?
-Засгийн газрын хуулиар 10 гишүүнтэй болж байж хуралдах хуультай. Тэгэхээр Засгийн газрыг хуралдах чадамжтай болгохын тулд ЭМ-ийн сайдад нэр дэвшиж байгаа Н.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар нарын тухай УИХ хэлэлцэж шийдвэрээ гаргая. Тэдгээр хүмүүсийг сайд болгохоор УИХ шийдвэр гаргаж ч болно. Харин АН-ын бүлэг мэдээж эсрэг саналтай оролцоно. Хэрэв уналаа гэхэд дараагийн хүмүүс нь хурдан нэр дэвшээсэй гэсэн зарчмаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлье. Тэргүүн шадар сайдын хувьд энэ албан тушаалыг алга болгох хуулийг оруулж ирээч гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлж байна. Хоёр сайдын томилгооны асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү болон Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт нарт УИХ-ын даргад өргөн барихыг чиглэл болгон явуулсан. Тэргүүн шадар сайдын хувьд дээр хэлсэнчлэн завсарлага авна.
-МАН-ын бүлгээс сонгогдож байгаа гурван гишүүний тухайд?
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүдийн талаар өнөөдөр бий болоод байгаа зарчмыг эргэж хараач гэсэн саналыг Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлнэ. Ингээд үлдсэн гурван сайдын томилгооны асуудлаар манай нам мөн завсарлага авна. МАН-ын өчигдрийн хэвлэл мэдээллээр хийсэн байр суурь суурийг харахад үнийн өсөлтийг АН-тай холбохыг оролдож байгаа юм билээ. Тийм оролдлого байхгүй шүү. Засгийн газар өнөөдөр үнийн өсөлтийн эсрэг ажлаа хийгээд ил тодоор тайлагна. Ажлын хэсэг байгуулсныгаа ажил хийж байна гэж ярьдгаа боль гэж хэлмээр байна. Нөгөө талаас халамжийн тухай хуулийг бүгдийг нь АН гацааж байна гэж ч ярьсан байна лээ. Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд өргөн барьсан. Ардын намын гишүүд ч орсон. Тэр утгаараа суурь тэтгэврийн асуудлыг УИХ шийднэ.
Гэхдээ бид энэ асуудлыг шийдвэл шийдсэн шиг шийдье л гэж байгаа юм. Эхчүүдэд мөнгө олгох асуудлын тухайд бол хүүхдийн мөнгийг олгоно гэсэн хуулийн төслийг манай бүлгийн гишүүд өргөн барьсан. Тиймээс эхчүүдэд мөнгө олгох болон хүүхдийн мөнгө хоёрыг зэрэг хэлэлцээд нэгдсэн ойлголтод хүрнэ.
-Сайд нарыг гаднаас томилох тухай ярык байна. Гэтэл өмнө нь АН-аас Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс бүгд УИХ-ын гишүүн байсан шүү дээ?
-Гурван жил хагасын өмнө байгуулагдсан Засгийн газар гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр үед 3/1 нь дотроосоо 3/2 нь УИХ-ын гишүүн биш байна гэсэн шийдэлдхүрээгүй байсан. Гэтэл өнөөдрийн бий болсон шинэ нөхцөл байдалд ойлголцчихсон байгаа төвшиндөө ажиллаач гэдэг саналыг Ерөнхий сайдад хүргүүлье гэж бодож байна. Гурван жилийн өмнөх шийдвэртэй өнөөдрийнхийг хольж хутгалгүйгээр бид маргааш яаж шийдэх вэ. 2012 онд сонгуульд ялсан нам засаг байгуулахдаа өнөөдрийн зарчмыг барих юм уу. Хэрэв ингэж явбал Монголд шинэчлэл гарахгүй.
-Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байя гэсэн учраас эрхзүйн орчин бүрдэхгүй байгаа гэж МАН-ынхан тайлбарлаж байгаа шүү дээ?
-Өнөөдрийн Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг сайдаар томил гэсэн зүйл байхгүй. Өнөөдрийн томилгоог нь үгүйсгээд байгаа юм биш. Зүгээр эргэж хараач гэж байгаа юм Монгол Улс жишиг тогтоох хуулиудаа үргэлж дараа нь үйлчлэхээр баталж байгаа. Төсвийн тогтвортой байдал, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль ч дараа хэрэгжинэ. Одоо Үндсэн хуулиа ч гэсэн дараа үйлчлүүлнэ. Дараа хийнэ ээ гэдэг чинь өнөөдөр шаардлагатай байгаагийн илрэл. Ерөнхийлөгч энэ тухай хэлсний дараа ядаж нам дотроо ил тод яриач. Боломжгүй зүйл биш гэж бодож байна. Өнөөдөр юм уу маргаашдаа багтаагаад Засгийн газрыг хуралдуулах чадамжтай болгоё. Бусад хүмүүсээ эргэн хараач. ЯлангуяаТэргүүн шадар сайдын албыг бид зөвшөөрөхгүй.
-Тэгвэл яагаад хамтарсан Засгийн газар байгуулах болохоороо энэ албыг бий болгож болдог. МАН-ын дангаараа засгаа барих болохоор байж болдоггүй юм бэ?
-Мэдээж ийм шүүмжлэл явж байгаа. Анх Засгийн газрыг байгуулахад Ерөнхий сайд нь Ардын намаас, хамтарч байгаа намын дарга нь Тэргүүн шадар сайд байгаад хоорондоо зөвшилцөж ярьдаг байя. Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд нар асуудлаа яриад УИХ-д оруулдаг байя. Харилцан хамтарч ярилцахын тулд л энэ албан тушаалыг бий болгосон. Одоо бол Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай зөвшилцөж Засгийн газрыг авч явах гээд байгаа юм уу. Энэ албан тушаал хэрэггүй болсон гэж үзэж байна.
-Төрийн нарийн бичгийн дарга нарыг эсэргүүцэж байгаа гол шалтгаан нь юу вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд оруулаад ирвэл бид дэмжинэ. Түүнчлэн Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нарыг дэмжихгүй байхаас өөр арга алга. Өнөөдөр ажиллаж байгаа Төрийн нарийн бичгийн дарга нар бүгд тийшээ гүйж очно. Гүйж очихоор юу болж хувирах вэ. Монгол Улсын Засгийн газар намын аппарат болж хувирна. Уг нь Төрийн албаны хуулиараа Төрийн нарийн бичгийн дарга гэдэг нь тухайн яамныхаа төрийн ажлыг хийдэг захиргааны ажилтан. Тухайн яаманд ирж байгаа тендерийн хорооны дарга нар байдаг. Тэр утгаараа бүх мөнгийг захиран зарцуулдаг. Сайд нарт мөнгө зарцуулах эрх байдаггүй юм шүү дээ. Гэтэл МАН “та нар өнөөдөр бидэнд үйлчилнэ” шүү гэсэн зарлал хадчихлаа. Бид үүнийг эсэргүүцэж байна.
Б.Даваа
URL: