Болзол тохироо дүүрэн хэрүүлийн ордон

Төрийн ордонд хэрүүлийн долоо хоног үргэлжилж байна.

Салсан эхнэр нөхөр хоёр эл хөрөнгөө булаацалдаж байгааг мэт байдал энд ноёлжээ. Гурван жил гаруй ханилж байгаад салаа замын эрхээр салж байгаа АН-ынхан салахдаа хөрөнгө мөнгө булаацалдаж новширдог эхнэр, МАН-ынхан эхнэрээ салахад араас нь олон юм ярихгүй ч хөрөнгөө хуваалцахгүй гэж гүрийдэг нөхрийг санагдуулах мэт.

Энэ хооронд хэдэн хүүхэд нь хичээлээ тасалж, гудамжинд тэнэж, гэдэс нь  хонхолзож явдаг шиг ард түмэн харж хандах эцэг эрхгүй болсон мэт үнийн өсөлтөд дарлуулж, гудамжиндаа гарсан ч байдал сайжирсангүй.

Иргэдийн амьжиргаанаас илүүтэй эхлээд  сайд нарын суудал, улстөрийн тохироо, хэдхэн сарын дараа болох сонгууль чухал байна. Сонгуулийн дараа дахин оёр нам хамтрах эсэх ч хамгаас чухал.  Гудамжинд хөл гараа бээртэл халхдаггүй, гэдэс  нь өлсөж хүйтэн гэрт элгээ тэвэрч хэвтэж үзээгүй улстөрчид халуу дүйгсэн  Төрийн ордондоо  телевизийн камеруудын өмнө гал гартал хэрэлдэж улстөрийн шоуныхоо гол дүрийг бүтээх гэж нэлээд чармайж сууна.

Харин ч тэдэнд шатахууны үнэ өссөн, иргэд гудамжинд жагсаж байгаа нь сонгуулийнхаа шоуг хийхэд түрлэг нэмж далим үсэргэсэн зүйл болж байна. Өчигдөр хуваарийн дагуу Засгийн газар хуралдаж цаг үеийн асуудлуудыг шийдэх байлаа.

Тухайлбал, шатахуунаас үүдэлтэй үнийн өсөлтийг буурулах асуудал, иргэдийн цалин тэтгэвэр нэмэх гурван талт хэлэлцээр, Дархан –Уул аймагт газ дэлбэрч олон айл орох оронгүй болсон тул хөрөнгө мөнгө шийдэж өгөх, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг хэрхэн олгох, иргэний үнэмлэх олгох ажил гээд олон асуудал шийдэлгүй хүлээж байна. Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр  нь хуралдаанд оролцож байж тухайн Засгийн газрын шийдвэр хүчинтэй байна гэсэн хуулийн заалттай. Өнөөдөр энэ танхимын 15 сайдын зургаа нь чөлөөлөгдсөн болохоор ийнхүү гүйцэтгэх засаглал дороо хий эргэн зогсож байна. МАН-ын бүлгийн гишүүд АН-ын сайд нар бүгд УИХ-ын гишүүд байсан.

Дараа нь МАН-ын гишүүд орж ирэх гэхээр болдоггүй болж таардаг яасан улстөр вэ гэж байна. Тэгвэл АН-ын бүлгийн гишүүд МАН боловсон хүчний хомсдолд орсон биш парламентад суудалгүй  гаднах гишүүдээсээ сайдад нэр дэвшүүлж болдоггүй юм уу хэмээнэ.

Ийм шалтгаанаар өчигдөр байнгын хороодын хуралдаан бантан болж, УИХ-ын чуулганы хуралдаан цуцлагдаж, Засгийн газар хуралдаж чадахгүй байдалтай өдрийг өнгөрүүллээ. Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж үүссэн нөхцөл байдлаар дахин хуралдана.

Хуралдааныхаа дараа мэдээлэл өгөх тухай яригдаж байсан. Тэгэхээр парламентын гаднаас сайд нар оруулж ирэхээсээ илүүтэй улстөрийн нөхцөл байдлыг өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлаж мэдэгдэл хийх үү гэдэг байна.

Ийнхүү сонгууль угтсан эцэс төгсгөлгүй хэрүүл сонгуулийн өмнө дуусч, улстөрийн тохироо нь дуусахгүй хэн ч мэдэхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих