Зассан замаа засварласаар байх уу
Иргэдийг бухимдуулдаг зүйлийн нэг нийслэлийн зам засвар. Жил бүр олон тэрбум төгрөгийн зардал гарган байж хийгддэг зам засварын ажил чанар муутай байсаар байна.
Зуны улиралд зам хааж иргэдийн ажлыг алдагдуулан, түгжрэл үүсгэн байж хийгддэг засвараас хоёр, гуравхан сарын настай зам гардаг нь одоо бичигдээгүй хууль болоод байна.
Жил бүр Нийслэлийн авто зам засварын газраас Сангийн яамтай хамтарч гүйцэтгэгч байгууллагуудын дунд тендер зарладаг ч чадамж муутай компаниудад ажил гүйцэтгэх эрх өгч байгаагаас ихэнх асуудал үүсдэг талаар албаны хүмүүс хэлдэг. Ингээд тендерт ялсан компаниуд зам засварыг шаардлага хангахгүй хийчихсэн байхад ердөө л 250 мянган төгрөгөөр торгоод л өнгөрүүлдэг нь тийм ч оновчтой арга хэмжээ биш байлтай.
Засаад хэдхэн сарын дараа сахил хүртээд дордов гэгчийн үлгэр шиг нийслэлчүүд дахиад л хуучин муу замаараа явж байна. Үүнд манай орны уур амьсгал ч мөн нөлөөлдөг, нөгөө талаар техникийн асуудал бас байдаг. Нийслэлийн 32-ын тойрог орчмын замын нэг хэсгийг монголчууд нөгөө хэсгийг хятадууд хийсэн байдаг. Түүнээс харахад хятадуудын хийсэн зам эвдрэлгүй зүгээр байхад монголчуудын хийсэн зам эвдэрч хагарсан байдалтай байх жишээтэй.
Энэ хэсгийн газарт урьд нь намаг, ногоон талбай байсан бөгөөд хятадууд газраас доош хоёр метр ухан чулуугаар дүүргэж зам тавьсан байна. Харин манайхан газраас доош метр ч хүрэхгүй ухаж зам тавьсан нь уур амьсгалд эвдэгдэн хагарч эхлэх үндэс болжээ. Түүнчлэн замыг засварлахдаа доорх хөрсийг судлахгүйгээр тооцон гаргасан хөрөнгө мөнгө бас нэг асуудал болж байгаа юм.
Жишээ дурдахад, Сансараас XIII хороолол орох замд төө хэрийн зайтай суулт өгсөн нь техникийн алдаагаар буруу зам тавьсан нь харагдаж байгаа. Уг нь тус газар уулархаг хатуу хөрстэй учир доошоо суух ямар ч үндэслэлгүй юм. Энэ мэтээр зассан замаа зассаар л байх уу.
Японы засгийн газраас буцалтгүй тусламжаар санхүүжүүлэгдсэн Нарны зам өнөөдөр эвдэрч хагараагүй л байна. Энэ замыг засварлахад тусгай түүхий эд хэрэглээгүй нь мэдээж. Түүгээр ч зогсохгүй замын ажлыг Японы талаас мэргэжилтнүүд ирж газар дээр нь зөвлөгөө өгөн техникийн тал дээр шинэ технологи нэвтрүүлсэн байдаг. Үүнээс жишээ аван сэтгэл гаргаж чанартай ажил хийгээд байвал нийслэлийн 430 км замыг шинэчлэхэд нэг их цаг хугацаа, хөрөнгө мөнгө орохгүй биз.
Б.Учрал
URL: