Элэгний вирусээ эдгээж ЭРҮҮЛ болсон түүх
“Элэгний С вирустэй гэдгээ сонсоод сэтгэлийн махаа их идсэн дээ. Сэтгэл санаагаар унаад турж эцээд хүн харахад хэцүүхэн жижигхэн амьтан болсон” хэмээн хэнгэнэтэл санаа алдах энэ эр одоо бол халуун наранд сүүдэрт нь зогсож сэрүүцмээр тарган, цатгалан “том” хүн болжээ. Учир нь түүний сэтгэлийг туртал нь зовоосон элэгний С вирус бүрэн устаж, эрүүл энх аж төрж байна.
Л.Ачит гэх өдгөө 68 настай энэ ахмад цагтаа цалгиж явсан эр гэнэ. Бидний яриа бүр алсаас, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явсан түүний залуу наснаас эхэллээ.
Тэрбээр Төв аймгийн Эрдэнэсант суманд залуу насаа өнгөрүүлсэн бөгөөд инженер механикч мэргэжилтэй нэгэн аж. Тус сумаас амьдралын ханиа олж, гэр бүл болон хоёр хөөрхөн хүүтэй болсон ч хорвоо буцаагаад авчихсан гэнэ. Харин удмыг нь үргэлжлүүлэх ганц охин ээж аавдаа “эрхэлж” иржээ. Охин А.Эрдэнэбулган нь эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд хоёр хүүтэйгээ, аавтайгаа өнөөдөр Нийслэлийн СХД-ийн 27 дугаар хороонд энх тунх амьдарч байна.
Өндөр настан Л.Ачит гуай хүний амьдрал хөрвөхдөө, урвахдаа их амархан юм билээ гэж тодотгосон. Ингэж хэлсэн нь их учиртай аж. Түүнд амьдрал хатуу хандаж, хоёр жилийн өмнө хайртай ханиасаа хагацаж ганц охиноо түшээд хоцорчээ. Тэрбээр “Миний хань 2016 онд даралтаар нам унаад өөд болсон. Ханиасаа хойш их ганцаарддаг болов. Хоёр зээгээ хичээл сургуульд нь зөөж авах гээд их зүйлд сатаарсан. Хүн ер нь эрүүл мэндээ гаргуунд нь хаяж болохгүй юм билээ шүү. Хүний хамгийн гол зүйл эрүүл мэнд. Аз жаргалтай, элэг бүтэн байхад эрүүл мэнд чухал шүү” хэмээсэн.
“Эрүүл мэнд эрхэм чухал” хэмээн өгүүлбэр бүртээ онцлоод байсан нь бас л учиртай аж. Ханиа алдсан харуусал нимгэрч амжаагүй явтал нэг жилийн өмнө элэгний С вирустэй гэдгээ мэджээ. Тэрбээр өвдвөл л эмнэлэгт ханддаг хэнэггүй Монголчуудын нэг байсан гэнэ. Тэр бүр эмнэлэгт ханддаггүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй гүндүүгүй монгол эр явжээ.
Харин талийгаач ээж нь элэгний С вирустай байсан тул охин нь үлдсэн ганц аавдаа үргэлж санаа зовниж эрт илрүүлэг шинжилгээнд хамруулахыг хүсч, эмнэлэгт даруй үзүүлэх хэрэгтэйг ятгадаг байсан аж.
Орон даяар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр эхэлж урьдчилан сэргийлэх үзлэг үнэгүй хамруулж буй тухай мэдээг сонсоод охин нь аавыгаа аваад “Энх элбэрэл” өрхийн эмнэлэг дээр шинжилгээ өгүүлэхэд элэгний С вирус илэрсэнд хоёул ихэд хямарчээ.
С вирустэй гэдгээ мэдсэн тэр “хар” өдрөөс “Эрүүл болжээ” гэх эмчийн үгийг сонсох хүртэл тэмцсэн, тэвчсэн сар өдрүүдийн тухай тэр залхууралгүй ярилаа. Учир нь түүний эдгэрсэн түүх элэгний вирусээр ханыгаа, аав, ээжийгээ, ах дүүгээ алдсан, алдах вий гэхээс айж яваа хүмүүст “амьдрал” бэлэглэх нь лавтай.
Л.Ачит гуай ярихдаа “Би өнгөрсөн 2018 оны есдүгээр сард өрхийн эмнэлэгт ирж шинжилгээ өгч үзүүлэхэд элэгний С вирус 2 сая гаруй тоологдсон. Тэгээд эмч нарынхаа зөвлөгөөгөөр орж, эмчилгээндээ цаг алдалгүй орсон. Гурван сар уух эм бичиж өгсөн. Тэр эм нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 60 хувийн хөнгөлттөй үнээр гардаг юм гэж эмч хэлсэн.
Ингээд өрхийнхөө эмнэлгээр эргэлдэж, эмчийн хяналтан дор эмээ уудаг ажилтай болсон. Гурван хайрцаг эм өгсөн. Анхныхаа хайрцаг эмийг уугаад эмнэлэгтээ шинжилгээ өгөхөд С вирус багассан байсан. Тэгээд дараа нь хоёр хайрцагаа ууж дуусгасан. Маш их итгэл найдвар төрснийг нуух юун. Эмчилгээ маань яг шинэ жил болон цагаан сар гээд баяр ёслолын үе таарсан бөгөөд тэр үедээ дэглэмээ чанга хатуу барьсан. Архи, айраг ууж, цагаан идээ идэж болохгүй. Шарсан хуурсан, өөх тостой хоол, газтай ундаа огт хэрэглэж болохгүй гэсэн зөвлөгөөтэй.
Гэвч би өөрөө Булганы Сайхан сумын унаган хүн. Айрганд их дуртай. Тэгээд айраг хараад нүд минь бүлтгэнэж, шүлсээ залгиж байгаа юм чинь гэхдээ л уух хүсэл хорхойгоор дарж чадсан. Голдуу шөл устай, өөх тосгүй хоол хүнс хэрэглэсэн. Гурван сарын хугацаанд хүн өөрийгөө л боддог юм билээ. Тэвчээр их гаргасан. Гэхдээ би бүхнийг тэвчээд тэсээд гарсан. Эрүүл саруул биетэй болоод өнгө зүс орно гэдэг үнэхээр сайхан. Нуруун дээрээс хүнд ачаа авсан мэт санагдаж байсан. Хийсэн эмчилгээ буюу эмэндээ ч сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл үр дүн ихтэй. Одоо надад ямар ч зовиур алга.
Түүнээс шинжилгээнд орохоос өмнө ханиа алдснаас хойш нэг жилийн хугацаанд бие маань ядраад, сульдаад царай зүс харлаад, нойр их хүрдэг байсныг охин минь ажигласан байсан.
Дахин хэлэхэд, эмчилгээний тухайд бөөрөнхий хайрцагтай эмийг өдрийн гурваар уудаг байсан. Дээр нь дархлаагаа сайн дэмжих ёстой. Эмчилгээ хийлгэж байхдаа дэглэм алдаж болохгүй юм билээ.
Нэг удаа дэггүйтээд хөдөөнөөс ирсэн багын найзтайгаа ганц шил архи хүртээд унтчихсан чинь маргааш нь ёстой баларсан. Биеэр ялангуяа цээж хавиар улаан хүрэн юм туураад гараад ирсэн. Тэгээд найздаа харуулаад “Чи зүгээрээ яах ч үгүй” гээд байсан ийм болчихлоо. Одоо би үхлээ гэж найзыгаа цаашлуулж айлгасан /инээв/. Тэгэхээр дэглэм алдаж болохгүй юм билээ шүү” гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтуудын нэг болох хүн амын дундах элэгний вирусийн халдварын тархалтыг таслан зогсоох зорилготой “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байна.
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах зорилтыг бид дэвшүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөрийн үйл ажиллагаа 2017 онд эхэлж, 40-65 насны 750,040 хүнийг элэгний В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаас 353,445 хүн буюу зорилтот насны хүн амын 47,1 хувийг нь хамруулжээ.
2017 оноос эхлэн С вирусийн халдвар илрүүлэх, вирусийн идэхижил тодорхойлох шинжилгээний үнийг 100 хувь, эмийн үнийн хөнгөлөлтийг ЭМДСангаас 1 хайрцаг эмэнд 210.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсан бол 2018 онд В вирусийн халдвар илрүүлэх болон ачаалал тоолох шинжилгээний үнэ төлбөрийг ЭМД-аас 100 хувь, вирусийн эмчилгээний эмийн үнийг ЭМД-аас 60 хувиар хөнгөлөлттэйгөөр дааж хамруулах шийдвэр гаргасан нь элэгний В вирусийн халдварыг хүн амын дунд эрт илрүүлж хяналтад авах сайхан боломж бүрдсэн.
2019 онд нийт 1053960 хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа бөгөөд В, С вирусийн халдвар илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээ хийх, эмийн үнийн зардалд ЭМДСангаас 32,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд олон хүн элэгний С вирусэндээ эмчилгээ хийлгүүлж устгуулж, цоо эрүүл болсон байгаа. Тэдний нэг бол Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны өндөр настан Л.Ачит юм.
Тэрбээр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар би анх нэг хайрцаг эмээ уусны дараа мэдэж сонссон. Улс орон даяар элэгний В, С вирустэй хүмүүсийг шинжилгээнд хамруулж эрт илрүүлэн, эмчлэх зорилготой хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна гэдгийг мэдсэн.
Энэ хөтөлбөрийн талаар мэдэхээс өмнө бол вирустэй гэдгээ сонсоод сэтгэлийн махаа их идсэн. Турж эцээд сэтгэл санаагаар унаад хэцүү юм билээ. Би ганц охинтой. Охин минь хоёр хүүтэй бид дөрвүүлээ амьдардаг. Охин минь их санаа зовоод “Аав минь үхэж л болохгүй. Та миний төлөө өндөр наслах ёстой. Миний ганц түшиг тулгуур та минь юм шүү. Тиймээс одоо сэтгэлээр унаад яах вэ, эмчилгээндээ энэ бие, цаг хугацаагаа зориул, эрүүл болно. Өөртөө итгэлтэй байгаарай. Харин ч элэгний хавдар болчихоогүй эрт мэдсэндээ баярлаарай ааваа” гэж хэлж, урам зориг өгөхөд нь үнэхээр их баярласан. Нээрээ л ганц охиныхоо төлөө би үхэх, өвдөх эрхгүй хүн шүү дээ гэж бодоод хоёр хөл дээрээ боссон. Толгой өөд өргөсөн” хэмээгээд тэр тэнгэр өөд тааламжтай ширтэн, толгойгоо илээд амьсгалж байгаадаа, амьдарч буйдаа талархаж байх шиг санагдав.
Тэгснээ гэнэтхэн нэгийг санах шиг болж огцом толгойгоо эргүүлээд “Би хаанаас С вирусийн халдвар авсан гэдгээ бол мэдэхгүй байгаа. Энэ бие минь эцэг эхээс эв эрүүл, сав саруул төрсөн. Өөрөө архи тамхи ч хэрэглэдэггүй хүн. Харин 40 гаруй жил ханилсан хань маань шарлаж, элэгний С вирустэй болж байсан юм билээ. Тухайн соц нийгмийн үед зүү тариур буцалгаж хэрэглэдэг байсан хүнд хэцүү үе. Тэгэхээр тийм замаар дамжсан юм болов уу гэж харддаг. Эсвэл бэлгийн замаар дамждаг юм болов уу. Миний төрсөн ах дүүс эрүүл хэрнээ, би ганцаараа вирустэй гарсан нь их сонин” гэв.
Тэгснээ дахиад л эрт мэдсэндээ эргээд эдгэрсэнээ, эмчилгээ зөв байсныг онцлох нь урамтай. “Би бол маш зөв эмчилгээ хийлгэсэн гэж бодоод өөртөө болон өрөөлд их баярласан. Би өөрийгөө азтай гэж боддог. Хэрвээ мэдэхгүй явсаар байгаад элэгний өөрчлөлтөд орж, хорт хавдар, хатууралтай болсон бол ямар ч аврал байхгүй дээ. Өнгөрсөн жил элэгний үйл ажиллагаагаа үзүүлэхэд эрүүл байна гэсэн.
Өөрийгөө л сайн тордож чадвал эмчилгээ их сайхан зохидог юм билээ. Хамгийн гол нь дэглэмээ алдаж, эмчийнхээ үгнээс огт зөрж болохгүй. Анхныхаа хайрцагтай эмийг ууж дуусаа дахин шинжилгээ хийлгэхэд вирус устсан байна гэж хэлэхэд хэчнээн их баярласан гэж санана.
Хамгийн гол нь зөв мэдээлэл сурталчилгаа хэрэгтэй юм билээ. Би вирустэй гэдгээ мэдэнгүүтээ хөдөө байгаа дүү нараа шинжилгээ өгөхийг шаардсан. Бүгдээрээ цоо эрүүл гарсан. Гэхдээ миний бэр дүү вирустэй байсан. Тэгээд яг миний замналаар эмчилгээ бичүүлж, эмээ уугаад одоо цоо эрүүл болсон. Сайхан үр дүнтэй эмчилгээ байсан. Одоо бол архи ууж, тарваганы мах идэхэд хориглох зүйл байхгүй.
Одоо би таарсан хүн болгондоо хийлгэсэн эмчилгээнийхээ талаар ярьж, сурталчилж ярьдаг. Ам амаар, дам дамаар дамжиж байж нэг нэгнээсээ мэдээлэл авах нь чухал юм билээ шүү. Орон нутгийн иргэдийг их хамруулах ёстой гэж боддог” гэлээ.
Л.Ачит гуай ганц охин, хоёр зээгийнхээ хамт амьдардаг. Тэдэнд заримдаа гуниглах шалтгаан бий. Л.Ачит гуай эмээгийн оронд эмээ болж охиныхоо хоёр хүүг өсгөж байна. Хүргэн хүү нь хүүхдүүдээ орхиод Чех улс руу яваад ор сураггүй болжээ. Заримдаа аягатай хоол дундуур байх өдөр, хоног цөөнгүй. Гэсэн ч “эрүүл л” байхад болно оо гээд итгэлтэй инээмсэглэх аж.
Тэрбээр “Зээ нарынхаа төлөө зүтгэсэн. Бантан ч хийж үзээгүй хүн хоёр зээдээ бантан хийж өгч сурсан. Буруу харж уйлж, зөв харж инээж өсгөлөө. Бага хүүгээ живх ч хэрэглүүлж үзээгүй өсгөсөн шүү. Харин би их жинтэй байсан. Гэвч сэтгэлийн стресс болон биеийн өвчнөөс болж хүн их ядарч турдаг юм билээ.
Заримдаа охиноо ширүүн хандахаар настай хүн гомдоод уйлаад үхчихмээр санагддаг байсан үе байсаан байсан. Одоо бол эд нарынхаа төлөө юун үхэх тухай бодох билээ дээ. Хоёр зээгээ хоёр талдаа хөтлөөд явах ч бас жаргал шүү.
Түүнтэй уулзахад нүүрэндээ баярын мишээлтэй, нүдэндээ бахдалын очтойгоор “Ахынх нь хөл өвдөхөөс бусад эрхтэн өвдсөн зүйл байхгүй. Дээр теннис тоглож байгаад хөлөө эвгүй гишгэчихсэн юмаа” гэсэн юм. Хоёр зээгээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг байсан тэрбээр хичээл сургууль амарч нуруу нь амсхийж байгаа нь энэ гэнэ. Хааяаа таксинд явж хоёр зээгийнхээ тараг, сүү, талхны мөнгийг олдог тэрбээр чөлөөт цаг гарвал хорооныхоо ахмадуудтайгаа нийлж, хөзөр даалуу тоглодог гэнэ.
Ай даа, амьдрал ийм сайхан даа. Нээрэн л Л.Ачит гуайн хэлснээр эрүүл л байвал болж, бүтэхгүйн буданд манан аяндаа арилна даа.
Эрүүл мэндийн салбараас иргэн хүнийхээ эрүүл мэндэд зориулж байгаа олон ажлын нэг нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хэмжээний том хөтөлбөр юм билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон мянган хүн хүн элэгний С вирусийн шинжилгээнд хамрагдаж, вирустэй, үгүй эсэхээ мэдэж авлаа. Дараа нь зохистой эмчилгээнд хамрагдаж эрүүл болж авлаа. Үүнээс илүү гавьяа гэж юу байх билээ. Засгийн газар болон Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын үр дүн эрүүл болсон энэ биенээс илт харагдана лээ.
Ярилцлагын төгсгөлд Л.Ачит гуай “Цаашид энэ үр өгөөжтэй, үр бүтээлтэй үндэсний том хөтөлбөрийг хэрэгжээсэй. Үнэ төлбөргүй эм эмчилгээ цаашид үргэлжилээсэй гэж хүсч байна” гэдгийг дахин дахин онцолсон юм.
Цоо эрүүл болсон өвөө хоёр зээ, ганц охиндоо “хань” болоод, буурал хорвоогийн бор, шаргал өдөр хоногуудыг өнгөрүүлж л явна. Урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлье.
URL: