ОУВС-ИЙН ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ
Сэхээнд орчихсон байсан Монгол Улсын эдийн засаг ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн ачаар эмнэлгээс гарч, гадуур эмчилгээ хийлгэж эхэлсэн. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум ам.доллар Монгол Улсад орж ирнэ. Үүнээс 2017-2018 онд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад нэг тэрбум 17 сая ам.долларын санхүүжилтийг Олон Улсын Валютын Сан, донор орнуудаас олгосон. Олон Улсын Валютын Сангаас 221 сая ам.доллар, Дэлхийн банкнаас 113 сая ам.доллар, Азийн хөгжлийн банкнаас 400 сая ам.доллар, Япон улсын Засгийн газраас 283.3 сая ам.доллар олгожээ. Гэтэл саяхнаас ОУВС-ынхан гадуур эмчилгээ хийлгэх зардлыг гаргах боломжгүй боллоо гэх мэдээллүүд гарах болов.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэхээр найман сарын хугацаанд хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд эдийн засгийн уналтаас сэргийлж, өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт 8 хувьтай байна. 2017 оны гуравдугаар сарын 21-нд Хөгжлийн банктай 580 сая ам.долларын евробондын төлбөр төлөх хугацаа тулсан байсан. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлсэн хамгийн гол үр дүн энэ. Зургадугаар ээлжийн санхүүжилт орж ирэхгүй бол эдийн засаг муудна. Өнгөрсөн жил олгох ёстой санхүүжилтэй Дэлхийн банк, Японы Засгийн газар олгосонгүй. Засгийн газар хэлэлцээр хийгээд явж байгаа. 2019, 2021 онд төлөх том төлбөр байхгүй. Гэхдээ ОУВС-тай хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусахгүй бол олон улсын санхүүгийн байгууллагаас манай улс тусгаарлагдана. Мөнгө угаах, олон улсын терроризмтэй тэмцэх байгууллагын саарал жагсаалтад орвол гадаад төлбөр тооцоо хаагдана” хэмээн мэдэгдлээ.
Харин төв банкнаас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтэд техникийн шалтгаантай бага зэргийн саатлууд тулгарсан боловч амжилттай шийдвэрлэн цаашид хэвийн үргэлжлэхээр болж байгаа” хэмээн мэдэгдээд байгаа билээ.
2018 оны 11 дүгээр сард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зургаа дахь шатны үнэлгээг хийсэн. Үнэлгээг Олон Улсын Валютын Сангийн удирдлагаар батлуулсны дараа захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна гэж тухайн үедээ мэдэгдэж байв. Харин одоо эрх баригчдаас шалтгаалсан түр зуурын саатлуудаа шийдвэрлэх шаардлагатай байгаа аж.
Тэгэхээр зургаа дахь санхүүжилт орж ирэх эсэхийг эрх баригчид “даалгавар”-аа хэрхэн биелүүлэхээс шалтгаална гэсэн үг. Энэ онд 840 сая ам.долларын санхүүжилтийг авах төлөвлөгөөтэй байгаа юм.
П.АНИР
Оллоо.мн
URL: