БИДНИЙ АРДЧИЛАЛ

4749

1990 онд бид оюутан байлаа. Өлсгөлөн, жагсаал цуглаан, хэрүүл энэ бүхэн ид гаарч байсан үе л дээ. Нэг удаа “Ардчилсан Холбоо”-ны гэж нэг нөхөр бидний хэсэг нөхдийг цуглуулан өөрчлөн байгуулалт, нэг хүнийг тахин шүтэх явдлын хор уршиг, коммунист ЭЗ-ын онол хэрхэн дампуурч байгаа, хүний эрх энэ тэр гээд баахан асуудлыг цэгц муутайхан ярьж улмаар удахгүй болж мэдэх ардчилалын төлөөх тэмцэлд бэлэн байхыг сануулаад тэр дороо л чоно нохойд хөөгдсөн мэт гараад алга болов. Харин тэнд байсан хүмүүсийн дийлэнх нь түүний ярьсан хэлсэн бүхнийг шууд “солиорол” гэж дүгнэж байж билээ. Миний хувьд ерөнхийдөө дэмжиж байсан ч бүхэлдээ сонин байгаагүй. Энэ тухай бүүр өмнө нь 1985 онд Өмнөговь аймгийн Төвийн 10 жилийн сургуулийн түүх, нийгэм судлалын Даваа багш маань “Энэ нийгэм нэг л биш шүү. Та нар нэг их удахгүй сонин юм үзнээ” гэж хэлж байсан нь санаанд орж билээ.
Манай нутгийн “хөргөгч засдаг” Д.Даян ах “Спутник” сэтгүүл захиалан уншина. ЗХУ-д тенхникумд сурдаг Л.Ганболд гэж найз ах маань, тухайн үед 10-р ангийн сурагч асан хожим нь Ардчилсан Холбооны улс төрийн ажилтан байсан Д.Баян бид хэд тэднийд очиж олон сонирхолтой нийтлэлүүдийг уншиж орчуулдаг байж билээ. Түүн дотроос ДОХ буюу СПИД, Перестройка буюу өөрчлөн байгуулалт зэрэг нэр томъёо их сонирхолтой санагдаж хоорондоо маргалдаж олон талаас нь ярилцаж байснаа мартдаггүй юм. Тэр үе бол 1985 он байлаа.
Зарим нөхөд маань хаяа эрүүл согтуу өвчигнөхөөрөө “Би партизан. Ты кто?” энэ тэр гээд л хэл ус хольж бантагнуулаад бараг л ардчилалыг зохиосон болж цээжээ дэлдэж байгааг харахаар “Яг энэ хүн тухайн үед юун ардчилал манатай даргыгаа хормойдоод далдаганаж явсан даа” гэсэншүү юм бодогдоод хөх инээд хүрдэг юм.
Д.Даян ах маань хэдийгээр бурхан болсон ч бидний хувьд үргэлж дурсагдаж байдаг эрхэм хүн маань билээ. Олон жил Өмнөговь аймгийн АН-ын хорооны гишүүн асан тэрээр онолын бус улс төр хийгээд ашиг сонирхолын аливаа үзэл хандлагыг шууд эсэргүүцэн зогсдог намынхаа “эсэргүү” нэртэй товарищ байсныг би сайн мэднэ. Түүнийг сүүлд нь “Оюу толгой” ХХК-тай хийсэн олон тэмцэл хөдөлгөөнөөр нь Монголын ард түмэн мэддэг болсон ба тун удалгүй М.Зэнээ, О.Дашбалбар, О.Энхсайхан нарын нэгэн адил гэнэт тохиолдсон хурдан явцтай өвчний улмаас таалал төгссөн юм. Хамгийн сонирхолтой нь тэд маань бүгд их сонин оноштойгоор бурхан болсонд гайхсаар өдийг хүрлээ.
1990 оныхны хувьд Ардчилалын тухай ойлголт нь хүмүүсийн мэдээлэлд хол ойр байх, нийгмийн бүлэг, гарал үүсэл, боловсролын түвшин зэргээс хамааран харилцан адилгүй байсан санагддаг юм. Тийм ч учраас тухайн үед ил тод байх тухай ойлголт нэлээд гажиг байдлаар моодонд орж хамаа намаагүй бусдыг шүүмжлэх ялангуяа дарга нарыг харахаараа үзэн ядаж цөс хөөрөн өстөн дайсан мэтээр дайрч давшлах явдал үнэхээр газар авч байлаа. Цус урсгасан эмх замбараагүй байдал болохвий гэсэн айдас хүйдэс нийгмийг тэр аяар нь айлгаж түгшээж байсан хэдий ч ийм хүчирхийлэлийн шинж чанартай үйлдэл бүхнийг хориглон улмаар даамжруулаагүй нь тухайн үеийн төрийн тэргүүн Ж.Батмөнх гуайн түүхэн гавьяа билээ.

Ил тод байдал нэрээр зарим үед чих халууцмаар явдлууд олон гарч байсан даа хөөрхий. Хурал дээр дарга нараа барьж авах, цохих, авгайгаа улалзтал шүүмжлэх, өөрийн шүүмжлэл гэгч утгагүй зүйлийн харгайгаар гэр бүлийн ариун нандин гэсэн бүхнээ олны өмнө чалчих зэрэг гутамшигтай явдлууд хэрээс хэтэрч гэр бүл дэх улс төржилт газар авч авгай нөхрүүд улс төрийн учир шалтгаанаар үсдэлцэх явдал энгийн үзэгдэл болсон зэрэг инээдтэй ичгэвтэр явдлууд шил шилээ даран гарч нэг хэсэг нь дэмжиж, зарим нь өмнөөс нь ичиж, нөгөө хэсэг нь айж болгоомжлох зэргээр хүлээн авч үнэлж дүгнэж байсан.

Олон ургальч үзэл гээч бас нэг инээдтэй юмийг хэн нэгэн нь ямарч тайлбаргүйгээр олны хүртээл болгосноос болж “эвлэж нийлэхээ болих алтан шар зам”-ыг заав. Байгууллагын хурал цуглаан эхлэнгүүт л нэг нөхөр шүлс үсчүүлээд, нүүр ам нь таталдаад босоод ирнэ. Тэгээд л улаан хэрүүл. Сүүлдээ яг юу ярих гээд байгаагаа ойлгохгүй болтлоо хэрэлдэж улмаар чөлөөт сэдэврүү хальж нэг нэгнийхээ унтсан хэвтсэн явдлуудыг он цагтай нь зарлах, танайхан манайхан гэх мэт хувийн чанартай хэрнээ маш хорлонтой хэрүүл даамжирч ямар ч шийдвэр гаргах боломжгүй болж тэрхүү хурал тардаг байж билээ.
Тэгээд ч иймэрхүү явдлууд олон том толгойтой хүмүүс төрөхийн эхлэл байсан юм болов уу даа гэж одоо бодогддог юм.

Үүнээс хойш олон жил өнгөрсөн хэдий ч анхны ардчилсан сонгуулиар хагарсан Монголчуудын минь түнжин одоо хэр нь хагархай хэвээрээ байна. “Энэ хэн тэр намынх, тэр чинь энэ намынх” эсвэл “Эд нар нийлээд байна. Тэр энэ намд элсчээ” ч гэх шиг инээдтэй, утга авцалдаа муутай хэрнээ уршиг ихтэй яриа сүүлдээ гурван сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай улс орныг минь улам л тархай бутархай болгож бусдын идэш болгосоор байна. Ялсан намын заавал хийх ажлын нэг бол намын харъяаллаар ажлаас халах цэвэрлэх асуудал байдаг. Энэ нь явсаар ардчилалын тулгуур үзэл баримтлал болох хүний эрх эрх чөлөөг боймлон хаасан гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааны суурь болсон төдийгүй төрийн залгамж чанарыг үгүй хийж төрийн ажлын хэвийн, НАЙДВАР-тай ажиллагааг алдагдуулж байна.
Ер нь бол хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах явдал ариун явдал яавч биш ээ.
Хэнтэй ч уулзсан ардчилалыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч ерөнхий ойлголт нь хэвээрээ л байх шиг санагддаг юм. Одоогоороо таалагдахгүй хүмүүсээ олны өмнө муу үгээр дайрч доромжлох, оймс гутлаа шидэх, болохгүй бол мөнгө төлөөд мэдээллийн хэрэгслэлүүдээр гүтгэх зэрэг “улаан хувьсгалчийн солиорол” дуусаагүй л байна. Ардчилалын тухай хоолойгоо хаттал яриад маргалдаад авгай нөхөр хоёр олны өмнө үсдэлцээд байгаа хэдий ч яг үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан төрт улсынхаа жолоог атгах барих сонгуулиа өгөх болохоор алга болчихдог. Уг нь бол энэ л бидний ардчилсан хувьсгалаар олж авсан том эрх төдийгүй хогийн шаарнуудаас салах том боломж байлтай.
За тэгээд оронгоо тарааж салж сарних дээрээ тулж байж нэг юм сонгууль дуусгаад нөгөө дарга цэргээ сонгох гэж махаа иднэ дээ. Хуучин намын нөхдийг хуйгаар нь халж солих нөр их компанит ажил шууд хэрүүлээр эхлэх бөгөөд тамга авч зугтах, хаалга үүд эвдэж онгойлгох, гадаадад дүрвэх, данс хараагаа нуух гээд л олон чухал ажлаар өргөжин тэлсээр удалгүй шоронд суух, шүүхийн хаалга татах гэх мэт хүнд хэлбэртээ шилжиж байж гэмээ нь сая номондоо орно. Араас нь бага дунд тушаалтнуудын томилгоо гэж золигийн ажил байна. Сонгуульд сэхээ сэлтгүй явсан намын идэвхитэн, дэмжигчид гэнэт бөөн албан тушаалын хэнээтнүүд болж хувирна. Ийм ч дарга болно, тийм ч ажилд орно гээд үймж өгнө. Хамгийн гайхалтай нь энд боловсрол мэдлэг, мэргэжлийн ур чадварын тухай асуудал үндсэндээ яригдахгүй бөгөөд гагцхүү нэр дэвшигч, намдаа авсан онооныхоо дарааллаар жагсан тус тусын дарга болох замыг замнан одох бөлгөө. Ингээд засаг дампуурахын эхлэл тавигдаж төрийн хөрөнгө гарын салаагаар урсан ах дүү хамаатан садангаараа төрийн эрх мэдлийг авч хэмжээгүй эрх мэдлийн жолоо цулбуургүй мориндоо мордон харсан зүгрүүгээ яаран сандран цогиулна. Ингээд дараагийн сонгуулиар ялагдана. Хэн нэгэн шоронд орно, гадаадад дүрвэнэ гээд л нөгөө л үйл явдлууд давтагдана.
Удахгүй болох сонгууль, сонгуулийн үр дүн мөн ийм л байх болно.
Иргэд цээжээ дэлдэж хохирсоор л . . .

Лувсандоржийн Хишигбаяр

URL:

Нэр: Зочин Огноо: 9 April 2020

Уг нь либёриал ардчиллыг хэт баримталдгүй ядуу дундчууд хөдөлмөр ажил хийхсэдээ хэт мөлжиж цөөн баячуудаа дэндүү баяжуулдгүй төрийн зохицуулалт сайн хийдэг төр нь хүчтэй зах зээлийн зарчмаар гайгүй ажиллаад үр дүн гаргаад байгаа улс орон байгаад байх шиг байгаа юм даа Тэдний үйл ажиллагааг нарийн судалж яримаар дугармаар Амёрик Англи гм том хөрөнгөтөн орны хэт мөлжимтгий зах зээлийн зарчмаар манай улс хол явахгүй Элбэгдорж бүр ардчиллын анхны үёэс л хэдхэн том хөрөнгөтөн улс орныг сайхан аваад явчих юм үргэлж ярьдаг байсан Гэтэл бид үүнд нь одоо хүртэл итгэсээр байна

Сэтгэгдэл бичих