Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
-Хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулъя, эцэг эхчүүдээ-
Өчигдөр гэхэд голын зах дээр тоглож байсан бага насны хүүхэд ээжийгээ бие засах хойгуур усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Дархан-Уул аймагт гурван хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдав. Хоёр настай хүү модон жорлонд унаж амиа алдав. Хоёр хүүхэд харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд орж байхдаа машинд дайруулсан гэх мэт харамсалтай хэргүүд гарав.
Энэ бүхний ард нөгөө асран хамгаалагч, эцэг эхчүүд буруутай. Хүүхдээ харж хандахгүй айлд үлдээх зэргээр хайхрамжгүй хандаад байна.
Түүнээс гадна энэ халуунд гол ус руу гарч наргиж цэнгэх дуртай ард түмэн нялх нойтойн хүүхдүүдээ дагуулаад явдаг. Очоод ууж идэхдээ хүүхдүүдээ ор тас мартдаг. Үүний улмаас бага насны хүүхдүүд усанд унаж осолдох, живсээр байна.
Одоогоос хоёр жилийн өмнө найман сартай хүүгээ аваад явсан ээж найзуудтайгаа наргиж цэнгэж байгаад мөлхөж байсан хүүгээ усанд алдаж байсан удаатай. Мөлхөж байгаа хүүхдээ анзааралгүй хөзөрдөж, архидана гэдэг аймшигтай. Ийм хүнийг эх гэж хэлэхгүй. Энэ бол гашуун сургамж юм.
Зуны улиралд хүүхдүүд битгий хэл томчууд ч усанд осолдох харамсалтай хэрэг буурдаггүй талаар Онцгой байдлын албанаас байнга хэлдэг.
Ойрын өдрүүдөд 32 хэм хүртлээ хална. Хэт халуунд халууцсан хүмүүс хэсэг бүлгээрээ нийлж гол ус бараадаж, мах шарж идэж, архи пиво ууж амарч зугаалж байгаад “аюулд” өртдөг. Сэрүүцэх гэж усанд ороод хөл алдаж, живдэг талаар албаныхан ярьж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, цаг агаарын хэт халалт, дулааралттай холбоотой энэ нөхцөл байдлаасаа болоод иргэд усанд орж сэрүүцэх зэргээс үүдсэн усны осол нэмэгддэг байна.
Тиймээс иргэн хүний сонор сэрэмж маш чухал байна. Аль болох бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх. Дагуулж явсан ч хараа хяналтаа сайн тавьж байхыг байнга анхааруулдаг. Гэвч манайхан үнэн хэнэггүй хайнга хүмүүс байдаг. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг аж..
Нөгөөтэйгүүр эцэг эхчүүд ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулаад орон нутаг руу хүүхдүүдээ аав, ээж, ах дүү, хамаатан садан руугаа явуулдаг. Үүнээс үүдэн хүүхдийн хараа хяналт суларсантай холбоотойгоор хүүхдүүд усны осолд их өртдөг.
Зүгээр тайван сайхан энэ цаг үед гэнэтийн хайхрамж, болгоомжгүйгээс болоод хүүхдүүд усанд эндэж байгаа ноцтой ослууд гардаг. Энэ тал дээр та бүхэн анхаар. Энэ хүүхдүүдээ хамгаалаач ээ гэдгийг эцэг эхчүүдэд хэлэх хэрэгтэй.
Тиймээс хөдөө орон нутагт тохиолдоод байгаа усны ослоо хүүхдүүд, ард иргэдээ сэргийлье.
Өөрсдийнхөө амь насыг хайрлаач ээ, таны амь нас таны гарт байгаа гэдгийг сайн ухамсарлаж, хариуцлагатай байхгүй бол болохгүй.
Усны осол тоо ихэснэ. Хариуцлага гэхээр хууль, тогтоомжийн хүрээнд хатуу чанга зүйлийг ард иргэд ойлгоод байгаа. Хариуцлага гэдэг бол хариуцаж байгаа үйлийн нэрийг хэлээд байдаг юм байна. Тэгэхээр эцэг эх нь хүүхдээ хамгаална гэдэг нь хариуцлага гэдгийг яриад байгаа шүү. Хариуцлагатай байя, хайртай үр хүүхдээ гэнэтийн аюул ослоос үргэлж хамгаалж явъя.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: