Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн монополиуд Төр түшиж түмэн олноо энэрч чадах уу
Гарцаагүй, гарцаагүй, бас дахин гарцаагүй. Шатахууны үнэ нэмэгдэх хэд хэдэн гарцаагүй үндэслэл байна аа. Энэ нь ОХУ шатахууны экспортын татвараа нэмсэн тохиолдолд манай улсад шатахууны үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Бас дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсвөл түүнийг дагаад шатахууны үнэ өсөх нь гарцаагүй. Гэхдээ энэ явдал болохоос өмнө нөөцөлж авсан шатахуунаа шавхсаны дараа л үнэ нэмэх асуудлыг ярьж болох. Үүнээс гадна манай улсын нефтийн бүтээгдэхүүнийхээ ихэнхи хувийг нийлүүлдэг ОХУ-ын “Роснефть” компани олигархын гарт шилжиж Монгол түшээдтэй хийсэн эрдэс баялагийн “наймаа” тохироогүй бол шатахууны үнэ гарцаагүй нэмэгдэнэ.
Харин хамгийн сүүлд нэмэгдсэн шалтгааныг гарцаагүй гэх нь үнэхээр учир дутагдалтай. Гэтэл бурууг нь Монголбанк руу чихэж мөнгөний бодлого явуулж чадаагүй гэх шалтгаанаар Л.Пүрэвдорж Ерөнхийлөгчөөр “сор залах”-ыг хүсэгчид дэндүү олширов.
Харин ямар нэгэн гарцаагүй үндэслэлгүйгээр үгсэн нийлж шатахууны үнийг нэмсэн шатахуун импортлогчид хууль бусаар олсон ашгаа торгуульд төлөөд л үйл ажиллагаагаа хэвийн явуулах нь. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр 300 төгрөг нэмчихээд үүнийхээ дараа шатахууны үнээ бууруулсан гэсэн ээлжит жүжгээ тавин 20-30 төгрөг хасцгаав. Хууль бусаар олсон ашгаа торгуульд төлсөн шархаа нөхөхөөр ийнхүү “өгөөмөр” сэтгэл гаргаж байгаа бололтой.
Уг нь шатахуун импортлогчид өдөр болгон шатахуун импорлодоггүй гэдгийг Монголчууд мэднэ. Адгалж 14 хоногийн нөөцтэй. Нэгдүгээр сарын зургаанаас эхлэн ам.долларын ханш чангарч эхэлсэн гэж тооцвол өнгөрсөн 20-ны өдөр хүртэл ард түмэн амар тайван байх байж. Гэтэл чоно борооноор гэгчээр валютын үнийг зохиомолоор хөөрөгдөж үүнийгээ далимдуулан үгсэн нийлж үнийн өсөлтийг бий болгочихоод Монголбанк руу бурууг өгч булзааруулах нөхдүүдийн цаана далд эрх ашгийн сонирхол нуугдаж буй. Энэ нь удахгүй болох сонгуультай холбоотой.
Гэтэл эрх баригчид шатахууны үнэ нэмсэн нөхдүүдэд хариуцлага тооцож эмгэлэнт жүжиг тавьсан нь элэг барьж доромжлосных уу, ингэхээс өөр арга хэмжээ авч чадахгүй толгойгүй төрийн үнэн нүүр царай юу гэдэг нь тодорхой. Тэртээ тэргүй хамтарсан Засгийн газраас туурга тусгаарлаж буй АН-ын сайдуудын нэг, буцах бэрийн тоонд орсон Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанд хариуцлага тооцох асуудлыг хөндөж “тэнэгтэв”.
Хариуцлага тооцох тухай асуудал гарсны дараа Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан бусдын жишгийг дагаж хариу мэдээлэл хийв. Түүний тайлбарласнаар “Шатахуун импортлогч компаниуд шатахууныхаа үнийг өсгөсөн. Түүнээс хойш байдал тогтвортой байж өчигдөр сүүлийн хоёр компани үнээ өсгөлөө. Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ 200-250 төгрөгөөр нэмэгдээд байгаа. Бид сар бүр цуглаж Оросоос ирсэн шатахууны үнэтэй танилцаж, ам.долларын ханшийг харьцуулж, үндсэн үнийг тохирдог. Өнгөрсөн аравдугаар сараас эхлээд валютын ханш өссөн. Аравдугаар сарын сүүлээр 1250 төгрөгийн ханштай байсан валют өнөөдрийн нөхцөл байдалд хүрээд байна. Үндсэндээ энэ хугацаанд шатахууны үнэд ямар ч өөрчлөлт ороогүй. Харин ч шатахууны татан авалт хэвийн байсан. Үүнд нөлөөлж буй ганцхан хүчин зүйл нь гэвэл 1250 төгрөгийн ханштай байсан валют 1470 төгрөг болж өссөн явдал. Энэ үйл явцаас болж 230 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Үүнээс улбаалан өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн шатахуун импортлогч компаниуд үнийн зөрүүг бидэнд бодож олгох хэрэгтэй байна гэсэн саналыг ирүүлж эхэлсэн. Тиймээс бид нөхцөл байдлыг судалж үзэхэд Монголбанкнаас “Энэ түр зуурын үзэгдэл. Долоо хоногийн дараа валютын ханш суларна” гэж мэдэгдсээр ирсэн. Гэтэл он гараад валютын ханш огцом өссөн нь импортлогч компаниудад ихээхэн хүндээр туссан. Тиймээс л ингэж үнийн өсөлт бий болоод байна. Сар бүрийн 25-наас хойш хойд хөрш шатахууныхаа үнийн дүнг танилцуулдаг. Тэгээд тодорхой хугацааны дараа хойд хөршид мөнгө нийлүүлдэг юм. Гэтэл яг хойд хөршид мөнгө нийлүүлэх үед валютын ханш ингэж чангарсан нь шатахуун импортлогч компаниудад айдас дагуулж эхэлсэн. Нэг ам.доллар 1500 төгрөгт хүрвэл яах вэ гэдэг асуулт босч ирээд байсан юм. Харин би дур мэдэн шатахууны үнэ нэмэх эрхийг өгөөгүй. Тийм протокол ч байхгүй” хэмээн мэдэгдсэн нь хэний буруу вэ гэдгийг хэлээд өгсөн ч Засгийн газар хийгээд бусад холбогдох албаныхан мэдэхийг хүссэнгүй.
Хараат байхын зовлонг хангалттай амслаа, харин одоо…
ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн царай алдан гуйж “ах нар”-ын хараат байхын зовлонг манайхан дэндүү сайн мэднэ. Харин өнөөдрийн нөхцөл байдлаас харахад дотоодын монополи компаниудын хараат байхын зовлонг бид хангалттай амслаа. Харин одоо энэ асуудлыг нэг тийш нь болгох цаг хаяанд ирж, хаалга тогшин сануулга өгч эхэллээ, Түшээд ээ. Хэдэн жилийн өмнө Орос ах нарын тавьж байсан 100 шатахуун түгээх станцыг Монголд барих зөвшөөрлийг өгчихсөн бол гэх ч бодол төрж байгааг нуух юун.
Өчигдөр болсон шатахууны үнийн өсөлтийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийн үеэр нефть импортлогчид зээл авдаг учир эрсдлээс хамгаалахын тулд валют их хэмжээгээр авах хэрэгтэй байдаг. Харин нефть импортлогчдыг валютын хэрэгцээ гарсан үед нь арилжааны банкаар дамжуулалгүй Монголбанк шууд борлуулах боломжгүй юм уу гэсэн асуулт гарч хэн хэгүй гайхахад хүргэлээ. Монголбанк шууд арилжаа хийж болдоггүй гэдгийг нефть импортлогчид мэддэг л баймаар.
Үүнээс гадна өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш ОХУ-ын нефть бүтээгдэхүүний хилийн үнэ өөрчлөгдөөгүй байгаа тухайд ОХУ хилийн үнээ хэт өндөр үнээр тогтоочихоод бариад байгаа гэсэн тайлбар ч гарав. Үнэхээр импортлогч үндэсний цөөнх үнэ шалтгаангүй нэмсэн гэмээ цайруулахын энд тэндэхийн хамаг байдаг шалтгааныг хамж шимээд л ярьчих шиг боллоо. Тэр ч байтугай “Роснефть” хилийн үнээ дангаараа мэдэхээ больж, бүр ОХУ-ын нэгэн сайдын мэдэлд очоод байгаа хэмээн улстөржүүлээд ч үзэв. Ийнхүү импортлогч компаниуд арьсаа хамгаалж, ацан шалаанд орж цаг хожиж байх зуур үнийн өсөлт хэт даврагсдын эгнээд шилжлээ.
Өнөөдөр шатахууны үнэ дагаж өргөн хэрэглээний барааны үнэ хаданд гарч бага болон дундаж амьдралтай айлын сарын орлого аманд ч үгүй, хамарт ч үгүй болж иргэд үнийн өсөлтийн өмнө элгээрэ мөлхөж байгааг бид харж байна. Нарантуул, Хүчит шонхор, Бөмбөгөр, Хархорин зэрэг захуудад мах магнаг болтол нь үнээ нэмэв. Дайны хажуугаар дажин гэгчээр Эрээний наймаачид хүртэл оймс дотоожныхоо үнийг хөөрөгдөж, гарын бэлэг үнэд орж байгааг “гайхуулж” эхэллээ.
Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн үндэсний монополиуд Төр түшиж түмэн олноо энэрч чадах уу
“Улаанбаатар” зочид буудал, “НИК” компани, “Uptown” сэтгүүл, “Капитрон” банк, “Эрдэнэт групп” гэх зэрэг толгой компаниуд Отгонбилэг агсны хүү Содбилэгээр овоглогддог. Сайн эцгийн сайхан нэр төр, асар их өв хөрөнгийг үрэн таран хийлгүй хөгжүүлж, өнгөтэй өөдтэй авч явааг нь сайшаах хүн олон.
Гэхдээ түүнийг шүүмжлэх шүүмжлэл байна. Уг нь сайн эцгийн үлдээсэн өв хөрөнгө О.Содбилэгийг санасандаа хүрч, сарвайснаа авах хэмжээний. Энэ хэдхэн хоногийн валютын өсөлт түүний өвлөсөн хөрөнгийг хотойлгохгүй. Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж шатахуун импортлогч компаниудынхаа толгойд гарсан “Петровис” үнээ тогтмол бариад байх эдийн засгийн чадамжтай. Басхүү 2012оны сонгуульд хүч үзэхээр зэхэж суугаа О.Содбилэгийн хувьд энэ жижигхэн асуудлыг дэвэргэж иргэдийнхээ халаасыг ухалгүйгээр зохицуулчих ухаан байгаагүй гэж үү. Хийдгээ хийж, олдогоо олж, нийгэмд баттай байр суурь эзэлсэн эл монополи компани шатахууныхаа үнийг 14 хоног барьж дөнгөлгүй иргэдийнхээ халаасыг тэмтэрч, үнийн өсөлтийг хөөрөгдөх эх суурийг тавив.
Ийнхүү үнийн хөөрөгдөл бий болгож ард түмнээ элгээр нь мөлхүүлж байгаа “Содмонгол”-ын Ц.Анандбазар, “Жаст”-ын Ш.Батхүү, “Петровис”-ийн О.Содбилэг гэх нөхдүүд 2012 онд сонгуульд хүч үзэж Төр түшилцэнэ хэмээж буй. Гэвч шатахууныхаа үнийг үндэслэлгүйгээр үнээ нэмсэн эдгээр үндэсний монополиуд Төр түшиж түмэн олноо энэрч чадах уу гэдэг асуултыг уншигч танд үлдээе.
mass
URL: