Ардчилсан намын гудамжны акц

4466

Ж.Батзандан, Л.Болд нарыг намаасаа “хөөж”, парламентад хүчгүй болсон АН Төрийн ордонд юу ч хийгээд амжилт олохгүйгээ сайн ухаарчээ. АН-ын зөвлөлийн долоон гишүүн парламентад өөр өөрийн байр сууриа илэрхийлж үг хэлэх эсвэл хуралдааныг орхиж гарах гэсэн хоёрхон сонголттой болсон. Эрх баригчдад нөлөөлөх чадамжгүй, ядаж л завсарлага авах эрхгүй. Үүнийгээ ч АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат чуулганы танхимд хүлээн зөвшөөрч, “”АН-ын зөвлөл хуулийн дагуу завсарлага  авах эрхгүй, нэгдсэн дүгнэлт гаргах боломжгүй. Цөөнх, сөрөг хүчин гэж байгаа бидэнд хуралдааныг орхин гарах ганцхан боломж үлдсэн” хэмээн яаж ч чадахгүйгээ хэлсэн.

Ингэж шалдаа буусан АН гудамжин дахь акцаа эрчимжүүлэхээр шийдсэн бололтой. Долоо хоног дараалан У.Хүрэлсүхийн танхимын сайд нарыг огцрохыг шаардаж, цуглаан зохион байгуулдаг болов.

Эхлээд Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж, АН-ын эмэгтэйчүүд жагсав. Тэд эхлээд гэмт хэргийг бууруулах, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр хуульзүйн сайдыг хуруугаа ч хөдөлгөхгүй байгааг шүүмжилж, хариуцлага нэхэж байв. Ингэж эхэлсэн цуглаан дараа нь Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, тус улсын Элчин сайдын яамны гадаа очиж, үргэлжлэв. Хуульзүйн салбарт юу ч хийгээгүй гэж шүүмжлээд тусыг эс олсон учраас хамгийн ойрын эмзэг сэдэв болох хүүхдээр нь далимдуулсан нь энэ.

Үүний дараа АН-ынхан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж, Эрүүл мэндийн яамны гадаа хэдэнтээ цуглав. Ерөнхий боловсролын сургуулиудад тархсан сүрьеэгийн халдварын эсрэг ажилласангүй гэх нэр цолыг Д.Сарангэрэлд өгч, суудлаасаа буухыг шаардав. Мэргэжлийн бус сайд эрүүл мэндийн салбарыг сэхээнд орууллаа хэмээн лоозогносон жагсаалын гол зохион байгуулагч нь энэ салбарын дэд сайд асан Ж.Амарсанаа. Эцэстээ энэ жагсаал Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Ж.Амарсанаа нарын хувийн өс хонзон болон даамжирч, өдгөө олон нийтийн сүлжээгээр “байлдаж” байна.

АН-ын залуусын онилсон гурав дахь сайд нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар байв.  Түүнийг Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд унагасан сайдаар тодруулж, сайн дураараа албан тушаалаа өгөхийг шаардаж, АН-ын залуус Гадаад харилцааны яамны гадаа жагсав. Д.Цогтбаатарын томилсон Элчин сайд, консулууд гадаадын улс орнуудад гэмт хэрэгт холбогдож, Монголын нэр хүндийг унагасан нь түүнийг огцрох хангалттай шалтгаан хэмээн АН-ын гишүүн О.Чулуунбилэг үзэж байна. Хамгийн ноцтой нь Монголын гадаад харилцааг Гадаад харилцааны сайд Л.Цогтбаатараас аврах хэмжээнд хүрч, даамжирсан хэмээн  АН үзэж буй юм.

Огцрох шаардлага хүлээн авсан өөр нэг эрхэм бол ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан. Түүнийг махны зохиомол хомсдол үүсэх шалтгаан болсон хэмээн буруутгав. Цаашлаад БНХАУ руу малыг хөлөөр нь гаргахаар ярилцаж, өөрийн эхнэрийн дүүгийн компанид бог малыг амьдаар экспортлох монополь эрхийг олгосон нь сайдын албан тушаалаасаа огцруулах бүрэн үндэслэл болно хэмээн ХХААХҮЯ-ны гадаа чанга яригчаар мэдэгдэв.

Ингэснээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын дөрвөн ч сайд АН-аас огцрох бичиг гардан авлаа. Хэдийгээр АН парламентын танхимд хүчгүйдсэн гудамжны акц нь олон нийт дэмжлэгийг авч буй. Эрх баригч МАН-ыг бодвол жагсаал цуглаан зохион байгуулахдаа гаргууд АН-ынхан 2020 оны сонгууль хүртэл мартагдахгүй байхыг тун хичээж буй. Тиймдээ ч тэд амлалт нэхэх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг төв талбайд хоёртоо зохион байгуулж, эрх баригчид болоод ард түмэнд “амьд” гэдгээ харуулсан. Үүнээс хойш сайд нарыг нэг нэгээр нь онилсон жижиг акцууд тасарсангүй, өдөр бүр АН-ын залуус гудамжинд орилж зогсдог болов. Харин тэдний дараагийн өгөөш хэн байх бол? Хэн алдаа гаргаж, У.Хүрэлсүхийн чихийг халууцуулах бол?!

Б.Болд

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN


URL:

Сэтгэгдэл бичих