Д.Кёкүшюзан Батбаяр : Хаана өрсөлдөхийг нам л мэднэ дээ
Анх эх орноо төлөөлж арлын Япон улсад сумогийн дэвжээнээ гарч араасаа олон сумочийг төрүүлсэн булган сүүлтэй нэгэн бол одоогийн УИХ-ын гишүүн Д.Батбаяр юм. Сүүлийн үед сонгуулийн сурталчилгааныхаа ажилд ихээхэн анхаарах болж тамирчин гишүүнээс олон янзын шинэ санаа гарч байгаа. 2008 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж олныг алмайруулсан. Сумогийн спортод амжилт гаргаж байсан хүүгээ сонгогчид ч дуртай сонгосон билээ.
Сурталчилгааныхаа үеэр шорт, футболк өмсөж гэр хорооллын дундуур алхангаа жирийн иргэдтэй уулзах зэргээр эгэл жирийн төрхөөр иргэдийн толгойг эргүүлж чадсанаар 2008 оны сонгуульд ялж УИХ –ын зөөлөн сэнтийд заларч чадсан азтай нэгэн. Тэгвэл эрхэм гишүүн энэ л аргаа дахин хэрэглэж шинэ оны өмнөхөн өөрийн сонгогдсон дүүрэгтээ өвлийн өвгөний дүрд хувирч гэр хорооллын хүүхэд хөгшдөд гарын бэлэг тарааж бага ч гэсэн өөрийгөө рекламдаад авсан. Хурлын үеэр чимээгүйхэн өнгөрдөг гишүүн маань өмнөх сонгуулиар бусад гишүүдийн адил баахан худал амлалт өгчихөөд өдийг хүртэл амлалтаа биелүүлж чадахгүй байгаа нь Сонгинохайрханчуудын уур бухимдлыг багагүй хүргэсэн. Тэрээр Япон руу ажиллах хүч гаргана хэмээн амлаж байсныг тодхон санаж байна. Гэтэл өнөөдөр амлалт нь 10 орчим хувийн хэрэгжилттэй байгаа тул дахин энэ газраас нэр дэвших нүүргүй болсон бололтой. Аргаа барсан Сонгинохайрханчууд дараагийн сонгуулиар чи мөн гарнаа хэмээн амлалтаа биелүүлдэггүй худалч гишүүн хэмээн цөхрөнгөө барж байгаа сурагтай. Харин эрхэм гишүүн маань ирэх жилийн сонгуулиар төрөлх нутаг Ховд аймгаас нэр дэвшиж магадгүй бололтой. Тэрээр “Хаана өрсөлдөхийг нам л мэдэх байх даа” гэсээр пээдгэр гэгч нь алхаж явна.
С.Саруул NUUTS.MN
URL: