ЗУНЫ УЛИРАЛД иргэдийн эргэлзээ төрүүлсэн ШАХМАЛ ТҮЛШ нүүрсийг “халж” чадах уу
Засгийн газрын шийдвэрээр өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулах, худалдан борлуулах, түлэхийг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Улмаар түүхий нүүрс түлсэн айл өрхийг 300 мянган төгрөгөөр торгох юм. Үүнтэй холбоотой ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулж, шахмал түлшээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн зарим өрхөд ашиглан туршсан билээ.
Гэтэл зуны улиралд “Сайжруулсан сайн түлш” нэртэй “Тавантолгой түлш” ХХК-ны үйлдвэрлэсэн шахмал түлш олдоц муу байгаад иргэд бухимдалтай байв. “Тавантолгой түлш”-ийнхэн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 220 мянган айл өрхийн хэрэгцээг хангана гэдгээ илэрхийлж буй. Одоогоор 60 мянган тонныг нөөцөлсөн ба дулааны улиралд иргэдийг галаар таслахгүйн тулд таван дүүргийн 10 цэгт бага хэмжээгээр түгээж буйгаа. Сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлснээр агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж судлаачид тооцож буй.
“Хэрэглэгчид сайжруулсан түлш нь эдийн засгийн хувьд нүүрснээс гурав дахин хэмнэлттэй буюу нэг уут шахмал түлш 3 уут нүүрстэй тэнцдэг, илчлэг чанар нь өндөр, утаа ялгаруулалт эрс багассан” хэмээн ярьж байгаа тухай албаныхан ч мэдээлж байлаа.
Гэтэл тавдугаар сарын 01 нь болж, түүхий нүүрс оруулахаа больж, айлууд сайжруулсан шахмал түлш эрж хайсаар хэрэглэж эхлэв. Энэ үетэй зэрэгцэн шахмал түлшний талаарх санал, шүүмжлэл цахим орчинд тархаж эхэлсэн. Өөрөар хэлбэл хэрэглээнд нэвтрүүлсэн сайжруулсан гэх шахмал түлш нь “тортогтой, үнс ихтэй, шаталт муутай, илчгүй, хоёрхон цаг асаад хурдан дуусч байгаа, гэрийн жаврыг үргээхээс цаашгүй байгаа, цас бороонд нороход чанараа амархан алддаг” гэх мэт маш олон шүүмжлэл дагуулж эхлэв. Улмаар ирэх өвлийг айлууд нүүрсгүйгээр өнөтэй давах эсэх, даарч хөрөхгүй өвөлжих эсэхтээ эргэлзээтэй байгаагаа иргэд илэрхийлээд байгаа юм.
Өнгөрөгч тавдугаар сард НМХГ-аас шахмал түлшний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн байдаг. Тодруулбал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, SGS IMME Mongolia ХХК-ийн имтгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээнд хамруулжээ. Харин шинжилгээний дүнгээр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний чийглэг /15/- 6.5 дахин бага, үнслэг /30/-1.1 дахин бага, хүхэр /1/ стандарт хэмжээнд, илчлэг /3800/-1.6 дахин их, бат бөх /80/-1.1 дахин их хэмжээтэй гарсан нь “Сайжруулсан хатуу түлш 5679” стандартын шаардлагыг хангаж байна” гэсэн хариу гарсан тухай НМХГ-ын мэргэжилтэн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үе үеийн Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр голдуу гэр хорооллынхон руу чиглэдэг. Зуух, утаа шүүгч тараах шийдвэр өмнө нь бүтэлгүйтэж байсан гашуун түүх бий. Эцэст нь мөнгө угаалтаар дуусдаг билээ. Энэ удаа түүхий нүүрсийг дахин хориглох шийдвэр гаргасан нь ирэх намраас биелэлээ олох уу гэдэг нь эргэлзээтэй байна.
П.УРНАА
URL: