Гурван хүний амь эрсэдсэн “Эрдэнийн хөгжил” компанийн эзэн олдохоо байжээ
Налайх дүүрэгт байрладаг “Эрдэнийн хөгжил” компанийн уурхайд гарсан осолд өртөж амь эрсэдсэн гурван иргэний ар гэр болон өмгөөлөгч өнөөдөр /2019.06.12/ мэдээлэл хийлээ.
БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн нүүрсний уурхайд 2019 оны 04 сарын 20-ны өдөр компанийн удирдлагын хариуцлагагүй ажиллагаа, санаатай гэхээр хууль зөрчсөн гэмт үйлдлийн улмаас нуранги үүсч нэг хүн хүнд гэмтэл авч, гурван ажилчин нурангид дарагдан нас барсан ноцтой осол гарсан.
Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 04 сарын 9-ны өдөр тус уурхайд шалгалт хийж уурхайн үйл ажиллагааг зогсоогоод байжээ. Гэвч 2019 оны 04 сарын 12-ны өдөр уурхайн удирдлагууд “Шалгалт дууссан, гурван сарын хугацаанд ажиллахад ямар ч асуудалгүй” хэмээн ажилчиддаа итгүүлж ажил явуулж эхэлсэн байна. Бригадын дарга н.Оргил нэгдүгээр салаанд нуранги үүссэн тул ажилчдыг оруулахгүй байх саналыг “Эрдэнийн хөгжил” ХХК-ний удирдлагад /Халзан гэж дууддаг хятад хүн, уурхайн дарга/ тавьсан ч ажлаа хэвийн үргэлжлүүлэхийг шаарджээ. Удалгүй нуранги үүсч дөрвөн ажилчин нурангид дарагдаж харамсалтайгаар гурван хүн амь насаа алдсан гэдгийг компаний ажилчин А.Ганбат хэллээ.
Хохирогчдын ар гэрийнхэн Налайх дүүрэг дахь цагдаагийн хэлтэс маш хангалтгүй ажиллаж уурхайн дарга гэгч этгээдийг хилээр гарч гэмт хэргээс оргон зайлах нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэж буйгаа хэлэв. Буруутай этгээд хохирогчдын хохиролыг барагдуулахад хүндрэл учруулж байгааг учирлалаа.
“Цагдаагийн мөрдөгч, хяналт тавих үүрэг бүхий хяналтын прокурор нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хэргийн харьяалалыг тогтоолгох нэрийдлээр материалыг Улсын ерөнхий Прокурорын газар луу шуудангаар шилжүүлсэн. Хэргийн материал хаана байгааг олохгүй байсан тул өмгөөлөгчид хандсан. Прокуророос гаргасан журмаар бол харьяалалыг 24 цагийн дотор тогтоох ёстой байдаг. Гэтэл 10 гаруй хоног болсон нь ямар шалтгаантайг бид мэдэхгүй байна. 2019 оны 05 сарын 10-нд харьяалалыг тогтоож Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн гэх боловч одоо хүртэл Эрүүгийн хэрэг үүсээгүй байна. Иймд шинээр томилогдсон Ерөнхий Прокурор болон Цагдаагийн удирдлага анхаарлаа хандуулж хариуцлагагүй албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцож, хэргийг нэн даруй, эрчимтэй шалгаж шийдвэрлэх, хохиролыг барагдуулах ажиллагаа хяналтандаа авахыг хохирогчдын өмгөөлөгч Ц.Монгол мэдэгдлээ.
Л.Отгонмягмар
Shuud.mn
URL: