Хүүхдүүд Д аминдэмийн гүн дутагдалтай байна

712-15603872911398704724_7c80Харвардын эрдэм шинжилгээ судалгааны нэгж статустай “Монголын эрүүл мэндийн үүсгэл” байгууллагаас 2015-2019 онд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны хаалтын ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр судалгаанд оролцсон хүүхдүүд, эцэг эхчүүдээс гадна хамтран ажилласан сүрьеэгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, сургуулийн захирал, багш, эмч, нийгмийн ажилтан, төр, засгийн шийдвэр гаргагчдын төлөөлөл бүхий 700 гаруй хүн оролцсон юм. Монгол хүний зохистой зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маяг, хүн амын дундах далд өлсгөлөн бюу эрүүл байхад шаардлагатай бичил аминдэм бодисын дутагдал болон далд сүрьеэг бууруулахад зайлшгүй анхаарах ёстой эрсдэлт хүчин зүйлүүдийг шинжлэх ухааны түвшинд баталж нотолсноо мөн танилцуулсан юм.

2015 оноос эхэлсэн төсөлд зургаан дүүргийн 18 сургуулийн 9814 хүүхэд хамрагдсанаас 10 хувийг нь сүрьеэгийн далд халвартай болохыг оношилжээ. Халдвартай хүүхдүүдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нарын үзлэгт хамруулахад 129 хүүхэд идэвхтэй сүрьеэ буюу сүрьеэгээр өвдсөнийг оношлон, эмчилгээнд хамруулж эдгээсэн байна. Сүрьеэ өвчин нь далд халдварын хэлбэртэй байгаад биеийн дархлаа сулрахад идэвхтэй хэлбэр рүү шилждэг байна. Тиймээс халдвартай хүүхдүүдийг идэвхтэй хэлбэр рүү шилжүүлэхгүйн тулд дам тамхидалтад өртүүлэхгүй байх нь чухал аж. Мөн хүнсний ногоо, жимсийг түлхүү хэрэглэж хоол хүнснээс авах шим тэжээлийг хангалттай хэмжээгээр авах шаардлагатай.
Халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал зүйл нь Д аминдэмийг манай орны нөхцөлд нарнаас авах боломжгүй байдаг тул нэмэлтээр хэрэглэх шаардлагатайг судалгаагаар гаргажээ. Эдгээр арга замыг амьдралдаа хэрэгжүүлбэл халдвараас урьдчилан сэргийлж, сүрьеэгийн халдварыг 27 хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ үеэр албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонирхсон юм.
“Шавь” цогцолбор сургуулийн эмч Г.Чулуунбаатар:
Далд халдварыг эрт илрүүлсэн нь төслийн үр дүн
-Манай сургуулийн төсөлд хамрагдсан хүүхдүүдийг долоо хоног бүр үзлэгийн дагуу шаардлагатай эм бэлдмэлээр хангаж, улирал бүр биеийн байдлын өөрчлөлтийг нь  ажигласан ерөнхий дүгнэлт гаргаснаар хүүхдүүдийн дархлаа сайжирч, далд халдварыг эрт илрүүлж чадсан нь төслийн бодит үр дүн болно.
Харвардын анагаахын сургууль, Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор н.Ганмаа:
Нийт хүүхдийн 53 хувь нь Д аминдэмийн гүн дутагдалтай гэж гарсан
-Д аминдэмийн түвшинг тодорхойлох шинжилгээнд нийт хүүхдийн 53 хувь нь гүн дутагдалтай, 40 хувь дутагдалтай, долоон хувь нь хэвийн гэсэн үзүүлэлттэй гарсан. Урьдчилсан дүнгээр эрсдэлт хүчин зүйлс нь сүрьеэгийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон. Судалгааны гол зорилго нь хүүхдүүдийг сүрьеэгээр өвдсөн хойно нь биш халдвар авахаас нь өмнө шим тэжээлийн дутагдал, тэр дундаа Д аминдэмийн дутагдлыг нөхөн зохих түвшинд хүргэснээр энэ халдварт өртөхөөс сэргийлэх юм.
Судалгаагаар гурван хүний нэг нь сүрьеэгийн халдвартай гэсэн дэлхийн дунджаас манай улс харьцангуй бага буюу оролцогч хүүхдүүдийн аравны нэг нь халдвартай гэдэг нь батлагджээ.
Т.Намуун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих