Шатахууны үнийн цаана том утга байна уу
Шатахууны үнэ цөөхөн хүн амтай биднийг хэсэг донсолгов. Үүнийг эсэргүүцсэн зарим нь төв талбай дээрээ хөлдөж үхэх шахлаа.
Жирийн иргэдээсээ эхлээд төр, сайд дарга нарыг хүртэл үймүүлсэн “шатахууны үнэ” гэдэг үгийн цаана том утга агуулаад байх шиг. Үнэхээр бодоод байхад сонгууль шатахууны үнэ хоёр ямагт хамт яригдаад байгаа нь иргэдэд төрөөд байгаа хар үнэн юм байна гэж бодоход хүргэлээ.
Шуудхан хэлэхэд, шатахууны үнэ гэдгийг сонгууль гээд орчуулчихвал нэг их буруутахгүй болов уу. Сонгууль дөхөхөөр шатахууны үнэ өсдөг нь бичигдээгүй хууль болсон ч цаана нь ямар учир байгаа талаар хэн ч ярьдаггүй. Энэ талаар зарим улстөрч ойрын үед ганц нэг үг унагаж байгаа ч илэн далангүй хэлчих нь ховор.
Юуны учир хүмүүст ийм хар төрөөд байгааг тоогоор илэрхийлэх гээд үзье л дээ. Улсын хэмжээнд 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байдаг. Тэднээс зөвхөн нэгээр нь жишээ аваад үзье. Нэг суудлын автомашины шатахууны саванд дунджаар 40 литр шатахуун орно. Тэгвэл шатахууны үнэ нэмэгдээгүй байхад 60 гаруй мянган төгрөгөөр шатахууныхаа савыг дүүргэдэг иргэд одоо 72 мянгыг зарцуулах хэрэгтэй болоод байна. Тэгэхээр нэг машинаас ойролцоогоор 12 мянган төгрөгийн зөрүү гарч байна.
Нийслэлд явж байгаа бүх машины нэг удаагийн дүүргэлтээс гурван тэрбум гаруй төгрөг цэвэр ашиг болоод ороод ирнэ гэсэн үг. Яагаад цэвэр ашиг гээд байгаа нь бас л учиртай. Валютын ханшийн өсөлтөөс үүдсэн гээд байгаа шатахууны үнэ нь эцсийн эцэст нөгөө импортлогчдын буруу, өөр ямар ч шалтгаангүй болж таарсан учир цэвэр ашиг байхаас ч яахав.
Гурван тэрбум гэдэг их тоо. Гэхдээ ойролцоогоор, мөн нэг удаагийн шатахууны дүүргэлтийг бодож гаргасан энэ. Нарийн бодоод үзвэл үүнээс ч их тоо гарах нь тодорхой. Дээр нь төрөөс татварыг нь тэглэчихсэн гэж байгаа. Тэгэхээр энэ их мөнгө хаашаа ямар зорилготой хэний халаасанд ороод байна вэ.
Засгийн газар шатахууны үнэ огцом өсөх нь гэдгийг аль өнгөрсөн оны арванхоёрдугаар cap эхлэхэд мэдэж байсан гэдэг. Гэсэн ч анх удаа сонсож байгаа юм шиг бужигнаж, холбогдох байгууллагыг шалгаж дарга нарыг нь ажлаас халсан нь ямар учиртай юм бол. Анхнаасаа мэдэж байсан юм бол урьдчилаад арга хэмжээ авч болох л байсан. Урьдчилаад арга хэмжээ авч чаддаггүй юм гэхэд шатахууны үнийг хэвийн байдалд нь оруулахад нэг их оройтоогүй л байна.
Өнгөрсөн сонгуулийн үеэр ч мөн шатахууны үнэ тэнгэрт хадахад хэн хэнийгээ буруутгаад л өнгөрсөн. Иргэд хэн нь буруутайг ойлгож амжаагүй байхад тэгс гээд хэрэг явдал намжсан. Энэ удаад ч мөн зургаан сайдын асуудлаар шатахууны үнийн өсөлтийг мартагнуулах гэсэн боловч чадсангүй бололтой. Иргэдийн тэвчээр алдарсан тул тийм ч амархан мартаад өнгөрүүлчихгүй гэдэг нь тодорхой. Төрийн ордныхныг бүсэлж, орилж хашгичиж байж нэг юм хэлэлцээрийн ширээнд суухаар боллоо.
Энэ мэтчилэн болоод байгаа үйл явцыг өнгөц харахад сонгуулийн мөнгийг иргэд бид бэлдээд өгчихдөг гэдэг нь ойлгомжтой байна. Шатахуун импортлогчдыг өмнөө барьсан улстөрчид огт бизнес эрхэлдэггүй гэдэг ч сонгуулийн үеэр мөнгийг бороо шиг цацдагт нэг их баярлах хэрэггүй. Учир нь тэд биднээс авсан мөнгөө л эргүүлж зарцуулж байгаа нь тэр юм шүү дээ.
Хэрэв энэ худлаа байсан бол тэр шатахууны импортыг аль хэдийнэ гартаа авч ард иргэдээ шатахууны үнийн дарамтаас гаргаж болох байсан. Импортын асуудалд ийнхүү хойрго хандаж байгаа нь нэг талаар зүгээр орж ирж байгаа мөнгөний урсгалыг таслах болно, нөгөө талаар одоогийнх шиг бусдыг буруутгаад өнгөрөх аргагүй болох юм.
Э.Майцэцэг
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: