Лондонгийн бирж Монголчуудын хамтрагч байж чадах уу?

Манай хөрөнгийн бирж Лондонтой хамт­ран ажиллах тохиролцоонд хүрч хамтын ажиллагааны санамж бичиг

байгуулаад байна. Үнэн хэрэгтээ Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй хамтарч ажиллах нь тийм баярламаар хэрэг мөн үү?

Мэдээж дэлхийн биржийн түүх Английн биржээс үүдэлтэй. Хөрөнгө оруулагч акулуудыг татаж, уул уурхайн салбарт том мөнгө босгож байсан туршлага эднийд бий ч өдгөө энэ бирж рейтингээ алдаж, Хонгконгийн биржид байраа тавьж өгөөд байна. Ерөнхийдөө Лондонгийн биржээс хөрөнгө босгох компаниуд  Азийн бирж рүү анхаарал хандуулах болжээ. Мон­го­лын хөрөнгийн биржид гүйлгээ сайтай бараа хэрэгтэй байгаачлан Лондонгийн бирж мөн ийм байдалд орчихсон байгаа.  Тэд манай хөрөнгийн зах зээлийг олон улсын тавцанд гаргахаасаа илүүтэйгээр өөрсдөдөө өөрчлөлт шинэчлэлт хийх шаард­­лагад тул­­гарч, мастер төлөвлөгөө боловсруулснаа Мон­го­­лоор хэрэгжүү­лэхээр онилсон нь ийм учиртай. “Мода” Монголоор дуус­дагийн жишээ энэ бол, “мода”-нд орж байгаа манай улсаар Лондонгийн бир­ж зоог барих гэж байна.

Хамгийн сүү­лийн мэдээ­нээс ха­ра­­хад дэл­хийн хөрөн­­­­­гийн бир­жүү­дийн рей­тингийг Нью-Йоркийн бирж тэр­­­гүүлж, удаах байр­т Хонг­конг, түүний дараа Лондонгийн бирж оржээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй Монголын IPO-г өөрийн биржээр дам­жуулан хийдэг бол­вол байдал арай өөр болно гэж англичууд тооцоолж байгаа болол­той юм. Хашир европ­чууд үүнийг урьд­чилан харж давхар бүртгэлтэй хувьцаа өө­рийн бирж дээр гаргахын тулд Монголыг бирж рүү улайрсаар хүслээ бие­лүү­лэв.

Монголын хөрөнгийн биржийг гадаадын удирдлагын багт өгөхийн эцсийн зорилго олон улсын төвшинд арилжаа хийдэг техник технологийн чадавхтай болох төдийгүй ме­неж­­­­мен­тийг нь сайжруулах явдал. Харин одоогоор ямар технологи оруулж ирэх талаарх мэдээлэл хомс байгаа юм. Салбарынхны хувьд Лондонгийн бирж өөрийн охин компани болох “Millenium IT” компанийн технологийг оруулж ирэх тухай яриа байгаа юм. Энэ нь Лондонгийн биржийн зарим арилжаанд болон Шри Ланкийн биржид л ашигладаг технологи аж. Олон улсын өөр биржүүдэд ашиглагддаггүй технологи гэнэ. Тус технологийг Монголд худалдах үнэ нь 13 орчим сая ам.доллар гэх. Хэрвээ манайд энэ технологийг нэвтрүүлбэл Монголын хөрөнгийн бирж зөвхөн Лондон болон Шри Ланкийн хөрөнгийн биржтэй сүлжээгээр холбогдоно. Өөр аль ч улсын биржтэй холбогдох аргагүй болно гэсэн үг аж. Ингэснээр Монголын үнэт цаасны арилжаанд оролцох сонирхол бүхий этгээдүүд Лондонгийн бирж рүү хандах ба англичуудын мастер төлөвлөгөө биеллээ олох юм. Өөрөөр хэлбэл, Лондонгийн бирж манайд монополь тогтооно гэсэн үг. Гэхдээ Монголын зүгээс тавьж байгаа шаардлага бол “дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гарах боломж нээж өгөх” гэж байгааг дурдах нь зүйтэй болов уу. Олон улсын хөрөнгийн биржүүдэд omex, euroneх гэсэн хоёр арилжааны том систем байдаг. Ийм системийг ашигладаг биржүүд хоорондоо сүлжээгээр холбогддог. Тухайлбал, Америкийн NASDAQ дэлхийн биржийн талыг дээрх системээр нэгтгэж чадаад байгаа юм.

Лондонгийн биржтэй хамгийн сүүлд хамтын ажиллагаатай болсон бирж бол Италийн Миланы бирж. Өнгөрсөн жил хундага тулган, найр тавин гэрээ байгуулж хамтарч ажиллах болсон. Милан аанай л манайх шиг олон улсын төвшинд хүрэх зорилгоор түүхт Лондончуудтай хамтарсан нь амжилтгүй болжээ. Өдгөө Миланы биржийнхэн Лондонгийн биржээс хамтын ажиллагаагаа хэрхэн цуцлах тухайгаа л бодож төлөвлөх болсон сурагтай.

Харин манайх орон зай, цаг хугацааны хол зөрүүтэй англичуудыг сонгох ямар шалтгаан байсан юм бол. Энэ бол ердөө Монголд ашиг сонирхол нэгдсэн хүмүүсийн хуйвалдаанаар шийдэгдсэн асуудал болохыг учир мэдэх хү­мүүс ярьдаг юм билээ.

Төрийн өмчийн хороо Монголын хөрөнгийн биржийг удирдах олон улсын чадварлаг багийг сонгон шалгаруулах тендерээс эхэлжээ. Тен­дерт хөрөнгийн зах зээл дээр нөлөө бүхий том биржүүд зузаан  хавтастай бизнес төлөвлөгөө­тэй саналаа ирүүлэхэд Лондонгийн бирж ердөө хоёрхон хуудас санал ирүүлсэн байгаа юм. Тэдний гаргасан саналд ямар ч бизнес төлөвлөгөө байгаагүй, хагас сар Монголд ажиллаж, жилийн 300-400 мянган ам.долларын цалинтай ажиллах нэг захирлыг л санал болгож байсан гэнэ лээ. Болж өгвөл Лондонг ялуулчих гээд байсан тендерийн үнэлгээний хороо арга буюу тендерийг хүчингүй болгосон юм байх. Ингээд дараагийн алхам буюу шууд гэрээ байгуулах зарчмаар ажиллах болж, үүгээрээ Лондонгийн биржтэй гарцаагүй байдлаар хамтарч ажиллах болсон мэт мэдээлэл цацаж байгаа юм.

Б.СҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих