Х.Ухна: Хамаг малаа хятадуудад өгчихөөд модоо барих вий
Зуны эхэн сарын шинийн 8-нд орсон цас говийн хатсан хөрсөнд багагүй чийг өгсөн бололтой.
Цасны ачаар Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дөрвөлж багийн нутагт нялх ногооны үнэр хамар цоргиж, таана хөмөл ургаад зуншлага эхэлжээ.
Морьтой малчин ховордсон цагт морь унаж хонио хариулж яваа малчинтай бэлчээрт уулзсан нь аймгийн аварга малчин Хэнзээгийн Ухна гуай юм. Түүнтэй цөөм хором хөөрөлдөв. Тэднийх Хар чулуу гэдэг газар зусаж байгаа аж.
-Зуншлага сайхан уу? Хонь хэр тогтож байна?
-Сайхан байна аа. Одоо л зуншлага эхлэх гэж байна.
-Морьтой малчин ховорджээ. Морь унасан малчин харагдахаар нь уулзъя гэж бодоод ирлээ?
-Би мотоцикл унаж чаддаггүй. Бас сонирхдоггүй юм. Залуу байхад аав ээж мотоцикл уна гэдэг байсан. Гэхдээ чадахгүй зүйлийг сурах гээд яахав. Насаараа морь унасан. Энэ жил 67 нас хүрч байна.
-Олон малтай юу?
-Хүүгийн манай хоёр нийлээд 1100 гаруй хоньтой. Хүүхдүүдийн зарим нь төв суурин газар ажилладаг. Би 16 насандаа сургуулиас гараад хонь маллаж эхэлсэн. Дунд нь гурван жилийн цэргийн алба хаасан.
-Малчдын амьдралд техникийн дэвшил хурдацтай нэвтэрч морь биш мотоцикл, машин хөлөглөн малаа хариулаад удаж байна. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Уг нь буруу юм гэж боддог. Мал хувьчлагдсан. Захиргаадалтын үе байхгүй болохоор тэгдэг юм уу. Малчид эрх чөлөөтэй, дураараа болжээ. Мотциклоос биш мориноос үргэдэг болж.
-Айл бүхний гадаа хонины морь уяатай байдагсан?
-Хонины морь мотоциклиор солигдоод удаж байна. Энэ хавьд надаас өөр морь унадаг хүн алга. Зүүн талд нэг өвгөн тэмээгээр хонь хариулж байгаа. Харин нутгийн хойд биеэр очвол морь унадаг хүмүүс цөөхөн ч гэсэн бий.
-Хөдөөгүүр малчин залуус олон байна уу?
-Залуучууд төв рүү л их явдаг болж. Бид захиргаадалтын үед мал маллаж байлаа. Нэгдлийн олон зуун малыг төлийн хорогдолгүй он давуулж малладаг. Хариуцлагатай ч байжээ. Одоо тийм биш болж. Та нарыг мал малладаг гэж хэлэхэд хэцүү л юм гэж би залууст хэлдэг.
-Зуны дунд сар гарчихлаа. Хүйтрээд салхилаад байдаг?
-Зуны цаг дууслаа даа. Цөлжилт явагдаад ийм болчихлоо гэж бодох. Уул уурхайг хөгжүүлж байгаа нэрийн дор хариуцлагагүй хандаж газар ухсанаас ийм боллоо.
-Шинэ ногоо шөнөдөө л ургадаг гэдэг?
-Шөнө дулаахан байвал ногоо ургахад сайн. Гэтэл өдөржин, шөнөжин салхилаад, хүйтрээд байна. Цаг агаарын эрс өөрчлөлт говь нутагт бий боллоо.
-Бэлчээр ус хангалттай байна уу?
-Манайх усгүй болоод энэ хавьд нүүж ирсэн. Хур ихтэй жил бол худгийн усны түвшин нэмэгддэг.
-Малын мах үнэд орж байна. Та бүхний амьдралд нэмэр болж байгаа байх?
-Эрх биш хэрэгтэй л байх. Мөнгө бол гар дээгүүр дамжаад хоол хүнс, хувцас хунар болоод дуусдаг. Мал бол өөр шүү дээ.
-Урд хөрш рүү амьдаар нь мал экспортлох талаар төрөөс бодлого баримталж байна. Та ямар бодолтой байна?
-Яваандаа хятадуудад малаа өгөөд дуусах юм байна гэж бодох. Мал аж ахуйгаа, уламжлалтай нь хамт хойч үедээ өвлүүлж байвал монгол хүнд хэрэгтэй байх. Мөнгө бол цаас. Малгүй байна гэдэг монгол хүнд эмгэнэл.
-Хонио хэзээ хяргах вэ?
-Тэнгэрийн байдлыг ажиглаж л сууна. Хүйтрээд салхи тавиад байгаа болохоор хэцүүхэн байна. Цаг агаар тогтоод ирвэл ойрноос хонио хяргана.
Таны насны хүн өдөржин хонь хариулахад ядардаг л байх ?
-Өглөө найман цагийн үед хонио хариулаад гарна. Өдөржин яваад орой ирэхэд ядарснаа мэддэг. Тэгээд хоол идээд унтана даа.
-Залуу малчдад захих хэлэх зүйлүүд байгаа даа?
-Малдаа хайртай байж, морь, тэмээгээ унаад малаа сайн маллаж байвал монгол малчны удам тасрахгүй. малтайгаа, газар нутагтайгаа л байхад монгол хүн амь зуугаад л байна.
-Улс оронд болж байгаа үйл явдлын мэдээллийг хэрхэн авч байна?
-Өглөө гараад орой ирдэг болохоор телевиз барагтай үзэхгүй. Хааяа радио сонсдог. Манайх усгүй болоод энд ирж буусан. Хүүхдүүд төв рүү оруулна л гэх юм. Би зөрөөд л байгаа. Уг нь эрүүл агаарт мал маллаж амьдрах шиг сайхан юм хаана байна. Хөл, гар өвдөөд эхэллээ гэвэл орох л байх. Одоохондоо энэ бие болж л байна.
-Мал маллахын жаргал юу вэ?
-Орчин үед малаа сайн малласан хүн сайхан амьдарч байна. Нэг үеэ бодоход малын мах, арьс, ноос, шир, сүү тос үнэд хүрчихлээ. Мал маллаж буй хүнээс л бүх зүйл шалтгаална.
Х.Эрдэнэбулган
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Махаа ядаж хагас боловсруулж гаргамаар юм.