SOS: Төрөлхийн тэмбүүтэй 49 нярай мэндэлсэнээс, 11 нярай нь нас баржээ

15598373185cf93a8695e70Хүн төрөлхтөн хөгжлийн дээд шатандаа тэмүүлж буй энэ үетэй зэрэгцэн дэлхий нийтийг хамарсан хэд, хэдэн аюул тулгараад буйн нэг нь бэлгийн замбараагүй хавьтлаас үүдэлтэй халдварт өвчнүүд.  Энэ аюул бидэнд ч ялгаагүй нүүрлээд байна.

Тодруулбал, 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар бэлгийн замын халдварт өвчний 5135 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 36.3 хувийг эзэлж байна. Хамгийн аймшигтай нь нийт 5135 тохиолдлын 37 хувь нь арьс, салст бүрхэвчээс эхлээд дотор эрхтэн, яс, мэдрэлийн тогтолцоо гээд хүний бие махбодыг бүхэлд нь “идэж”, цаашлаад ураг, үр удамд удамшин дамждаг тэмбүү өвчний тохиолдол аж.

2019 он гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүтэй 49 нярай мэндэлжээ. 

Тодруулбал, 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд тэмбүү өвчний 1922 тохиолдол бүртгэгджээ. Үүний дийлэнх нь буюу 992 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Тэмбүү өвчин анх 1400 гаруй оны үед Европ тивд бүртгэгдсэн бол Монгол Улс 1921 оноос  тэмбүү өвчинтэй тэмцсээр ирсэн ч өдгөөг хүртэл устгаж чадаагүй байгаа юм. Уг нь энэхүү өвчнийг эрүүл мэндийн салбарынхан эмчлэх, устгах бүрэн боломжтой гэдгийг хэлдэг ч хэнэггүй нь дэндсэн монголчууд эмч, эмнэлгийн байгууллагад хандахгүй явсаар хүндрүүлдэг байна.

-ТЭМБҮҮ ӨВЧИН ЭХЭЭС УРАГТ ХАЛДВАРЛАДАГ -

Тэмбүү өвчнийг тээгчид нь гол төлөв 20-30 насныхан юм байна. Нэг үгээр хэлбэл, хүн амын өсөлтөд хувь нэмрээ оруулах үеийнхэн эл өвчнөөр өвчилсөн байгаа нь зөвхөн халдвар тээгч ч бус халдварыг дамжуулагч, цаашлаад эхийн хэвлийгээс мэндлэх алаг үр нь төрөлхийн тэмбүүтэй мэндлэх шалтгаан болдог байна.

Арчаагүй, мэдлэг, мэдээлэлгүй, хэнэггүй эцэг, эхийнхээ гайгаар төрөхдөө л тэмбүүгийн бактери тээж ирсэн нялхсыг ямар эмгэнэлтэй ирээдүй угтах талаар бодохоос ч аймаар. 

 Тодруулбал, тэмбүү өвчин эхээс урагт халдварладаг бөгөөд он гарснаас хойш дөрөвхөн сарын хугацаанд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ.

-ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАР ХАНИАД ТОМУУ ШИГ АМЬСГАЛЫН ЗАМААР ХАЛДАХГҮЙ ЗӨВХӨН                                     БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖДАГ УЧИР ХУВЬ ХҮН ӨӨРӨӨ УРЬДЧИЛАН                                   СЭРГИЙЛЭХ БҮРЭН  БОЛОМЖТОЙ-

 Аюулын харанга дэлдээд зогсохгүй үүдэнд ирээд хаалга балбаж байгаа энэхүү бодит аюулаас өөрийгөө, гэр бүлээ, үндэс угсаа болсон үр хүүхдээ хэрхэн хамгаалах вэ.

 Бэлгийн замын халдварт тэмбүү өвчний тухай таны мэдвэл зохих зарим ойлголтууд

  • Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог/арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг/, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм.

        Халдвар хэрхэн дамждаг вэ? 

• Халдвартай хүнтэй хамгаалтгүй бэлгийн хавьталд орох үед

• Халдвартай жирэмсэн эхээс урагт

• Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина

Тэмбүү болон бусад БЗХӨ шинжилгээг хаана өгөх вэ?

  • Бүх аймаг, дүүргүүдэд бэлгийн замаар дамжих халдварын тусгай сайн дурын кабинетууд бий. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй, ажлын цагаар шинжилгээ авна.

         Илрэх шинж тэмдэг

• Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх (хатуу яр) гарна.

• Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа (ихэвчлэн цавины булчирхай) цочиж томорно. Анус орчимд өргөн суурьт кондилома гарсныг шамбарам өвчинтэй андуурах нь бий. Төмсөг тээрхийн орчим тунгалагийн судсаар баялаг хэсэгт хатуу яр гарч тунгалагийн судасны зогшингшил болсноос хатуу хаван үүснэ. Тэмтрэхэд ямар нэгэн зовиур байхгүй.

• Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайрах шинж илэрнэ.

• Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарна. Мөн дотор эрхтэн, мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээнэ.

АНХААР!!! Өвчний шинж тэмдэг зарим хүнд огт илрэхгүй байж болно.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих