С.Жавхлан ШИНЭ намд элсэхээ больсон уу?
УИХ-ын гишүүн С.Жавхлан 5 сарын 2-нд Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулж буй “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” Нам буюу ШИНЭ Намд гишүүнээр элсэж буйгаа зарласан билээ.
Энэ үеэрээ тэрээр : “УИХ-д бие даагч гишүүнээр ажиллах нь туйлын хэцүү. Өнгөрсөн хугацаанд иргэдээс УИХ-ын шударга гишүүнтэй нэгдэх хэрэгтэй гэсэн санал ирснийг удаан бодож, улс төрийн намуудыг судаллаа. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулах шинэ намд элсэн, хамтран ажиллахаар шийдсэн” хэмээж байв.
Үүний дараагаар тэрээр Л.Болд, Ж.Батзандан нартай хөдөө орон нутагт ажиллаж, ШИНЭ намыг үүсгэн байгуулах үйл ажиллагаанд оролцож эхэлсэн юм.
Гэсэн ч өдгөө тэдний дунд үл ойлголцол гарч, УИХ-ын гишүүн С.Жавхлан ШИНЭ Намд элсэх эсэх нь ихээхэн эргэлзээтэй болсон тухай эх сурвалжууд өгүүлж байна.Учир нь тэд анхандаа ШИНЭ нам гурван даргатай байна, тэр гурав нь Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нар байна гэж ярилцсан ч тохиролцоондоо хүрэлгүй С.Жавхланг “гомдоочихсон” бололтой.
ШИНЭ намын анхдугаар их хурал 6 сарын 6-нд Төрийн Ордонд болж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилсон. Мөн тус намын Төв зөвлөлийн хурал 6 сарын 7-нд болж удирдлагын бүтцээ тодорхойлж, Төв зөвлөлийн дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг томилсон байна.
Тодруулбал Намын Төв зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг батламжлахын зэрэгцээ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Мөнхжаргалыг гишүүд 100 хувийн саналаар сонголоо.
Мөн улс төрийн бодлогын асуудал хариуцсан дэд даргаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх, Монголын Ногоон Намын дарга асан Э.Зоригт, бодлогын сургалт, судалгаа хариуцсан дэд даргаар удирдахуйн ухааны доктор Н.Болд, эмэгтэйчүүд, нийгмийн асуудал хариуцсан дэд даргаар хуульч Д.Мөнхцэцэг, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн асуудал хариуцсан дэд даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Д.Жаргалсайхан, нийслэл, санхүү хариуцсан дэд даргаар Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан, эдийн засагч Д.Батмөнх, намын байгуулалт хариуцсан дэд даргаар Ж.Батзандангийн туслах, эрхзүйч Г.Аюулгүй нарыг намын даргын санал болгосноор Төв зөвлөлөөс тус тус томилохын зэрэгцээ Ерөнхий зөвлөлийн гишүүдээ санал хурааж сонгосон байна.
Хачирхалтай нь дээрх хоёр намынхаа хуралд УИХ-ын гишүүн С.Жавхлан огт оролцоогүй бөгөөд тэр бүү хэл намынхаа үйл ажиллагаанд оролцоочээ гэсэн Ж.Батзандан, Л.Болд нарын хүсэлтийг, утасны дуудлагыг нь ч авахгүй байгаа тухай эх сурвалж өгүүлж буй юм.
sonin.mn
URL: