Ерөнхий сайд аа! “Хамар дор чинь” бизнес хийгээд байна уу, хамсаатан болчихов уу!

41d001c2e715a0c4554b2231db8ff832_bГааль, татварын дэд дарга асан О.Даваасүрэнгийн компани бог малыг амьдаар экспортлох монополь эрхтэй юу!

Төрийн ордны нэгэн өрөөнд урт хүрэн ширээний хоёр талд гурав гурваараа өөд өөдөөсөө харж суугаад ноцтой сэдвээр намдуухан маргах аж. Нэг талд ҮАБЗ-ийн төлөөлөл, нөгөө талд Засгийн газрын гурван гишүүн байсан гэж бүдэг мэдээлэх нь зүйтэй байх. Ярианы сэдэв “Замын-Үүд, Эрээн хотын боомтыг түшиглэн хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай байв. Замын-Үүдийн боомтыг хөгжүүлэх тухай яриа гучаад жил үргэлжилсэн ч хөгжсөнгүй. Харин “Хүн” биш “Хонь” хөгжүүлэх учиртайг ухаараагүй явсан бололтой.

Дээрх ярианы дараахан 2019 оны зургаадугаар сарын 3-4-нд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан БНХАУ-д айлчилж хонь, ямааг амьдаар экспортлох талаар зөвшилцөөд ирсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр “Энэ одоо яригдаж байгаа асуудал биш. 2017 оноос эхлээд шийдвэр гараад, хоёр улс хоорондоо гэрээ хэлэлцээр хийгээд тохирсон асуудал. Гэхдээ саяын айлчлалаар энэ асуудлыг яриагүй. Ер нь хонь, ямаа амьдраар нь гаргах талаар шийдэх ёстой асуудлууд бий. Хоёр жилийн өмнөөс эхэлж яриад, бэлтгэлийг нь хангаад, бүтээн байгуулалтыг нь хийгээд төсөл нь сүүлийнхээ шат руу орж байна. Одоо мал эмнэлэг хорио цээрийн тохиролцоог нь хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагууд  нь ажиллаж байна” гэжээ. Түүний ярианд итгэж ч, эргэлзэж ч болох. Саяын айлчлалаар энэ асуудлыг яриагүй гэдэгт эргэлзэж, хонь, ямаа экспортлох бэлтгэлээ хангаж бүтээн байгуулалтыг нь хийж байна гэдэгт итгэж байна.

Замын-Үүдээр амьдаар мал гаргахгүй гэх шийдвэр 2016 оны арваннэгдүгээр сард гарч, тэр үеийн Шадар сайд, одоогийн Ерөнхий сайд маань зөвтгөлийн “од” болж байв. Ерөнхийлөгч ч “Малыг амьдаар экспортлох нь Монгол төрийн бодлого биш байсаар ирсэн” хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлж байсныг олон нийт санаж байгаа байх. Гэтэл хоёр жилийн дараа 2018 оны аравдугаар сарын 16-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж буй “Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс” байгуулах бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцах үеэрээ “Зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог малыг татан төвлөрүүлж, 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, зориулалт бүхий тэжээлээр тэжээж уурагжуулан нэмүү өртөг шингээн амьдаар экспортод гаргах юм. Тус тусгаарлагдсан бүс нь бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр 160 гаруй ажлын байр шинээр бий болж, хоногт 180 мянган бог мал тэжээж, өдөрт 5000 орчмыг экспортод гаргах боломжтой болно гэж ярьж байв.

Товчхондоо Ерөнхий сайд, ХХАА-н сайд нар хонь, ямаагаа амьдаар экспортлох шийдвэрийг гаргасны цаана харамсалтай нь энэ бизнест ямар нэг байдлаар хамааралтай байдаг нь энэ сэдвийг хөндөхөд хүргэлээ.

Ч.Улаан гишүүний хувьд өөрийнх нь хэлсэнчлэн “2017 оноос эхлээд шийдвэр гараад, хоёр улс хоорондоо гэрээ хэлэлцээр хийгээд тохирсон”-ы дагуу ч гэх үү 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр Ч.Улааны эхнэрийн дүү Оросоогийн Даваасүрэнгийн нэр дээр “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” гэдэг компани байгуулагджээ. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Huang Min гэдэг БНХАУ-ын иргэн бүртгэгдсэн байдаг. Үйл ажиллагааны чиглэлийн хамгийн түрүүнд мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр бичигдсэн байх юм.

Энэ үйлдвэр Замын-Үүдээс Улаанбаатар руу явдаг замын дагуу хааш хаашаа 3км x 3 км хэмжээтэй цэлийсэн том, “мал каринтилах хашаа”-нд үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон. Гурван тэрбум төгрөгөөр хэмжигдэх бүтээн байуулалтыг шингээсэн энэхашаан дотор арваад том байшин бий. Энэ бүхнийг байгуулах шийдвэр, зөвшөөрөл нь 2017 оны арваннэгдүгээр сард гаргасан Малын хорио цээрийн бүс тогтоох тухай тогтоол гарсан тэр үе буюу Б.Батзориг сайдын үед хамаарна. Харин эдгээр үйлдвэртэй Туул гэдэг эмэгтэй хамгийн нарийн холбогдсон боловч төр, засгийн шийдвэр гаргуулах нөлөө бүхий тэр нууцлаг хатагтайн талаар эргэн мэдээлэх болно. Ямартай ч “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” компанийг судлахад мөр гарч таарна. Тус компанийн эзэмшилд байдаг, өдөрт 15 мянган хонь нядлах хоёр үйлдвэр Эрээнд ашиглалтад орж байгаа аж. Амьд хонь нядлах ажилдаа нэг тэрбум юань зарцуулна гэж тус компани дахь эх сурвалж ярьж байсан. “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК нь нэг удаад 800 хонь ачдаг зургаан машинтай, Эрээнд мах боловсруулах хоёр үйлдвэр, асар том оффистой аж. Хатуу чанд хамгаалалттай тул тус компанийн оффис, тэжээлийн агуулахын зургийг алсаас авсан нь энэ.

ХХАА-н сайд Ч.Улаан айлчлалаас ирмэгц “600 мянган хонь амьдаар экспортлох” тухай телевизээр ярьж байна билээ. Харин Замын-Үүдийн каринтилах хашаанд жилд 3.5 сая хонь хүлээн авах хүчин чадалтай. Тус компанийн хятадууд энэ жил нийт таван сая хонь, ямаа гаргах зорилготой гэж байгаа. Түүний хэлснээр махны үнэ буурна аа. Мах экспортлогчид бүгдээрээ нийт зарах махныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг заавал нийслэлд, тэр тусмаа хүчээр тогтоосон үнээр нь зарах “шантаажинд” орж байж үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон юм чинь. Хүчээр тогтоосон үнэ гэдэг нь нэг килограмм хонины мах 6000 төгрөг. Түүнийгээ зөвхөн нэр бүхий дөрвөн том сүлжээ дэлгүүрээр худалдаалах ёстой. Хонийг амьдаар нь экспортлох бизнест нь их хэмжээгээр буюу 200 мянгаас дээш тооны мал нийлүүлбэл урамшуулалтай гэж байгаа. Замын-Үүдээр амьд мал гаргах тэдний бизнес одоогоор зогсонги байдалд байна. Учир нь малчид малаа Улаанбаатарт авчирч зараад сурчихаж, одоо худалдаж байгаа үнэ тариф нь урагшаа зөөснөөс өндөр.Үүнээс болж асар их хөрөнгө зарцуулсан Хятадын хөрөнгө оруулагчид боож үхэх нь холгүй байгаа аж. Тиймээс “Төр” экспортын бодлогоо чангалж үйлдвэрүүдийг Замын-Үүд дэх үйлдвэрт хонио нийлүүлэхээс өөр гарцгүй байдал руу шахаж эхэллээ” гэж мах экспортлогчид бухимдаж байна. Гэтэл “Төр” гэж хэн бэ? Одоо харагдаж байгаагаар бол энэ шийдвэрийг Ерөнхий сайд, ХХАА-н сайд гаргасан. Харамсалтай нь тэд махны экспортод хамааралтай болж таараад байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэлж хийж “2016 оны 12 дугаар сарын 13-нд өөрийн төрсөн дүү У.Давхарбаярын нэр дээр “Жаргалант мах импекс” компаниар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөг авсан. Мөн 2017 оны 2 дугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг тус тус авсныг би олж тогтоолоо” гэсэн. Түүний хэлсэн үнэн байж У.Давхарбаярын нэр холбогдолтой “Жаргалант трейд”, “Жаргалант трейд групп” ХХК, “Уул уурхайн тээвэр эрхлэгчдийн холбоо” НҮТББ, “Тэнгэр суудал” ХХК,“ТДЛЕД” компаниудын тухай өмнөх нийтлэлд дурьдсан. Харин ЖДҮХС-аас зээл авсан гэгдэх “Жаргалант мах импекс” ХХК-ийг 2019 оны тавдугаар сарын 17-нд буюу зургаа хоногийн өмнө Жаргалын Анхбаяр гэдэг хүний нэр дээр болгож өөрчилсөн байдаг. Дээрх нийтлэлээс хойшхи бүртгэлийг харахад ч “У.Давхарбаяр” гэдэг нэрийг хасчээ. Лав “Жаргалант мах импекс” ХХК-ийг иргэн Ж.Анхбаяр гэдэг эмэгтэй худалдаж авсан байдаг. Хэдийгээр У.Давхарбаяр компаниасаа нэрээ “сугалсан” ч бизнесээсээ “сугалсан” эсэх нь эргэлзээтэй. Тэр тусмаа ийм ашигтай үед, дээрх компанитай сэжүүр илэрвэл гайхах юмгүй.

Ч.Улаан Монголын төрд дөрвөн удаа Сангийн сайдаар, нэг удаа Шадар сайдаар, яг одоо ХХАА-н сайдаар ажиллаж байна. Түүний эхнэр Оросоогийн Цэеэнбадамын “Сүвэн уул” ХХК таван жилийн өмнө баахан тендер авсан баримт хэвлэлд нийтлэгдэж байв. Тухайн үед буюу Ч.Улаан “Манай гэр бүлийн нэр хүндэд халдлаа. Гэрчтэй, протоколтой, эзэн хаягтай үйл ажиллагаа. Зохион байгуулалттайгаар нам дотроос эхэлсэн шүү” гэж мэдэгдсэн юм. Үнэхээр ч одоогоор “Сүвэн уул” ХХК-ийн бүртгэлд түүний эхнэрийн нэр байхгүй. Харин О.Цэеэнбадамын дүү О.Лхагвацэдэн БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаа нь үнэн. Тэрбээр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх, лагийг дахин боловсруулах, үнэргүйжүүлэх ажилд тодорхой үүрэг гүйцэтгэж яваа ажил хэрэгч бүсгүй. Энэ ажлын төсөв 300 сая ам.доллараар төсөвлөгдсөн байдаг. Мөн Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр таван аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд 17.5 сая евро, тэдгээрээс гадна есөн аймгийн цэвэрлэх байгууламжид 40 сая ам.доллар, лагийг үнэргүйжүүлэхэд 35 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 2018 онд 10 тэрбум төгрөгийг зарцуулах зэрэг том ажлыг удирдаж яваа. Харин “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-ийн захирал О.Даваасүрэн нь өмнө нь Гааль, татварын ерөнхий газарт Татвар хариуцсан Дэд дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Түүнд “хөнгөнцагаан” хоч зүүж бичсэн нийтлэлүүд “устагдсан” байхыг бодоход ашгүй худал байсан юм болов уу даа. Харин одоо түүнийг “манай гэр бүлийн нэр хүндэд халдлаа, нам дотроос зохион байгууллаа” гэж Ч.Улаан сайд мэлзэх болов уу. Уг нь түүнийг “Ах нь ХХАА-н сайдаар ажиллаж байгаа учраас…” гээд дүүгийнхээ бизнест “зарчимч саад” хийхээр зарчимч сайд гэж хардаг байлаа.

Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны танхимын сайд эрх ашгийн зөрчил үүсгэчих шиг боллоо. Хамааралтай биш бол “хамар дор чинь” бизнес хөөхийг таслан зогсооно гэж найдаж байна.

Оргилмаа

Эх сурвалж: baabar.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих